ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ АЛБА


МУБИС-ийн шинэчлэл, бүтцийн өөрчлөлтийн үр дүнд МУБИС-ийн Эрдэм шинжилгээний алба 2014 оны 08 дугаар сарын 18-нд байгуулагджээ.  Эрдэм шинжилгээний албаны даргаар доктор Я.Шийлэгмаа,  эрдэм шинжилгээ хариуцсан мэргэжилтэн Ж.Дуламсүрэн, хөтөлбөр хариуцсан мэргэжилтэн Д.Наранжаргал нар томилогдон ажиллаж байна.

         Тус алба нь эрдэм шинжилгээ, судалгааны ажлын нэгдсэн бодлого боловсруулж, багш, оюутны эрдэм шинжилгээний ажлын үр өгөөжийг дээшлүүлэх, эрдмийн бүтээл туурвих ажлыг дэмжих, эрдмийн цолтой багш, ажилтны хувийг нэмэгдүүлэх, дотоод, гадаадын хамтын ажиллагаа харилцаа холбоог өргөжүүлэх хүрээлэн, номын сан, төвүүдийн эрдэм шинжилгээ, судалгааны ажлын уялдааг сайжруулах, антрепренёршип боловсрол болон судалгааны шинэ чиглэлийг хөгжүүлэх зэрэг ажлыг  аргазүйн нэгдсэн удирдлага, зохицуулалтаар ханган ажиллаж байна.

Түүнчлэн шинэ мэдлэгийг бий болгох, эрдэм шинжилгээ, судалгаа, инновацийн төсөл хэрэгжүүлэх, судалгааны ажлын үр дүнг үйлдвэрлэлд нэвтрүүлэх, бүрэлдэхүүн сургуулиудад хэрэгжүүлэх, бакалавр, магистрант, докторантуудын мэргэжлийн хичээлийн сургалтыг тэдний судалгааны ажилтай уялдуулах, практикт дэвшигдэж буй тулгамдсан асуудалд судалгааны ажлыг чиглүүлэх, үүднээс суралцагсдын дунд жил бүр эрдэм шинжилгээний бага хурал, магистрант, докторантуудын их семинар, хэлэлцүүлэг явуулах ажлыг төлөвлөн, зохион байгуулж байна.

              Шинжлэх ухааны тэргүүлэх чиглэл, судалгааны үндсэн чиглэлийн хүрээнд нийгмийн эрэлт хэрэгцээтэй уялдуулан бакалавр, магистр, докторын дипломын ажлыг удирдах профессор багш, судлаачдын сэдэв, чиглэлийн мэдээллийн санг цаг тухайд нь шинэчлэн мөрдөж байна. Эрдэм шинжилгээний сэтгүүлүүдийн чанарыг дээшлүүлэх үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлж ажиллахын зэрэгцээ сэтгүүлд олон улсын эрхтэй болгож, нэгдсэн стандарттай болгох ажлыг зохион байгуулж ирлээ.

МУБИС-ийн бүрэлдэхүүн сургууль дахь эрдмийн зэрэг, цолтой багш нарын тоо нэмэгдэж, эрдэмжилтийн түвшин дээшилсээр байна. МУБИС-д 100 хувь эрдмийн зэрэг цолтой тэнхимүүд үйл ажиллагаа явуулж байгаа нь бахдууштай.  1990 онд профессор багш нарын 20 гаруй хувь нь эрдмийн зэрэг цолтой байсан бол 2016 онд 40 % нь эрдмийн зэрэг, цолтой болжээ.

Цаашид судалгаа, шинжилгээний ажлын чанарыг олон улсын түвшинд хүргэхийн тулд бид гадаад харилцаагаа өргөжүүлж, гадаадын их сургууль, судалгааны хүрээлэнгүүдтэй хамтарсан судалгаа, төсөл, хөтөлбөр хэрэгжүүлж,  эрдэм шинжилгээний бүтээл туурвих, хурал семинар зохион байгуулах зэргээр үйл ажиллагааг улам өргөжүүлэн ажиллаж байна.  

Холбоо барих утас: 321902

И-мэйл: research@msue.edu.mn