Багшийн ажлын үнэлгээ


МУБИС-ийн багшийн ажлыг хэрхэн үнэлэх талаар Багшийн ажиллах журмын 4 -р зүйлд тодорхой зааж өгсөн.      

 Профессор, багш нарын ажлын кредит нь сургалтын (A ), эрдэм шинжилгээ (B), бүтээлч ажлын, сургууль, олон нийтийн үйлчилгээний (C) гэсэн гурван хэсгээс бүрдэх бөгөөд профессор, багшийн албан тушаалаас үл хамаарч хичээлийн жилд нийтдээ бакалаврын болон магистрантур, докторантурын өдөр, орой, эчнээ сургалт, төгсөлтийн ажил удирдах, зөвлөх, шүүмжлэх, дадлага удирдах, эрдэм шинжилгээ, бүтээлч ажил гүйцэтгэх зэргийг ачаалалд оруулж тооцсон 23 кредит байна.  

Улирлын төгсгөлд багш нарын сургалтын ажлын гүйцэтгэлийг тэнхимийн эрхлэгч, профессорын багийн ахлагч тооцож, бүрэлдэхүүний сургуулийн хөтөлбөрийн албаны дарга хянана. Эрдэм шинжилгээний болон бүтээлч ажлын гүйцэтгэлийг тэнхимийн эрхлэгч, багийн ахлагч, төслийн удирдагч хамтран үнэлнэ. Багш нарын жилийн нийт ажлын (А, В, С) гүйцэтгэлийг захирал хянаж баталгаажуулна.

Багш нарын ажлын гүйцэтгэлд Чанарын баталгаажуулал, мониторингийн алба хяналт тавьж, гарсан үр дүнг МУБИС-ийн захирлын зөвлөлөөр хэлэлцүүлэн дүгнэлт гаргуулж, шаардлагатай арга хэмжээг авч ажиллана.

Багш нь А,В,С хэсгийн тус бүрийн нормыг биелүүлнэ. А-д илүү кредитийн хөлс олгоно. А хэсгээс В-д шилжүүлэн тооцож болно. В хэсгээс А-д цаг шилжүүлэн илүү цаг гаргахыг зөвшөөрөхгүй ба В, С-ийн илүү кредитэд хөлс олгохгүй. А,В,С-ийн аль нэг нь 2-оос дээш удаа дутуу гүйцэтгэсэн тохиолдолд багшийг тухайн албан тушаалын зэрэглэлд тавих шаардлагыг хангаж чадахгүй байна гэж үзэх ба журмын холбогдох заалтын үндэслэн шийдвэрлэнэ.

Багшийн ажлыг үнэлж дүгнэх зарчим

  • —Багшийн ажлын үнэлгээг ажлын байр, албан тушаалын зэрэглэлд ажиллах гэрээний хугацаанд хийнэ
  • —Багшийн ажлын үнэлгээ нь багшийн албан тушаалын зэрэглэл тогтоох, хөдөлмөрийн гэрээг сунгах, цалин нэмэх, шагнал урамшуулалд дэвшүүлэх, зэрэгт гол үндэслэл болно.
  • —Багшийн ажлыг бүрэлдэхүүний сургууль, мэргэжлийн тэнхим, профессорын баг үнэлнэ
  • —Үнэлгээний үр дүн нь багшийг ажиллуулах, хөгжүүлэх, цаашид хөдөлмөрийн гэрээ байгуулах, цалинжуулах үндэслэл болно
  • —Багш нь өөрийн хийж гүйцэтгэсэн үндсэн ажлыг үнэн зөв үнэлүүлэх үүднээс дэлгэрэнгүй тайлан бичиж, нотлох баримтуудыг хавсаргасан байна.
  • — Багшийн ажлыг холбогдох албан тушаалтнууд үнэлэхдээ тайланд хавсаргасан материалд үндэслэнэ.
  • — МУБИС-ийн Чанарын баталгаажуулал, мониторингийн албанаас хоёр жилд нэг удаа тухайн багшийн ахиц, дэвшил болон багшид тавих шаардлагыг хангаж байгаа эсэхийг оюутан, багш, ажилтан, удирдах ажилтан, бусад сонирхлын бүлгийн оролцоотойгоор үнэлж дүгнэлт гаргана.
  • —Багшийн заасан хичээлээр оюутнаас сэтгэл ханамжийн судалгааг улирал бүр авна
  • Багшийн ажлын гүйцэтгэлийн үнэлгээг 1-4 оноо буюу 1-100 % -р тооцно.
  • МУБИС-ийн захиргаа, Эрдэм шинжилгээний болон Хөтөлбөрийн нэгдсэн алба хамтран нийт багшийн  чансааны дүнг жил бүрийн 9 дүгээр сарын 10-ны дотор нэгтгэн гаргана.  Чансааны дүнг харгалзан багшийн албан тушаалын зэрэглэл ахиулах, хөдөлмөрийн гэрээ сунгах, цуцлах, ололттой ба цаашид анхаарвал зохих асуудлуудын талаар нэгдсэн дүгнэлт гаргаж захирлын  зөвлөлөөр хэлэлцүүлж шийдвэр гаргуулна.
  • Дадлагажих хугацаанд багш ,ажилтан нь хангалттай үнэлгээ авч чадаагүй бол бүрэлдэхүүний сургуулийн захиргааны болон захирлын зөвлөлөөс багшаар ажиллах гэрээг цуцална.