Клубүүдийн зөвлөлийн дүрэм


Монгол улсын боловсролын их сургуулийн 
Оюутны холбооны дэргэдэх Клубүүдийн зөвлөлийн дүрэм

Нэгдүгээр бүлэг: Нийтлэг үндэслэл
1.1 Энэхүү дүрмийн зорилго нь Монгол улсын боловсролын их сургуулийн Клубүүдийн зөвлөлийн зорилго, үйл ажиллагааны үндсэн чиглэл, бүтэц зохион байгуулалт,  удирдах багийн гишүүд, тэдгээрийн бүрэн эрхийн хугацаа, эрх үүрэг, хүлээх хариуцлагыг тодорхойлохтой холбоотой харилцааг зохицуулахад оршино.
1.2 Клубүүдийн зөвлөл /Цаашид КЗ гэх/ нь МУБИС-ийн оюутны клубүүдийг нэгтгэж, клубийн оюутнуудын нийтлэг эрх, ашиг сонирхлыг хамгаалж энэхүү дүрмийг мөрдлөгө болгон ажиллах МУБИСОХ-ны нэгж байгууллага байна. 
1.3 МУБИСОХ-ны дэргэдэх клубүүдийн зөвлөл нь Үндсэн хууль, МУБИС-ийн дүрэм, МУБИСОХ-ны дүрэм, тэдгээртэй нийцүүлэн гаргасан хууль тогтоомжийн бусад акт болон энэ дүрмийн хүрээнд үйл ажиллагаа явуулна.
1.4 Клубүүдийн зөвлөл нь үйл ажиллагааны төлөвлөгөө, төсөв, зардлын тайланг зохих журмын дагуу оюутны холбоонд тогтоогдсон хугацаанд гаргаж өгнө.
1.5 Клубүүдийн зөвлөлийн хурал нь байнгын тогтмол байх ба ээлжит болон ээлжит бус хуралтай байна. Ээлжит хурлыг 7 хоног бүрт 1 удаа тогтмол хуралдуулах бөгөөд хурал хийх өдрийг гишүүдийн олонхын саналаар баталгаажуулна.
1.6 Шаардлагатай тохиолдолд ээлжит бус хурлыг хуралдуулах бөгөөд КЗ-ийн удирдах багийн  гишүүдийн олонхын саналаар зохион байгуулж болно. Ийнхүү гишүүдийн олонхын саналаар ээлжит бус хурал зарлан хуралдуулахдаа МУБИСОХ-ны тэргүүнд уг хурлаар хэлэлцэх асуудлыг урьдчилан мэдэгдэнэ.
Хоёрдугаар бүлэг: Клубүүдийн зөвлөлийн үйл ажиллагааны үндсэн зарчим
2.1 Клубүүдийн зөвлөлийн үйл ажиллагааг нэгтгэн зангидах удирдах багийг 7 гишүүнтэйгээр байгуулна. Удирдах багийн ахлагчаар МУБИСОХ-ны тэргүүн ажиллана.
2.2 Клубүүдийн зөвлөлийн гишүүн клубүүдийг үйл ажиллагааны онцлогоос улбаалж доорх байдлаар 6 хэсэгт хуваан зохион байгуулна. 
1. Багш боловсролын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг клубүүд;
2. Илтгэх урлаг, мэтгэлцээний чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг клубүүд;
3. Хүмүүнлэгийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг клубүүд;
4. Судалгааны ажлын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг клубүүд;
5. Спортын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг клубүүд;
6. Урлагийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг клубүүд.
2.3 Чиглэл бүр дээр үйл ажиллагааг нэгтгэн зангидах зохицуулагчийг Клубүүдийн зөвлөлийн чуулганаас сонгох бөгөөд нийт 6 хэсгийн зохицуулагч болон МУБИСОХ-ны тэргүүн гэсэн 7 хүнээс клубүүдийн зөвлөлийн удирдах баг бүрдэнэ.
2.4 Клубүүдийн зөвлөлийн гишүүн клуб нь бусад гишүүн клубийнхээ сургууль болон улсын хэмжээнд хүлээн зөвшөөрөгдсөн нэрэмжит үйл ажиллагаануудыг дэмжиж ажиллана.
