ОЮУТНЫ СУРАЛЦАХ ҮЙЛ АЖИЛЛАГАА.


Нийтлэг анхаарах зүйлс юу байж болох вэ?

  • Элсэгчид зохих журмын дагуу бүртгүүлснээр өөрийн оюутны кодыг авах ба уг кодоо ашиглан өөрийн ВЭБ /student.surgalt.mn/-д нэвтрэх үед “Суралцах гэрээ” хэвлэх эсэх талаар асууна. Оюутан энэ гэрээг хэвлэн авч сайтар уншиж танилцан, зөвшөөрсөн талаар гарын үсэг зурж баталгаажуулан Оюутанд үйлчлэх албаны мэргэжилтэнд өгнө. Үүгээр МУБИС болон таны хоорондох санхүүгийн харьцаа үүснэ.
  • Оюутнууд өөрт зохиомлоор хүндрэл бий болгохгүйн тулд “МУБИС-ийн Оюутны журам”-тай сайтар танилцаж, ойлгоогүй зүйлээ зөвлөх багш болон Хөтөлбөрийн албаны мэргэжилтнээс асууж тодруулах хэрэгтэй.
  • Хичээл тухайн хичээлийн жилийн 8-р сарын 3 дахь 7 хоногийн Даваа гаригт эхэлнэ. Төлбөр төлөөгүй оюутны ВЭБ нээгдэхгүй. Төлбөрөө төлж, “сонголт-2” хийж баталгаажуулсан оюутнууд өөрийн зохиосон хуваарийн дагуу хичээлдээ сууна. Хичээлд сууж эхлэхэд хуваарьтай болон сонгосон багштай холбоотой асуудал үүсвэл даруй өөрийн харьяа сургуулийн хөтөлбөрийн албаны мэргэжилтэнд хандана.
  • Тухайн хичээл нь лекц, семинар, лаборатори, практик (бие даалт) гэсэн бүтэцтэй байна. Өөрөөр хэлбэл: дээрх дарааллын дагуу  0:0:0:0:(0) гэсэн хэлбэртэй бичигдэнэ. Үүнийг зөв ойлгох нь  “Хичээл сонголт-2” хийхэд чухал нөлөөтэй. Тухайн хичээлийн долоо хоногт орох  лекцийн 1 цаг нь 1 кредит, семинар болон лаборатори практикийн 2 цаг нь тус бүр 1 кредит гэж тооцно.

Жишээ нь:  1:2:0:0 байвал  долоо хоногт лекц 1 цаг, семинар 2 цаг орох буюу 2 кредитийн хичээл гэж ойлгоно. Хэрэв  0:2:0:4 гэж байвал лекц байхгүй, семинар 2 цаг, практик 4 цаг орох буюу   3 кредитийн хичээл гэж ойлгоно. 

  • Хичээл долоо хоногийн 5 өдөр буюу Даваагаас Баасан гаригт 1 хос цаг (90 минут)-аар хичээллэнэ. Хичээлийн цагууд дараах хуваарийн дагуу байх ба оюутан өөрийн сонголтоор тухайн өдрийн цагаа тохируулна.

Цагууд

Тайлбар

1

840-1010

 

2

1020-1150

 

3

1200-1330

ИХ ЗАВСАРЛАГА

4

1400-1530

 

5

1540-1710

 

6

1720-1850

 

7

1900-2030

 

 

Жилийн төлбөрийн хэмжээ хэд байх вэ?

Оюутан тус бүрийн төлбөрийн хэмжээ  адилхан байх албагүй. Учир нь тухайн 1 оюутны төлбөр тухайн оюутны сонгосон хичээлийн нийт кредитээс хамаарах бөгөөд тухайн хичээлд зарцуулах зардлаас хамаарч хичээл бүрийн 1 кредитийн төлбөр өөр өөр байна. Оюутныг хичээл сонгох үед хичээл бүрийн ард 1 кредитийн үнэлгээ тавигдсан байна. Оюутны үндсэн төлбөр нь сургалтын төлбөр байх ба бусад төлбөр хураамж төлөхгүй.

Улиралд хэдэн кредитийн хичээл сонгож болох вэ?

Оюутан нэг улиралд доод тал нь 10 кредит, дээд тал нь 21 кредитийн хичээл сонгон судалж болно.

Өөр ямар нэг нэмэлт төлбөр төлөхгүй юу?

Оюутан хичээлдээ хангалтгүй дүн үзүүлсэн буюу дүнгээ ахиулах зорилгоор дахин судлах тохиолдолд зохих төлбөр гарна. Мөн тогтоосон хугацаанд цахимаар сонголтоо хийгээгүйгээс болж Хөтөлбөрийн албанд хандаж хичээл сонголт хийлгэх тохиолдолд үйлчилгээний төлбөр төлнө.

