МУБИС-ИЙН АХМАДЫН ХОРОО


Монгол Улсын Ахмад настны нийгмийн хамгааллын тухай хуулийн 8, 9 дүгээр зүйл, МУБИС-ийн дүрмийн 4.4.1, МУБИС-ийн бүрэлдэхүүн сургуулиудын Ахмадын зөвлөлийн төлөлөгчдийн 2015 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн хурлын шийдвэрийг үндэслэн МУБИС-ийн захирлын 2015 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн Б/22 тоот тушаалаар МУБИС-ийн Ахмадын хороог байгуулж, ахмадын хорооны даргаар шинжлэх ухааны доктор (Sc.D) профессор С.Жамцыг томилон ажиллуулж байна.

МУБИС-ийн захиргаа, МУБИС-ийн Ахмадын хороо хамтран МУБИС-ийнхаа Ахмад багш, ажилтнуудын “Анхдугаар зөвлөлгөөн”-ийг 2015 оны 4-р сарын 1-ны өдөр МУБИС-ийн хичээлийн төв байранд зохион байгуулж ахмад багш, ажилтнуудынхаа эрүүл насжилт, нийгмийн идэвхтэй амьдрал, оюуны чадавхийг дэмжих, ахмадуудаа халамжлах, тэдэнд туслах, үйлчлэх, тэднийг алдаршуулахад онцгойлон анхаарч ажиллах зорилго бүхий ажил хэргийн уулзалт, хэлэлцүүлэг арга хэмжээг зохион байгуулж байна.

Анхдугаар зөвлөлгөөнд үе үеийн ахмад багш, ажилтнууд маань өргөнөөр хүрэлцэн ирж идэвхтэй оролцлоо. Зөвлөлгөөнд МУБИС-ийн удирдлагууд бүрэн бүрэлдэхүүнээрээ ирж оролцон өнөөдрийн МУБИС-ийн зохион байгуулалт, сургалт, үйлдвэрлэл, судалгаа, арга зүй, санхүү, эдийн засгийн шинэчлэлийн талаарх дэлгэрэнгүй мэдээлэлийг ахмадууддаа өгсөн юм. Анх удаа ахмад багш, ажилтнууд маань ийнхүү өргөнөөр цугларч уулзан зөвлөлдсөн нь тэднийг баярлуулж, цаашид хийж бүтээн идэвхтэй амьдрах сайхан урам хайрласан арга хэмжээ боллоо хэмээн талархаж байгаагаа илэрхийлж байсан юм. Ингээд өнөөдрийн түүхийг бидэнд хүлээлгэн өгсөн үе үеийн ахмад эрдэмтэн багш, ажилтан, ажилчиддаа эрүүл энх, хамгийн сайн сайхныг хүсэн ерөөе.