Эрдэм шинжилгээний журам


МУБИС-ийн эрдэм шинжилгээ, инновацийн журам

(Төсөл)

Нэг: Нийтлэг үндэслэл

  1. Энэхүү журмын зорилго нь МУБИС-ийн эрдэм шинжилгээ, инновацитай холбоотой харилцааг зохицуулахад оршино.
  2. Энэхүү журам нь МУБИС-ийн эрдэм шинжилгээ, инновацийн ажлыг дэмжин шинэ мэдлэг бүтээх, төсөл хэрэгжүүлэх, судалгааны ажлын үр дүнг сургалт, үйлдвэрлэлд нэвтрүүлэх, эрдэм шинжилгээний ажлын чанарыг дээшлүүлэх, үр ашгийг нэмэгдүүлэх үйл ажиллагааг зохицуулах баримт бичиг болно.
  3. Монгол улсын шинжлэх ухаан, технологи, инновацийн талаар баримтлах бодлого, Монгол улсын шинжлэх ухаан, технологийг хөгжүүлэх мастер төлөвлөгөө (2007-2020), МУБИС-ийн холбогдох бусад дүрэм, журмын хүрээнд үйлчилнэ.

Хоёр. Эрдэм шинжилгээний ажлын удирдлага, зохион байгуулалт

  1. МУБИС-ийн эрдэм шинжилгээний ажлыг хариуцсан удирдлагын нэгж нь эрдэм шинжилгээний алба /цаашид ЭША гэнэ/ байна.
  2. ЭША нь дараах чиг үүргийг хүлээнэ. Үүнд:
    1. Сургуулийн эрдэм шинжилгээний ажлын нэгдсэн бодлого, ойрын болон хэтийн төлөвлөгөөг боловсруулах, төсөл хөтөлбөр шалгаруулах, багш, оюутны эрдэм шинжилгээний ажлын үр өгөөжийг дээшлүүлэх, хүрээлэн, төвүүдийн эрдэм шинжилгээ, судалгааны ажлын уялдааг сайжруулах, гадаад, дотоодын эрдэм шинжилгээний байгууллага, их, дээд сургууль хоорондын харилцааг өргөжүүлэх, судалгааны шинэ чиглэлийг хөгжүүлэх зэрэг ажлыг зохион байгуулж, нэгдсэн удирдлагаар хангах.
    2. Эрдэм шинжилгээний тэргүүлэх чиглэлийн хүрээнд сургууль, улсын хөрөнгөөр гүйцэтгэх эрдэм шинжилгээ, инновацийн төсөл, хөтөлбөр, судалгааны ажлын хөрөнгө оруулалт, санхүүжилтийн мэдээг нэгтгэж, шинээр хэрэгжих төслийн саналыг их сургуулийн боломж, эрэлт хэрэгцээнд нийцүүлэн тодорхойлж, хэрэгжилтэд хяналт  тавих.
    3. Эрдэм шинжилгээний хүрээлэн, төв, лабораторийн үйл ажиллагааг бодлогоор дэмжих, зах зээлийн харилцаанд шилжүүлэх шинэ мэдлэг бий болгох, дамжуулах, түүнийгээ түгээн дэлгэрүүлэхэд дэмжлэг үзүүлэх.
    4. Жил бүрийн 3 дугаар сард магистрант, докторантын эрдэм шинжилгээний бага хурлыг зохион байгуулж, шалгарсан илтгэлийг урамшуулж, хэвлэн нийтлэх.
    5. Эрдэм шинжилгээний ажилд тавих олон улсын АРА загварт суурилан сургуулийн хэмжээнд эрдмийн бүхий л ажилд дагаж мөрдвөл зохих “Эрдмийн ажлыг хэлбэржүүлэх нэгдсэн шаардлага”-ыг боловсруулж, мөрдүүлэх.
    6. Сургуулийн эрдэм шинжилгээний ажлын үр дүнд бий болсон оюуны өмчийг их сургуулийн оюуны өмчид бүртгэн баталгаажуулж, эрдэм шинжилгээний мэдээллийн нэгдсэн санг бий болгох.
  3. Бүрэлдэхүүний сургууль, тэнхимүүд нь судалгааны баг үүсгэж, эрдэм шинжилгээг хөгжүүлэх чиглэлээр үндэсний хэмжээнд болон олон улсын түвшинд хамтарсан судалгаа хийхийн зэрэгцээ эрдэм шинжилгээний сэтгүүл хэвлэх, хурал, зөвлөгөөн, семинарыг нээлттэй зохион байгуулж, оролцох эрдэмтдийн тоог нэмэгдүүлэх.
  4. Бүрэлдэхүүний сургуулиудын захирал нь харьяа тэнхим, төвийн эрдэм шинжилгээний ажлын төлөвлөгөөг нэгтгэж, их сургуулийнхаа эрдэм шинжилгээний ажлыг төлөвлөх бөгөөд тухайн хичээлийн жилийн нэгдсэн ажлын төлөвлөгөөг бүрэлдэхүүний сургуулийн эрдэм шинжилгээний ажлын төлөвлөгөөтэй уялдуулан боловсруулна.
  5. Тэнхимүүд суурь, хавсарга судалгааны сэдэвт ажил, шинжлэх ухаан, технологийн төсөл хэрэгжүүлэх, олон улсын хамтарсан төсөл, хөтөлбөрт оролцох явдалд дэмжлэг үзүүлэх, эрдэм шинжилгээний ажлын үр дүнгийн мэдээ тайлан гаргах, эрдэм шинжилгээний ажлын үр дүнг сайжруулах талаар санал гаргаж, идэвх санаачилгатай ажиллана.
  6. Тэнхмийн эрхлэгч нь профессор багш нарын эрдэм шинжилгээний ажлын төлөвлөгөөнд тулгуурлан тэнхмийн эрдэм шинжилгээний ажлын төлөвлөгөөг боловсруулж хэрэгжүүлнэ.
  7. Профессор багш нь хичээлийн жилийн турш эрдэм шинжилгээ, судалгааны ажлын гүйцэтгэлийг http://buteel.surgalt.mn мэдээллийн цахим санд оруулж, эрдэм шинжилгээний ажлын үр дүнгийн нэгдсэн мэдээллийн санг баяжуулах ба тэнхимийн эрхлэгч тухайн багшийн эрдэм шинжилгээ, судалгааны ажлын кредитийг “Багшийн ажиллах журам”-ын 4.3.7, 4.5.5, 5.3.3 заалтыг үндэслэн тооцно.
  8. Бүрэлдэхүүний сургууль нь эрдэм шинжилгээний ажлын тайланг жил бүрийн 6 дугаар сарын 15-нд ЭША-нд ирүүлнэ.
  9. ЭША нь МУБИС-ийн эрдэм шинжилгээний ажлын тайланг нэгтгэж, Захирлын зөвлөлийн хуралд тайлагнана.