  • Өвлийн болон хаврын улиралд шинээр судлах хичээлийн захиалгыг өмнөх улирал дуусахаас 2 долоо хоногийн өмнө, үнэлгээгээ ахиулах бол дахин судлах хүсэлтээ улирлын дүн гарсны дараах 7 хоногт багтаан бүрэлдэхүүний сургуулийн хөтөлбөрийн албанд ирүүлнэ.
  • Хичээл дахин судлах тохиолдолд 40-өөс доош  оноотой хангалтгүй дүн авсан оюутан тухайн хичээлийн кредитийн төлбөрийг бүрэн төлж тухайн хичээлийг судалж буй аль нэг группт хамрагдаж дахин судална. Харин 40-өөс дээш оноотой боловч хангалтгүй дүн авсан, 61-ээс дээш оноогоор тэнцсэн боловч дүнгээ ахиулах хүсэлтэй оюутнууд тухайн хичээлийн кредитийн төлбөрийн 30 хувийг төлж 2 долоо хоногт судлан дүнгээ гаргуулна. Энэ талаар тусгай журам бий.
  • Оюутан улирлын эцэст өөрийн ВЭБ рүү нэвтэрч дүнгээ харахын тулд тухайн хичээлийн “дүн үзэх” хэсэгт дарж гарч ирэх тухайн хичээлийг заасан багшийн талаарх “Сэтгэл ханамжийн судалгаа”-г бөглөснөөр дүн гарч ирнэ.
  • Тухайн улирлын хичээл эхлээд 4 долоо хоног өнгөрөхөд сонгосон хичээлдээ  суугаагүй бол тухайн хичээлийн кредитийн төлбөрийн 75 хувийг дараагийн улирлын төлбөрт шилжүүлэн тооцно. 5 долоо хоног өнгөрсөн бол тухайн хичээлийн кредитийн төлбөрийг дараагийн улиралд шилжүүлэн тооцохгүй ба буцаан олгохгүй.
  • Оюутны сурлагын чанарыг улирал бүрийн эцсийн болон нийт суралцсан хугацааны голч дүн / голч оноо/-гээр тодорхойлно. Голч дүн гэдэг нь хичээл бүрт оюутны авсан оноог кредитээр нь үржүүлж хооронд нь нэмээд нийт  кредитийн нийлбэрт хуваасан дундаж юм.

Хувьчилсан оноо, үсгээр илтгэсэн дүн, тоогоор илтгэсэн голч дүнгийн хоорондын холбоо дараах хамааралтай байна. Үүнд:

Хувьчилсан оноо

Үсгээр илтгэсэн дүн

Тоогоор илтгэсэн голч дүн

98-100

A+

4.3

94-97

A

4.0

91-93

A-

3.7

88-90

B+

3.3

84-87

B

3.0

81-83

B-

2.7

78-80

C+

2.3

74-77

C

2.0

71-73

C-

1.7

68-70

D+

1.3

64-67

D

1.0

61-63

D-

0.7

30-60

F

0

0-29 W голч тооцохгүй

W голч тооцохгүй

W голч тооцохгүй

 
  • Тухайн улирлын сургалтын төлбөрөө төлөөгүй оюутны нэр хичээл заасан багшийн ВЭБ дээр гарч ирэхгүй тул дүнг мэдээллийн санд оруулах боломжгүй. Төлбөрөө бүрэн төлсний дараа дүнгээ өөрийн ВЭБ-д оруулах, төлбөрийн дутуугаас болж хийж амжаагүй хичээл сонголтоо нөхөж хийлгэхийн тулд бүрэлдэхүүний сургуулийнхаа хөтөлбөрийн албаны мэргэжилтэнд хандах бөгөөд үүнд  нэмэлт үйлчилгээний төлбөр төлнө.
  • Сургалтын нэгдсэн хуанлид заасан "Хичээл сонголт-2" хийгдсэнээс хойш шилжүүлэн суралцуулахгүй.

    Чөлөөг хэрхэн авах вэ?

  • Оюутан нь хүндэтгэн үзэх шалтгааны улмаас чөлөө авч болно. 1-2 цагийн чөлөөг тухайн хичээл зааж буй багшид, 1-3 хоногийн чөлөөг тэнхимийн эрхлэгчид, онцгой тохиолдолд 4-30 хоногийн чөлөөг хөтөлбөрийн албаны даргад бичгээр хүсэлт гаргаж шийдвэрлүүлнэ.
  • Хэрэв 1-2 улирлын чөлөө хүсэх бол бүрэлдэхүүний сургуулийн хөтөлбөрийн албаны дарга шийдвэрлэж, тухайн сургуулийн захирлын тушаалаар баталгаажуулна. Чөлөөний хүсэлтийг баталгаажуулаагүй тохиолдолд хичээл тасалсанд тооцно.
  • Жилийн чөлөө авсан оюутны төрийн сангийн зээл, буцалтгүй тусламж, үндэсний тэтгэлгийг түр хугацаагаар зогсоож, холбогдох материалыг төрийн санд хүргүүлэх ба тухайн оюутан чөлөөтэй байх хугацаандаа өмнөх  хангалтгүй үнэлгээтэй хичээл болон  үнэлгээгүй хичээлээ дахин сонгож судлаж болно.

