Захирлын мэндчилгээ


Монголчуудын шавь сургуулиар багш бэлтгэж ирсэн мянган мянган жилийн түүхэн уламжлалыг залгамжлан яваа МУБИС нь багшлах хүн хүчний нөөцийг бүрдүүлэх, чанаржуулахад жинтэй хувь нэмэр оруулсаар ирсэн үндэсний багш бэлтгэх сургууль юм.

Эдүгээ 500 гаруй эрдэмтэн багштай, 13000 гаруй оюутан суралцагчтай болон өргөжин бэхжлээ.

"Сээр нурууны бядтан нэгэн үедээ алдаршдаг, сэтгэл оюуны бядтан түмэн үедээ алдаршдаг" хэмээн Чингис хааны үеэс сургаж ирсэнчлэн улс гүрний хөгжлийн түүчээ нь эрдэмтэн мэргэд, оюуны өндөр чадамжтай багш нар байдаг тул тус сургуулийн өнөө цагт хүлээх үүрэг хариуцлага улам бүр нэмэгдсээр байна.

Засгийн газраас хэрэгжүүлж буй боловсролын чанарын шинэчлэлийн цөмд багш бэлтгэх сургуулиуд байгаа нь багшийн тоонд бус чанарт эрс өөрчлөлт хийх нийгмийн хэрэгцээ, шаардлагаас үүдэлтэй юм.
Өнөөдөр шинэ зууны багшийн чадамж юу байх вэ гэдэг асуултанд хариулахаар дэлхий нийтээрээ эрэлхийлж байна.

Алдарт эрдэмтэн Альбэрт Эйнштэйний сургасан "Мэдлэгээс уран сэтгэмж чухал" гэсэн философи өнөөгийн багш боловсролыг шинэчлэхэд голлох үзэл баримтлал болохоор харагдаж буй. Хүүхдэд бэлэн жор зааж өгөхөөс илүүтэйгээр байгаль орчны гэнэтийн өөрчлөлтүүд, нийгмийн орчны тодорхой бус нөхцөл байдалд дасан зохицох, түргэн шуурхай шийдвэр гаргах чадамжтай бүтээлч иргэд төлөвших сургалтын орчин, нөхцөл боломжийг бүрдүүлэх нь багш боловсролын зорилго болон тавигдаж байна.


Ерөнхий боловсролын сургуульд магистр багшийн эзлэх хувийг нэмэгдүүлэх Засгийн газрын бодлогыг хэрэгжүүлэхийн тулд манай сургууль багш нараа эрдэмжүүлэх, сургалт- судалгааны их сургуулийн статуст шилжих, багш бэлтгэх сургуулиудын олон улсын сүлжээнд нэгдэн орох, багш бэлтгэх хөтөлбөрийн олон улсын магадлан итгэмжлэлд хамрагдах зэрэг зорилтуудыг ойрын хугацааны хэрэгжүүлэхээр төлөвлөж байна.
 

Бид олон улсын болон үндэсний төвшинд бусад сургууль, эрдэм шинжилгээний байгууллагуудтай хамтран ажиллах нээлттэй бодлого баримтладаг. Эрдэмтэн судлаачид, залуу багш нар, өсвөр үеийнхэн, залуучууд та бүхний өмнө манай сургуулийн үүд хаалга үргэлж нээлттэй байгаа гэдгээ үүгээр илэрхийлье.
 

Захирал доктор Д.Мөнхжаргал