Инновацийн ажлын удирдлага, зохион байгуулалт

  1. Сургуулийн инновацийн тогтолцоог хөгжүүлэх бодлогыг хэрэгжүүлэх,  инноваци нэвтрүүлэх төлөвлөгөө, тэдгээрт шаардагдах төсөв санхүүжилтийн талаар санал боловсруулж, хэрэгжүүлэх арга хэмжээг нэгдсэн удирдлагаар ханган ажиллах инноваци, үйлдвэрлэлийн албатай байна.
  2. Энэхүү алба нь дараах чиг үүрэг хүлээнэ. Үүнд:
    1.  Инновацийн төслийн хэрэгжилтийг зохион байгуулах, түүнд хяналт тавих, холбогдох байгууллагатай хамтран инновацийн төслийн нэгдсэн бүртгэл хөтлөх, мэдээллийн сан бүрдүүлэх.
    2. Сургуулийн оюуны өмчид тулгуурласан гарааны компаниудыг үүсгэн байгуулж, сургуулийн орчинд инкубаторыг хөгжүүлэх.
    3. Инновацийн үйл ажиллагааг хэрэгжүүлэх, хүний нөөцийг чанаржуулах талаар хөтөлбөр боловсруулах, хэрэгжүүлэх, олон улсын байгууллагатай хамтран ажиллах, инновацийн үйл ажиллагааг урамшуулах, сурталчлах, түгээн дэлгэрүүлэх ажлыг удирдлага, зохион байгуулалтаар хангах.

Гурав. МУБИС-ийн санхүүжилттэй сургалт, эрдэм шинжилгээ, инновацийн төсөл

3.1  Төсөл дэвшүүлэх, зарлах

3.1.1      МУБИС-ийн бүрэлдэхүүний сургуулиудад хэрэгжих төсөл нь суурь судалгааны, цөм технологийн, инновацийн, шинжлэх ухаан технологийн гэсэн чиглэлээр зорилтот, захиалгат, гадаад, дотоодын байгууллага, эрдэмтэн, мэргэжилтнүүдтэй хамтарсан зэрэг хэлбэртэй байж болно.

3.1.2      Бүрэлдэхүүний сургуулиудад хэрэгжүүлэх төслийг МУБИС бие даан санхүүжүүлэх бөгөөд төслийн захиалгыг нээлттэй зарлах, бүртгэх, сонгон шалгаруулах, гэрээ байгуулах, хэрэгжилтэд хяналт тавих, үр дүнг тайлагнах, санхүүгийн тооцоотой холбоотой асуудлыг ЭША хариуцан энэхүү журмын дагуу зохицуулна.

3.1.3      Шалгаруулалтад нэр дэвшүүлж буй төсөл нь хэрэглээний судалгааны төсөл боловсруулахад үндэс суурь болохуйц, инновацийн бүтээгдэхүүн болох, гадаадын төсөл болон шинжлэх ухаан, технологийн сангийн санхүүжилтийн шаардлагыг хангасан байна.

3.1.4      МУБИС-ийн ЭША нь бүрэлдэхүүний сургуулийн саналд тулгуурлан дараа жил шинээр хэрэгжүүлэх захиалгат төслийн чиглэлийг тодорхойлж, саналаа тухайн оны 11 дүгээр сард багтаан Захирлын зөвлөлийн хурлаар хэлэлцүүлж, төслийн гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах болзлыг нийтэд ил тод, нээлттэй мэдээлнэ.

3.1.5      ЭША нь шинжлэх ухаан технологийн сангийн төслийн сонгон шалгаруулалтад МУБИС-ийг төлөөлөн оролцох төслүүдийг нэгтгэж, өргөдлийн маягт, төслийн санал, албан хүсэлтийн хамт хүргүүлнэ.