2.5 Клубүүдийн зөвлөл болон үйл ажиллагааныхаа чиглэлээр хуваагдсан хэсэг бүр тухайн  салбартаа хүлээн зөвшөөрөгдсөн зөвлөхтэй байж болно.
2.6 Клубүүдийн зөвлөл нь гишүүн клубүүдийнхээ үйл ажиллагааг батламжилна. Батламж аваагүй клубүүдийн үйл ажиллагаанд  МУБИСОХ болон КЗ-ийн зүгээс дэмжлэг үзүүлэхгүй. Мөн КЗ-ийн дүрэм болон хурлын дэгийг зөрчсөн клубийн үйл ажиллагааг дэмжихгүй.
2.7 Клубүүдийн зөвлөлөөс санхүүгийн дэмжлэг авсан клуб 5 хоногийн дотор тайлан тооцоо ирүүлнэ. Баримт, тамга тэмдэг, гарын үсэг үнэн зөв байна.
2.8 КЗ-өөс санхүү авсан клуб тайлан өгөхгүй 5 хоногоос хэтэрсэн болон худал баримт бичиг өгсөн тохиолдолд клубийн батламж бичгийг хураана.
3.9 КЗ-ийн гишүүн клубийн тэргүүн, гишүүд захирах, захирагдах хэм хэмжээг баримталдаг байна.
2.10 КЗ-ийн дүрэм, журмыг мөрдөөгүй  клубийн  тэргүүнийг  үүрэгт ажлаас нь чөлөөлнө.
2.11 КЗ-ийн хуралд улиралд 3 удаа ирээгүй клубийн тэргүүнийг үүрэгт ажлаас нь чөлөөлнө.
Гуравдугаар бүлэг: Клубүүдийн зөвлөлийн чуулган, түүний эрх үүрэг
3.1 Клубүүдийн зөвлөлийн эрх барих дээд байгууллага нь МУБИСОХ байна.
3.2 Клубүүдийн зөвлөлийн их чуулганыг Оюутны холбооны тэргүүн болон клубүүдийн зөвлөлийн удирдах багийн гишүүдийн олонх санал болгосон тохиолдолд зарлана.
3.3 Чуулганд клубүүдийн зөвлөлийн гишүүн клуб бүрээс 3 гишүүн төлөөлөгчөөр оролцоно.
3.4 Чуулган дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ.
3.2.1  Клубүүдийн зөвлөлийн үйл ажиллагааны тайлан, төлөвлөгөөг хэлэлцэх, үнэлэлт дүгнэлт өгөх
3.2.2 Клубүүдийн зөвлөлийн удирдах багийг сонгох, чөлөөлөх.
Дөрөвдүгээр бүлэг: Клубүүдийн зөвлөлийн удирдах багийн эрх үүрэг
4.1 Клубүүдийн зөвлөлийн Удирдах баг нь чуулганаас сонгогдсон 6 хэсгийн ахлагч нараас бүрдэнэ.
4.2 КЗ-ийн дүрэмд нэмэлт өөрчлөлт оруулах, шинэчлэн найруулах талаар санал гаргах, төслийг МУБИСОХ-ны тэргүүнд өргөн барих эрхтэй.
4.3 КЗ-ийн зорилтууд, өдөр тутмын үйл ажиллагаа, зохион байгуулалтын асуудал зэргийг хэлэлцэн шийдвэрлэнэ.
4.4 КЗ-ийн хуралтай холбоотой бусад асуудлыг хуралд баримтлах журмаар зохицуулна.
Тавдугаар бүлэг: КЗ-ийн удирдах багийн гишүүн, түүний эрх үүрэг
5.1 КЗ-ийн удирдах багийн гишүүн нь КЗ-ийн чуулганаар сонгогдсон КЗ-ийн өөрийн хариуцсан хэсгийн өдөр тутмын үйл ажиллагааг удирдан чиглүүлж, байнгын тогтвортой үйл ажиллагаа явуулах эрх, үүрэг бүхий сонгуульт ажилтан юм.
