ЗАХИРЛЫН МЭНДЧИЛГЭЭ


"Багшийн сургууль” хэмээх эрдэм, номын эх өргөөний гэрэлт хаалгыг татан, алтан босгыг нь алхан орсон үе үеийн мянга мянган оюутан суралцагч, төгсөгч болон ирээдүй хойч үедээ эрдэм мэдлэгийн арвин сангаас өвлүүлсэн, өвлүүлж яваа эрхэм үйлсийн эзэд үе үеийн багш, сурган хүмүүжүүлэгч, эрдэмтэн профессорууд, ажилтан албан хаагчид Та бүхэнд Монгол улсад шинэ цагийн мэргэжлийн боловсон хүчин бэлтгэж эхэлсний болон Хөдөлмөрийн Гавьяаны Улаан тугийн одонт Багшийн сургууль үүсэн байгуулагдсаны түүхт 95 жилийн ойн баярын мэнд дэвшүүлье.

1922 онд Ардын Засгийн Газар тогтоол гаргаж, “...Бидний Монголчууд залуу хөвгүүд, охидыг цуглуулан, бага сургуулийг байгууллаа. Гэвч түүний үр шимийг 7-8 жилээс нааш үзэж чадахгүй. Хэрэв бид хамгийн оюун ухаантай, бичигтэй хүмүүсээс янз бүрийн эрдэм ухааныг сургах сургууль байгуулах юм бол бидэнд ихээхэн тусыг хүргэнэ. Иймээс энэ онд 4 сарын хугацаатайгаар хүмүүсийг сургаж, түүнд сар бүр 20 лан мөнгө олговол зохино” гэжээ.  Энэ шийдвэрийн дагуу 1922 онд Нийслэл хүрээнд багш нарыг бэлтгэх 4 сарын хугацаатай түр курсийг 2 багш, 15 сурагчтайгаар нээж хичээлүүлснээр Багшийн сургууль үүсэн байгуулагдсан түүхтэй.  Багшийн сургуулиас Монголын нэртэй эрдэмтэн, сэхээтнүүд, нийгэм, улс төрийн зүтгэлтэн, соёл, урлаг, спорт, боловсролын салбарын алдартан, гавьяатнууд, ардын цолтон, төрийн соёрхолт зэрэг бидний бахархан дуурайх алтан үе маань энэ сургуулиас л төрөн гарсан учраас Багшийн сургууль нь ард түмнийхээ дунд “Бадрангуй алдарт Багшийн сургууль”, “Монголын эрдэм соёлын уурхай”, “Ардын их сургууль” гэх зэргээр нэрлэгдэж иржээ. Одоогийн байдлаар тус сургуулиас МУ-ын Хөдөлмөрийн баатар 8, Ардын цолтон 15, Төрийн шагналтан 17, Гавьяат багш 121, Урлаг, соёлын гавьяатан 50, Шинжлэх ухааны доктор 19, доктор 70 гаруй, зохиолч 50 гаруй, Бага ангийн багш 37000 гаруй төрөн гарчээ. Өнөөдөр тус сургуульд 42 үндсэн багш, 20 гаруй ажилтан албан хаагч, мэргэжилтэн ажиллаж байгаа бөгөөд бакалавр, магистрын өдөр, эчнээ ангийн сургалтад 1500 гаруй оюутан суралцаж байна. Манай сургууль цаашид өөрсдийн давуу талд үндэслэн, бусдаас ялгарах онцлогтой боловсролын үйлчилгээ, судалгаа, эрдэм шинжилгээ, сургалт - үйлдвэрлэлийн бүтээгдэхүүнээр улсын болон бүс нутгийн хэмжээнд танигдсан, түүгээрээ хүлээн зөвшөөрөгдсөн, судалгаанд суурилсан сургалтыг олон улсын жишигт нийцсэн хөтөлбөрөөр зохион байгуулж, хөрвөх чадвартай багшлах боловсон хүчин, мэргэжилтэнг бэлтгэх зорилтыг тавин ажиллаж байна.

Захирал, доктор (Ph.D) Ц.Дэлгэрсайхан