3.2  Төсөлд тавих шаардлага

3.2.1  Төсөл дараах шаардлагыг хангасан байна. Үүнд:

3.2.1.1 Сургалт, эрдэм шинжилгээ, инновацийг хөгжүүлэх зорилготой байх.

3.2.1.2 Төслийн шинэлэг тал болон оюуны өмчийн эрхийн баталгаажилтыг нотолсон байх.

3.2.1.3 Техник, эдийн засаг, нийгмийн болон шинжлэх ухааны ач холбогдол, үр ашгийн тооцоог хийсэн байх.

3.2.1.4 Төслийн удирдагч нь төслийг шаардлагын дагуу боловсруулж, 12 дугаар сарын 25-ныг хүртэлх хугацаанд эрдэм шинжилгээний албанд цаасан болон цахим хэлбэрээр мэдүүлнэ.

3.2.1.5 Төсөл хэрэгжүүлэх хугацаа 3 хүртэл жил байна.

3.2.1.6 Төслийн удирдагч нь докторын зэрэгтэй байна.

3.2.1.7 Багийн бүрэлдэхүүнд МУБИС-ийн профессор багш болон магистрант, докторантын зэрэгцээ бусад байгууллагын эрдэмтэн, судлаачийг оруулж болно.  

3.3  Төсөл сонгон шалгаруулах үйл ажиллагаа

3.3.1      МУБИС-ийг хөгжүүлэх стратегийн зорилтыг хэрэгжүүлэхэд чиглэсэн, бүрэлдэхүүний сургуулийн сургалт, эрдэм шинжилгээ, инновацийн ажлыг хөгжүүлэхэд зохих хувь нэмэр оруулах боломжтой төслийг  сонгон шалгаруулалтад оруулна.

3.3.2      Төслийг санхүүжүүлэхдээ түүний үр өгөөж, ач холбогдлыг гол шалгуур болгоно.

3.3.3      Төслийн үр дүнг гэрээнд заасан хугацаанд хүлээлгэн өгөөгүй төслийн удирдагч, гүйцэтгэгчийг дараа жилийн сонгон шалгаруулалтад оруулахгүй.

3.3.4      Дотоодын санхүүжилттэй төслийг МУБИС-ийн захирлын тушаалаар байгуулсан 9 гишүүнтэй, эрдэм шинжилгээний, инноваци, үйлдвэрлэлийн алба болон бүрэлдэхүүний сургуулийн төлөөлөл бүхий комисс хянан магадлаж, шалгаруулна. Төсөл шалгаруулсан тухай дүн мэдээг Захирлын зөвлөлийн хуралд танилцуулна.

3.3.5      Захирлын зөвлөлийн хурлаас дэмжсэн төслийг хурлын тэмдэглэлийн дагуу нягтлан боловсруулж, баталгаажуулсан 2 хувийг ЭША-нд ажлын 5 хоногийн дотор хүргүүлнэ.

3.3.6      ЭША-наас төслийн дүнг сонгон шалгаруулсан сард багтаан нээлттэй мэдээлнэ.

3.3.7      Шинээр хэрэгжих төслийг МУБИС-ийн захирлын тушаалаар батална.  

3.4   Гэрээ байгуулах

3.4.1      Төслийн гэрээг хоёр хувь үйлдэн төслийн удирдагч, сургуулийн эрдэм шинжилгээ, хамтын ажиллагаа эрхэлсэн дэд захирал нар гарын үсэг зурж, баталгаажуулна.

3.4.2      Төслийн үр дүн, сургалтад ашиглах, борлуулах боломжийг харгалзаж буцалтгүй, эргэн төлөгдөх, төслийн зардлын тодорхой хувийг хариуцах зэрэг хэлбэрээр санхүүжүүлнэ.

3.5   Төслийн санхүүжилт

3.5.1      Төслийн санхүүжилт нь Засгийн газар, холбогдох яам, шинжлэх ухаан технологийн сан, гадаадын, орон нутгийн, сургуулийн, гэрээт ажил, хамтарсан төслийн гэсэн эх үүсвэртэй байж болно.

3.5.2      Тухайн онд хэрэгжүүлэх судалгааны төслүүдэд зарцуулах санхүүжилтийн хэмжээг МУБИС-ийн захирлын тушаалаар батална.

3.5.3      Төсөл хэрэгжүүлэх явцад санхүүжилтэд өөрчлөлт оруулах шаардлага гарсан тохиолдолд гүйцэтгэгч тал саналаа ЭША-д тавьж шийдвэрлүүлнэ.

3.6  Төслийн гүйцэтгэлд тавих хяналт

3.6.1      Төслийн хэрэгжилтийн явц, хугацаа, үр дүн, үйлдвэрлэл, үйлчилгээнд нэвтрүүлсэн байдал, санхүүгийн үйл ажиллагаанд эрдэм шинжилгээ, инноваци үйлдвэрлэл, санхүүгийн нэгдсэн албаны хамтарсан ажлын хэсэг хяналт тавьж ажиллана.

3.6.2      Төсөл хэрэгжүүлэх баг нь тухайн нэгжийн ажлын өрөө, анги танхим, судалгааны лаборатори, компьютер болон бусад техникийг ашиглах эрхтэй.