5.2 Удирдах багийн гишүүний эрх
5.2.1 Дүрэм журам, санал, уриалга, мэдэгдэл гарган тухайлсан асуудлаар тодорхой байр суурь баримтлан ажиллах.
5.2.2 КЗ-ийн гишүүн клубийн тэргүүн ёс зүйн болон бусад зөрчил гаргасан тохиолдолд клубийн тэргүүнийг огцруулах санал гаргах, хариуцлага алдсан гишүүний асуудлаар байр сууриа илэрхийлэх.
5.2.3 КЗ-ийн Удирдах багийн ээлжит бус хуралдааныг зарлан хуралдуулах санал гаргах.   
5.2.4 КЗ-ийн гишүүн клубийн гишүүдийг шагнал, урамшуулал, хөнгөлөлтөнд нэр дэвшүүлэх, шагнах, урамшуулах.
5.2.5 КЗ-ийн гишүүн клубүүдээс ирсэн төслийг МУБИСОХ-ны тэргүүнд танилцуулах, шаардлагатай төсвөөр дэмжүүлэх
Зургаадугаар бүлэг: Клубүүдийн зөвлөлийн гишүүн клубүүдийн эрх, үүрэг
6.1 Клубүүдийн зөвлөлийн гишүүн клубүүдийн эрх
6.1.1 КЗ-ийн дүрэм журамд өөрчлөлт оруулах санал гаргах
6.1.2 МУБИС-ийн салбар сургуулиудын Оюутны зөвлөл, Клуб болон Байгууллагуудтай нээлттэй харилцах, хамтарч ажиллах. 
6.1.3 МУБИСОХ-ны чуулганд клубийн тэргүүн хариуцлагатай гишүүний эрхтэй оролцох
6.1.4 Үйл ажиллагааныхаа төслийг боловсруулж санхүүгээр дэмжүүлэх санал гаргах
6.1.5 КЗ-ийн үйл ажиллагаатай танилцах
6.1.6 КЗ-ийн хурал, чуулганд өөрийн саналыг хэлэлцүүлэх
6.2 Клубүүдийн зөвлөлийн гишүүн клубүүдийн үүрэг
6.2.1 МУБИСОХ-ны болон КЗ-ийн дүрэм, журмыг мөрдөх
6.2.2 КЗ-ийн хурал, чуулганыг хүндэтгэх, идэвхтэй оролцох
6.2.3 КЗ-ийн удирдах багт үйл ажиллагааныхаа төлөвлөгөө, тайланг ирүүлэх, цаг баримтлах
6.2.4 КЗ-ийн удирдах багаас өгсөн үүрэг даалгаварыг биелүүлэх
6.2.5 МУБИС-ийн салбар 7 сургууль бүрээс доод тал 10 гишүүнийг клубтээ нэгтгэх
6.2.6 Шашны болон Улс төрийн байгууллагуудаас ангид үйл ажиллагаагаа зохион байгуулах
6.2.7 Клуб нь МУБИС-ийн хүрээний 3, улсын хэмжээний 2 ажлыг хичээлийн жилд зохион байгуулах
6.2.5 Дүрэмд заасан бусад үүрэг хүлээнэ.
Долоодугаар бүлэг: Дүрэм хэрэгжих, нэмэлт өөрчлөлт оруулах, үндсэн эхийг түгээх,               дүрмийн хүрээ хязгаар
7.1 Энэхүү дүрмээр зохицуулагдаагүй харилцааг удирдах баг журам боловсруулж нарийвчлан зохицуулж болно. 
7.2 Энэхүү дүрэмд нэмэлт өөрчлөлт оруулахдаа Клубүүдийн зөвлөлийн хурлаар хэлэлцэж шийдвэрлэнэ.
7.3 Уг дүрмийн үндсэн эхийг МУБИСОХ-ны тэргүүнд нэг хувь, салбар зөвлөл тус бүрт нэг хувь, клубүүдийн зөвлөлийн клубүүдэд тус тус хүргэнэ.
7.4 Энэхүү дүрмийг 2017 оны 11-р сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.

Дүрмийг боловсруулсан: Клубүүдийн зөвлөлийн ажлын хэсэг