Дараах тохиолдлуудад сургуулиас чөлөөлнө. Үүнд:

  • Суралцагч өөрийн хүсэлтээр
  •  МУБИС-ийн дүрэм, журмыг ноцтой зөрчсөн;
  • Суралцах гэрээ зөрчсөн;
  • Суралцагч өөрийн хүсэлтээр сургуулиас чөлөөлөгдөх, бусад сургуульд шилжин суралцах бол захирлын тушаалаар шийдвэрлэж, гадаад оюутан бол БСШУЯ,    ИШХЕГ-аас олгосон оршин суух зөвшөөрлийг цуцлуулж, үүнтэй холбогдон гарах зардлыг өөрөөр нь төлүүлнэ.
  • Суралцагч өөрийн хүсэлтээр сургуулиас чөлөөлөгдвөл суралцаагүй хугацааны үлдсэн сургалтын төлбөрийг зохих журмын дагуу буцааж олгоно.

Оюутны эрдэм шинжилгээний хурал:

  • Оюутны эрдэм шинжилгээний анхан шатны бага хурлыг мэргэжлийн тэнхмүүд дээр
  • 2 дахь шатны бага хурлыг мэргэжлийн чиглэл бүрээр жил бүрийн 3-р сарын сүүлийн хагаст,
  • МУБИС-ийн хэмжээний эрдэм шинжилгээний бага хурлыг жил бүрийн 4 сарын эхний хагаст тус тус зохион байгуулна.

Их сургуулийн хэмжээний оюутны эрдэм шинжилгээний бага хуралд тавьсан илтгэлүүдээс шилдэгийг нь 1, 2, 3-р байранд шалгаруулж дараах байдлаар урамшуулна.

  • 1-р байр нэг,өргөмжлөл, 200 000 (хоёр зуун мянга) төгрөг,
  • 2-р байр нэг, өргөмжлөл,160 000 (нэг зуун жаран мянга) төгрөг,
  • 3-р байр хоёр, өргөмжлөл, 100 000 (нэг зуун мянга) төгрөгөөр тус тус шагнаж урамшуулна.
  • Урамшууллын хэмжээг магистрантад 1.4, докторантад 1.8 гэсэн итгэлцүүрээр тооцож олгоно. Энэ тохиолдолд кредитийн тэтгэлэг давхардуулан олгохгүй.

Оюутны урамшлуулал, тэтгэлэг, хөнгөлөлт.

"Захирлын нэрэмжит батламж"-ийг дараах болзлыг хангасан оюутанд олгоно. Үүнд:

  • сургуулийн дүрэм, дотоод журам болон суралцах гэрээгээ зөрчөөгүй
  • нэг улиралд судалсан кредитийн тоо 15-аас дээш
  • улирлын үнэлгээний голч дүн 3.7 болон түүнээс дээш байна.
  • Батламжийг 3 улирал дараалан авсан оюутны тухайн жилийн сургалтын төлбөрийг 20 хувиар хөнгөлнө.

"Захирлын нэрэмжит тэтгэлэг"-ийг дараах болзлыг хангасан оюутанд олгоно. Үүнд:

  • 4 ба түүнээс дээш улирал дараалан 3.7 болон түүнээс дээш голч дүнтэй суралцсан
  • сургуулийн дүрэм, дотоод журам болон суралцах гэрээгээ зөрчөөгүй
  • их дээд сургуулиудын болон олон улсын оюутны эрдэм шинжилгээний бага хуралд оролцож байр эзэлсэн
  • урлаг, спортын чиглэлээр олон улс, улсын хэмжээнд онцгойлох амжилт гаргасан байх.

Захирлын нэрэмжит тэтгэлэг”-ийг бүрэлдэхүүний сургуулийн захирлын тодорхойлолтыг үндэслэн хичээлийн жилд нэг удаа 5 хүртэлх оюутанд олгоно. Тэтгэлгийн хэмжээ нь тухайн жилийн оюутны сургалтын төлбөрийн 50 хувьтай тэнцэх хэмжээний байх ба түүнийг батламж дагалдана.

МУБИС-ийн шилдэг оюутан” өргөмжлөл.

Оюутанд олгох кредитийн тэтгэлэг