3.6.3      Төслийн явц, гүйцэтгэл, санхүүжилтийн тайлан мэдээг хагас жил тутамд хэлэлцэж, эрдэм шинжилгээ болон инноваци, үйлдвэрлэлийн албанаас үнэлэлт, дүгнэлт гаргана.

3.6.4      Төслийн гүйцэтгэлийн явцын тайланд үндэслэн гэрээнд заасан шаардлагыг хангаагүй тохиолдолд хугацаанаас өмнө гэрээг цуцлах асуудлыг Эрдэм шинжилгээ, хамтын ажиллагаа эрхэлсэн дэд захирал шийдвэрлэнэ.

3.6.5      Төслийн эцсийн тайланг эрдэм шинжилгээ, инноваци, үйлдвэрлэл, санхүүгийн нэгдсэн албаны хамтарсан ажлын хэсгийн хурлаар хэлэлцүүлж, төслийн ажилд үнэлгээ өгч, амжилттай хэрэгжсэн тохиолдолд үлдэгдэл санхүүжилтийг олгоно.

3.6.6      МУБИС-ийн санхүүжилттэй сургалт, эрдэм шинжилгээ, инновацийн төслийн явцад бий болсон оюуны өмчийг гэрээнд өөрөөр заагаагүй бол МУБИС-ийн оюуны өмчид бүртгэх асуудлыг ЭША-наас шийдвэрлэнэ.  

3.7  Төслийн үр дүнг тайлагнах

3.7.1      Төслийн гүйцэтгэлийг дор дурдсан 2 хэлбэрээр тайлагнана. Үүнд:

3.7.1.1      Төслийн ажлын тайланг бүтээгдэхүүний хамт гэрээнд заасан хугацаа дууссанаас хойш 14 хоногийн дотор төслийн ахлагч хүлээлгэн өгч, төслийн ажлыг ЭША-нд тайлагнана.

3.7.1.2      Захиалсан үр дүн, санхүүжилтийн тухай зохих журмын дагуу бичсэн тайланг төсөл дууссанаас хойш 2 сарын дотор хүлээлгэн өгнө.

3.7.1.3      Гэрээнд заасан шаардлага хангаагүй төслийг дахин гүйцэтгүүлэх ба гүйцэтгэгчээр хөрөнгийг нөхөн төлүүлэх арга хэмжээ авна.

Дөрөв. МУБИС-ийн эрдэм шинжилгээний сэтгүүл

  1. Эрдэм шинжилгээний сэтгүүл, түүний зөвлөл
  1. МУБИС нь эрдэм шинжилгээний сэтгүүлтэй байна. Сэтгүүл нь оноосон нэртэй байж болно. 
  2. Эрдэм шинжилгээний сэтгүүлийн зөвлөлийг МУБИС-ийн Захирлын тушаалаар байгуулна.
  3. МУБИС-ийн эрдэм шинжилгээний сэтгүүлийн зөвлөл нь ерөнхий зөвлөл, бүрэлдэхүүний сургуулийн дэд зөвлөлтэй байж болно.
  4. Сэтгүүлийн зөвлөл нь сэтгүүлийг чанаржуулах үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэхийн зэрэгцээ тэмдэглэлт ойд зориулсан, тодорхой сэдвээр дагнасан зэрэг тусгай дугаар гаргах асуудлыг шийдвэрлэнэ.
  5. Сэтгүүлийн цахим хувилбарыг номын санд шилжүүлж, эрдэм шинжилгээний эргэлтэд оруулна.
  6. Сэтгүүлийн дугаар эрхэлсэн ерөнхий, дэд зөвлөлийн гишүүдийн ажлын гүйцэтгэлийг “Багшийн ажиллах журам”-ын 4.4.4-ийг үндэслэн тооцно.
  7. Сэтгүүлийн дугаар бүрээс МУБИС-ийн төв номын санд 10, зохиогчид болон бүрэлдэхүүний сургуулийн тэнхим, төв, профессорын баг бүрд 1 хувийг олгоно.
  8. Эрдэм шинжилгээний сэтгүүлд хэвлүүлэх бүтээлд  тавих нийтлэг шаардлага
  9. МУБИС-ийн эрдэм шинжилгээний сэтгүүл нь олон улсын сэтгүүлийн ISSN дугаартай байна.
  10. Эрдэм шинжилгээний өгүүлэл нь сэдвийн хувьд шинэлэг, олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн сэтгүүлээс иш татаж, сүүлийн үеийн судалгааны ажлын үр дүнг тусгасан, судалгаа, шинжилгээний тодорхой аргачлалыг хэрэглэсэн, баримт, туршилтад суурилсан, өөрийн дэвшүүлж буй санааг бусад эрдэмтэн, судлаачийн үзэл баримтлалтай харьцуулсан, шийдвэрлэх зохистой санал дэвшүүлсэн байна.
  11. Бүтээлийн шүүмжид тухайн бүтээлийн шинжлэх ухаанд оруулж буй хувь нэмрийг тодорхой дүгнэх ба бүтээл нийтийн хүртээл болсноос хойш 6 сарын дараа шүүмжийг хэвлэж болно. 
  12. Сэтгүүлд ховор, нэн шаардлагатай эх сурвалж, орчуулгыг нийтэлж болно. Нэг дугаарт зохиогчийн эрхийн зөвшөөрөлтэй 2 хүртэлх орчуулга оруулж болно.
  13. Зохиогч судалгааны өгүүллийг эрдэм шинжилгээний ажил туурвих олон улсын АРА загвараар бичсэн байна.
  14. МУБИС-ийн эрдэм шинжилгээний сэтгүүлд хэвлэх материал нь бусад эрдэм шинжилгээний сэтгүүлд хэвлэгдээгүй байна.
  15. Зохиогч өгүүллийнхээ агуулгын үнэн зөв байдлыг өөрөө хариуцна.
  1. Хэвлэх шийдвэр гаргах
  2. Сэтгүүлд хэвлэх материалын эхийг ЭША хүлээн авч, шаардлага хангасан материалыг сэтгүүлийн дэд зөвлөлд хүлээлгэн өгнө.
  3. Сэтгүүлийн дэд зөвлөл материалыг уншиж танилцсаны дараа хэвлэх, эсэх тухай санал өгнө.
  4. Сэтгүүлд хэвлэх материалын эцсийн шийдвэрийг ерөнхий зөвлөл гаргана.
  5. Сэтгүүлийн ерөнхий зөвлөл нь шаардлага хангаагүй өгүүллийг буцаах эрхийг эдэлнэ.

Тав. Эрдэм шинжилгээний ажлын соёл

  1. Оюуны өмчийн бүтээл эзэмших эрх
  2. МУБИС нь төсөл, хөтөлбөрөөс бий болсон шинэ бүтээл, үр ашигтай загвар болон компьютерийн програм хангамж, хэвлэмэл материал гэх мэт зохиогчийн эрхээр хамгаалагдах оюуны бүтээлийг эзэмших болон захиран зарцуулах эрхийг дараах тохиолдолд эдэлнэ. Үүнд:
    1. Гэрээт болон дотоодын төсөл, хөтөлбөрүүдийн хүрээнд бий болсон.
    2. Албан үүргийн дагуу гүйцэтгэж, эзэмших эрхийг шилжүүлэхээр гэрээ байгуулсан.
    3. МУБИС-ийн санхүүжилт, өмч хөрөнгийг ашиглан бүтээсэн профессор багш нарын бүтээл.
  3. Эрдэм шинжилгээний ажилд баримтлах хэм хэмжээ
  4. Профессор багш нар нь судалгааны ажилд ёс зүй, хариуцлагатай хандахын зэрэгцээ судалгааны үр дүнг засварлах, тоо баримтаа үндэслэлгүй зохион бичих, тоо баримтыг санаатай өөрчлөх, урьд хэвлүүлсэн бүтээлээ  шинэ бүтээл болгож эрдэм шинжилгээний ажлын цаг тооцуулах, бусдын материалыг өөрийн нэр дээр хэвлүүлэх, хамтын бүтээлийг ганцаар хийсэн байдлаар бичих, багшийн байр суурийн давуу байдлыг ашиглан суралцагчдын хийсэн болон орчуулсан материалыг зөвшөөрөлгүй ном болгон хэвлүүлэх зэрэг аливаа шударга бус үйлдэл гаргахгүй ажиллана.
  5. МУБИС-ийн багш суралцагчид тухайн сургуулийн эрдэм шинжилгээ, судалгааны ажлыг гүйцэтгэж, хэвлэх тохиолдолд МУБИС, бүрэлдэхүүн сургуулийн нэр, лого зэргийг албан ёсоор хэрэглэнэ.
  6. Гадаад, дотоодын хамтарсан арга хэмжээнд оролцохдоо МУБИС-ийн албан ёсны хаяг, цахим хаягийг хэрэглэнэ.
  7. “Багшийн ажиллах журам”-ын 2.1.13-д заасны дагуу судлаач багш судалгааны үзэл бодол, байр суурийг бусдад тулгахгүй байх хэм хэмжээг баримтлан ажиллана.
  8. МУБИС-ийн нийт профессор багш, удирдах албан тушаалтан, суралцагчид энэхүү хэм хэмжээг адил тэгш баримтлан судалгааны ажлыг гүйцэтгэнэ.

Зургаа. Сургалт, эрдэм шинжилгээ, инновацын төв

  1. Төв, түүний үйл ажиллагааны чиг үүрэг
  2. МУБИС нь шинжлэх ухаан, шинэ технологи, судалгааны ажлын үр дүнг үйлдвэрлэлд нэвтрүүлэх, эдийн засгийн эргэлтэд оруулах  зорилгоор сургалт, судалгаа, эрдэм шинжилгээ, инновацийн төвүүдтэй байна.
  3. Төв нь:
    1. Гадаад, дотоодын байгууллагын захиалгат болон хамтарсан төсөл, гэрээт ажил гүйцэтгэх, мэргэшүүлэх болон чадваржуулах хөтөлбөр боловсруулж, аргазүйн үйл ажиллагааг зохион байгуулах, сургалт, эрдэм шинжилгээг хөгжүүлэх зорилго, чиглэл бүхий нэгж байна.
    2. Үйл ажиллагааныхаа зорилго, чиглэлийн агуулгыг тусгасан оноосон нэртэй байна.
    3. Албан үйл ажиллагаандаа баталгаажсан лого, албан бичгийн хэвлэмэл хуудас, тэмдэг хэрэглэнэ. Лого, албан бичгийн хэвлэмэл хуудас нь англи, монгол хувилбартай байж болно.
    4. Сургалт, судалгаа, үйлдвэрлэлийн ажилд тухайн үеийн ажлын шаардлага, төвийн санхүүгийн боломжид тулгуурлан мэргэжлийн багш, туслах ажилтан, судлаачдыг түр гэрээгээр ажиллуулж болно.
    5. Төв нь сургуулийн тухайн жилийн ажлын төлөвлөгөөгөө  боловсруулж, бүрэлдэхүүний сургуулийн захирлаар батлуулж ажиллана.
    6. Ажлын биелэлтийн тайланг цахим хэлбэрээр жил бүрийн 12 дугаар сарын эхний хагаст багтаан бүрэлдэхүүний сургуулийн захирал болон эрдэм шинжилгээ, инноваци, үйлдвэрлэлийн албанд тайлагнана.
    7. Төвийн үйл ажиллагаанд чанарын баталгаажуулалт, мониторингийн албанаас 2 жил тутамд үнэлгээ хийж, МУБИС-ийн Захирлын зөвлөлийн хуралд танилцуулна.
  4. Төв нь сургалт, сургалт-эрдэм шинжилгээ, эрдэм шинжилгээ, инновацийн төв зэрэг хэлбэрээр үйл ажиллагаа явуулж болно.
  5. Төвийн байр, лаборатори, тоног төхөөрөмж, эд хогшил, багаж хэрэгсэл болон түүнийг ашиглаж бий болсон хөрөнгө, оюуны бүтээл нь МУБИС-ийн өмч байна.
  6. Төв байгуулах, татан буулгах
    1. Төв байгуулах үндэслэл, санал, хүсэлтээ холбогдох бүрэлдэхүүний сургуулийн  эрдмийн зөвлөлийн хурлаар хэлэлцүүлж, ЭША-нд ирүүлэх ба эцсийн шийдвэрийг МУБИС-ийн Захирлын зөвлөлийн хурал гаргана.
    2. Төвийг МУБИС-ийн захирлын тушаалаар байгуулна.
    3. Төв байгуулахад дараах шалгуурыг баримтална. Үүнд:
      1. Төв байгуулах үндэслэл, эдийн засгийн тооцоо, ажлын төлөвлөгөө бүхий танилцуулга;
      2. Сургалт, үйлдвэрлэл явуулах анги танхимын нөөц, техник хэрэгсэл, ном, сурах бичиг зэрэг сургалтын хэрэглэгдэхүүний баталгаа.
    4. Төвийг  дараах тохиолдолд татан буулгана. Үүнд:
      1. МУБИС-ийн нэр хүнд, эрх ашигт сөрөг нөлөө үзүүлж болзошгүй сургалт, судалгаа, үйлдвэрлэл эрхэлсэн нь  холбогдох мэргэжлийн байгууллагаар тогтоогдсон.
      2. Зөвшөөрөл авснаас хойш зургаан сарын дотор үйл ажиллагаа явуулаагүй.
      3. МУБИС-д орлого оруулаагүй, жилийн цалингийн зардлыг нөхөж чадаагүй.
  1. Төвийн чиг үүрэг
  1. Сургалт-эрдэм шинжилгээний төв нь шинжлэх ухааны суурь болон хавсарга судалгаа явуулах, эрдэм шинжилгээ, сургалт, судалгааны төсөл, боловсролын  чиглэлийн үйл ажиллагааг зохион байгуулж, багш нарын мэдлэг, ур чадварыг дээшлүүлэх сургалтыг захиалгат болон тусгай хөтөлбөрөөр богино хугацаанд зохион байгуулж, сертификат олгохоос гадна орлогыг төвлөрүүлж, төсвийн зарцуулалтыг ил тодоор тайлагнан нэгдсэн сан үүсгэж, ажиллана.
  2. Сургалтын төв нь бакалавр, магистр, докторын сургалт эрхлэх, суралцагчдыг судалгааны ажилд татан оролцуулах, дадлагын ажил, оюутны эрдэм шинжилгээний болон  зохион бүтээх ажлыг дэмжих, мэргэжил аргазүйн зөвлөгөө өгөхдөө холбогдох лабораторийн эрхлэгч, профессорын баг, тэнхимүүдтэй хамтран ажиллана.
  3. Эрдэм шинжилгээний төв нь шинжлэх ухаан, технологийг хөгжүүлэхэд чиглэсэн эрдэм шинжилгээ, туршилтын ажил эрхлэх, судалгааны ажлын үр дүнг үйлдвэрлэлд нэвтрүүлэх, улсын болон бизнесийн байгууллагын захиалгат төсөл, эрдэм шинжилгээний төсөл, судалгааны гэрээт ажил гүйцэтгэх, багш, эрдэм шинжилгээний ажилтныг мэргэшүүлэх чиглэлээр ажиллана.
  4. Инновацийн төв нь инновацийн үйл ажиллагааг үр ашигтай явуулах орчин, дэд бүтцийг эрдэм шинжилгээний байгууллага, аж ахуйн нэгжүүдтэй хамтран бүрдүүлнэ. Импортыг орлох болон экспортод чиглэсэн өндөр технологи, инновацийн бүтээгдэхүүн үйлдвэрлэхэд шаардагдах санхүүгийн олон талт эх үүсвэр бий болгох,  үндэсний үйлдвэрлэлийн өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэхэд өдөр тутмын үйл ажиллагааг чиглүүлнэ.
  1. Төвийн санхүү
  2. Гадаадын их, дээд сургууль, байгууллага, төвүүдтэй хамтран ажиллаж, тэдний захиалга, саналыг үндэслэн орой, эчнээ, урт, богино хугацааны сургалт явуулах, төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх, судалгааны ажлын үр дүнг үйлдвэрлэлд нэвтрүүлэх, эдийн засгийн эргэлтэд оруулах замаар хуулиар хориглоогүй бусад эх үүсвэрээр орлогоо нэмэгдүүлнэ.
  3. Төвийг үр ашигтай ажиллах хөшүүрэг болгох зорилгоор түүний үйл ажиллагаанаас олсон нийт орлогын 70%-ийг бүрэлдэхүүний сургууль, 30%-ийг МУБИС-ийн хөгжлийн дансанд төвлөрүүлнэ. Бүрэлдэхүүний сургуульд төвлөрүүлсэн хөрөнгийн 30%-ийг төв захиран зарцуулах эрхтэй.
  4. Төв өөрийн орлогоос эрхлэгч, багш, ажилтан нарт зохих нэмэгдэл цалин хөлс, урамшуулал олгож болно.
  5. Төвийн санхүүгийн тооцоо, төлөвлөлт, гүйцэтгэлийг хянаж зохион байгуулахад МУБИС-ийн банкны харилцах дансыг ашиглана.
  6. МУБИС-ийн профессор багш нар төвийн орон тоон дээр ажилласан тохиолдолд цалин хөлс, нэмэгдлийг МУБИС-ийн орлогоос олгоно. Нэн шаардлагатай багш, судлаачийг хөлсөөр ажиллуулсан тохиолдолд тэдгээрийг төв өөрийн орлогоос цалинжуулна.
  7. Төв нь үйл ажиллагаагаа эхлүүлэх, бие даан ажиллахад гарааны хөрөнгө шаардлагатай нөхцөлд бизнес төлөвлөгөө, бүтээгдэхүүний чанар, үр дүн, хэрэгцээг нь харгалзан эргэн төлөгдөх нөхцөлтэйгөөр МУБИС-ийн хөгжлийн данснаас санхүүжилт олгож болно.
  8. Төвийн санхүүгийн үйл ажиллагаа, бүртгэл, тайланг холбогдох бүрэлдэхүүний сургуулийн нягтлан бодогч хариуцна.

Долоо. МУБИС-ийн эрдэм шинжилгээний хүрээлэн

  1. Хүрээлэнгийн удирдлага, зохион байгуулалт
  1. МУБИС-ийн дэргэд эрдэм шинжилгээ, сургалт, инновацийг хөгжүүлэхэд чиглэсэн эрдэм шинжилгээний ажил гүйцэтгэх, шинэ технологийг дамжуулах, сургалт, судалгаа, эрдэм шинжилгээний туршилт хийх зорилго бүхий хүрээлэн байж болно.
  2. Хүрээлэн нь МУБИС-ийн мастер төлөвлөгөө болон хөгжлийн бодлого, холбогдох дүрэм журамтай уялдуулан дунд болон урт хугацааны хөгжлийн стратеги төлөвлөгөөг боловсруулан ажиллана.
  3. Хүрээлэнг МУБИС-ийн захирлын тушаалаар томилсон захирал удирдана. Захирлыг 4 жилийн хугацаатай томилох бөгөөд энэхүү хугацааг нэг удаа 4 жилээр сунгаж болно.
  4. Хүрээлэн нь албан үйл ажиллагаандаа баталгаажсан лого, албан бичгийн хэвлэмэл хуудас, тэмдэг хэрэглэнэ.
  1. Хүрээлэнгийн чиг үүрэг
  1. Гадаад, дотоодын байгууллагатай хамтран эрдэм шинжилгээ, судалгааны ажил гүйцэтгэх, оюуны өмчийг инноваци, технологи дамжуулалт байдлаар хөгжүүлэх, суурь судалгааны хүрээ, чанарыг нэмэгдүүлэх, судалгааны онол, практик, арга зүйг сайжруулах,  судалгааны ажлын шинжлэх ухааны төвшинг дээшлүүлэх идэвх санаачилга, үр бүтээлтэй ажиллах.
  2. Төсөл хэрэгжүүлэх, суурь судалгааны сэдэвт ажил болон захиалгат бусад ажлыг гүйцэтгэх ба бизнесийн байгууллагуудтай хамтын ажиллагааг өргөжүүлж, эрдэм шинжилгээний ажлыг захиалгаар гүйцэтгэх.
  3. Эрдэм шинжилгээ, судалгааны ажлын хүрээнд судалгааны бүтээл, үр дүнг тогтмол хэвлэн нийтлэхийн зэрэгцээ бүрэлдэхүүний сургуулийн профессор багш, судлаачидтай хамтран ажиллах.  
  4. Хүрээлэн нь өөрийн эрхлэх үйл ажиллагааны хүрээнд Монгол улсын болон гадаад орны ижил чиглэлийн хүрээлэн, боловсролын байгууллагатай бие даан гэрээ хэлцэл байгуулан ажиллах.

Найм. Инновацийн бүтээгдэхүүнд тавих шаардлага

  1. Инновацийн бүтээгдэхүүн нь дараах шаардлагыг хангасан байна. Үүнд:
    1. Монгол Улсад шинээр үйлдвэрлэж байгаа, эсвэл зах зээл дээрх ижил төстэй бүтээгдэхүүн, технологи, үйлчилгээтэй харьцуулахад өрсөлдөх чадвар, техник, эдийн засгийн үзүүлэлтээр илүү байх.
    2. Импортыг орлох болон экспортын нөөцийг өсгөхөд чиглэсэн байх.
    3. Бүтээгдэхүүн үйлдвэрлэгч нь оюуны өмчийн эзэмшигч байх, эсхүл түүний эзэмшигчтэй лицензийн гэрээ байгуулсан байх.

8.2  Инновацийн үйл ажиллагааг санхүүжүүлэх эх үүсвэр

8.2.1      Инновацийн үйл ажиллагааны санхүүжилт нь дараах эх үүсвэрээс бүрдэнэ. Үүнд:

8.2.1.1     Монгол улсын Засгийн газар, харьяа яамд;

8.2.1.2     Орон нутгийн захиргааны байгууллага;

8.2.1.3     Шинжлэх ухаан технологийн сан;

8.2.1.4     МУБИС-ийн хөрөнгө;

8.2.1.5     Хөрөнгө оруулалтын компанийн хөрөнгө;

8.2.1.6     Гарааны компанийн хөрөнгийн анхдагч зах зээлээс бүрдүүлсэн хөрөнгө;

8.2.1.7     Инновацийн үйл ажиллагаанд оролцогч байгууллагын өөрийн хөрөнгө;

8.2.1.8     Гадаад улс болон олон улсын байгууллагын зээл, тусламж, хандивын хөрөнгө.

ЕС. Гарааны компани

  •  Гарааны компани байгуулах
    1. Гарааны компанийг Монгол улсын Инновацийн тухай хууль, Эрдэм шинжилгээний байгууллагын дэргэд гарааны компани байгуулах журам, холбогдох бусад дүрэм журмыг үндэслэн байгуулна.
    2. Хууль тогтоомж, олон улсын гэрээнд өөрөөр заагаагүй бол олон улсын байгууллага, гадаад улс, тэдгээрийн байгууллага, хуулийн этгээд, иргэн МУБИС-ийн дэргэд инновацийн төсөл хэрэгжүүлэхээр хамтарсан гарааны компани байгуулж болно.
    3. Гарааны компанийн хэрэгжүүлэх инновацийн төсөл нь Инновацийн тухай хуулийн 14.1, төслөөр бий болох инновацийн бүтээгдэхүүн нь тус хуулийн 15.1 заалтын шаардлагыг хангасан байна.
    4. Гарааны компанийг үүсгэн байгуулагч нь дор дурдсан бичиг баримтыг бүрдүүлэн МУБИС-ийн инновацийн асуудал эрхэлсэн албанд хүсэлт гаргана. Үүнд:
      1. Гарааны компани байгуулах үндэслэл бүхий хүсэлт;
      2. Инновацийн төслийн техник, эдийн засгийн үндэслэл болон үр ашгийн тооцоо.
    5. Гарааны компани байгуулах асуудлыг МУБИС-ийн Эдийн засаг, хамтын ажиллагаа эрхэлсэн дэд захирал, инновацийн асуудал хариуцсан албаны хамтарсан хурлаар шийдвэрлэнэ.
    6. Гарааны компанийн үүсгэн байгуулагчид нь МУБИС-тай тухайн компанийг үүсгэн байгуулах гэрээ байгуулж, түүндээ хамтарч ажиллах зарчим, хүлээх үүрэг хариуцлага, санхүүжилт, дүрмийн санг бүрдүүлэх, хувьцаа эзэмших болон оюуны өмчийг эзэмших, ашиглах, захиран зарцуулах, технологийн нууцлалыг хадгалах зэрэг асуудлыг тодорхой заана.
    7. Инноваци, үйлдвэрлэлийн албаны дэргэд гарааны компани байгуулах, бүртгүүлэх үндсэн зарчим, түүнтэй холбогдон үүсэх харилцааг Монгол улсын Засгийн газрын 374 дүгээр тогтоолоор баталсан Эрдэм шинжилгээний байгууллагын дэргэд гарааны компани байгуулах” журмын дагуу зохицуулна.
    8. МУБИС нь өөрийн дэргэд байгуулсан гарааны компанийн багийг өрөө, тасалгаа, цахим сүлжээгээр хангаж болно.
    9. МУБИС нь гарааны компанийг бойжуулах технологийг туршин зүгшрүүлэхэд эрдэм шинжилгээ, лаборатори, туршилт-судалгааны чиглэлээр шаардлагатай тохиолдолд дэмжлэг, туслалцаа үзүүлнэ.

  • ШИНЖЛЭХ УХААН, ТЕХНОЛОГИЙН ТӨСӨЛ ХЭРЭГЖҮҮЛЭХ ЖУРАМ-PDF

  • ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ БАЙГУУЛЛАГЫН ДЭРГЭД ГАРААНЫ КОМПАНИ БАЙГУУЛАХ ЖУРАМ-PDF

  • Фраскатийн гарын авлага-PDF

  • THE MEASUREMENT OF SCIENTIFIC AND TECHNOLOGICAL ACTIVITIES-PDF