Багшийн эрх, үүрэг


     МУБИС-ийн багшийн эрх, үүргийг МУБИС-ийн Багшийн ажиллах журмын 2.1 зүйл, МУБИС-ийн дотоод журам болон Багшаар ажиллуулах гэрээнд тодорхой зааж өгсөн байдаг. Ялангуяа гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй, биелүүлэх чадамжгүй нь нотлогдсон тохиолдолд хүлээлгэх хариуцлагыг тодорхой заасан. Тухайлбал, Багшийн гэрээнд:

4.3  Багш нь ур чадварын хувьд тухайн ажлын байрандаа тэнцэхгүй, ажлын байрны шаардлагыг хангахгүй байгаа нь мэргэжил, ур чадварын төвшин тогтоох комиссоор тогтоогдсон бол багшаар ажиллах гэрээг цуцлах хүртэл арга хэмжээ авна.

4.4  Багшийн үйл ажиллагааны талаарх оюутны сэтгэл ханамжийн судалгаагаар 60-аас доош оноо авсан, сургалтыг сурагчийн хэрэгцээ сонирхолд нийцүүлэн шинжлэх ухааны үндэслэлтэй зохион байгуулахгүй байгаа болон ёс зүйн зөрчил удаа дараа гаргасан бол хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачилгаар цуцлах хүртэл арга хэмжээ авна хэмээн тусгасан.

Багшийн ёс зүй, хүлээсэн үүргийн биелэлтийн хяналтын талаар МУБИС-ийн удирдлага, захиргаанаас анхааран ажилладаг. Суралцагчид, тэдгээрийн хамаатан садангаас сургалт, сургалтын үйл ажиллагаатай холбоотой санал, хүсэлт, гомдлыг нээлттэй хүлээн авч үйл ажиллагаандаа хэрэгжүүлэхийг эрмэлздэг.

Багшийн ажиллах журмын заалтаас дурдвал:

       Багшийн эрх, үүрэг. (Багшийн ажиллах журам 2.1)

  1. Багш нь Боловсролын тухай хууль, Дээд боловсролын тухай хууль, сургуулийн дүрэм болон эрх зүйн бусад актад заасан эрх эдэлж, үүрэг хүлээнэ.

  2. Судалгаа шинжилгээний ажлын үр дүнг нээлттэй, чөлөөтэй тайлагнах, эрдмийн эрх чөлөөтэй байх

  3. Сургуулийн үйл ажиллагаатай холбоотой аливаа асуудалд үнэлгээ, дүгнэлт өгөх, санал, шүүмжлэл гаргах, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх

  4. Мэргэжил дээшлүүлэх, сургалт, семинарт хамрагдах, холбогдох журамд заасан хөнгөлөлт эдлэх, тэтгэлэг, дэмжлэг авах

  5. Бүтээлийн чөлөө авах, бүтээлээ үнэлүүлэх, шагнал урамшуулал хүртэх

  6. МУБИС-ийн сургуулийн бодлого, шийдвэр, дүрэм, журам, гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж, биелэлтийг цаг хугацаанд нь дүгнүүлж байх

  7. Мэдлэг, чадвараа дээшлүүлэн заах арга барилаа байнга сайжруулснаар  сургалтын арга, технологийн шинэчлэлтэд хувь нэмэр оруулж, хичээлийн агуулгыг орчин үеийн боловсролын болон шинжлэх ухааны хөгжлийн чиг хандлага, шаардлагатай нийцүүлэн шинэчилж байх;

  8. Хичээлийн цагийг үр өгөөжтэй ашиглах, суралцагчтай ажиллах, зөвлөгөө өгөх хуваарийг баримтлах, даалгаврыг цаг тухайд нь шалгаж, үр дүнг өөрт нь мэдээлж, бие даан суралцах арга барил, чадвар эзэмшүүлэх, бүтээлч, шүүмжлэлт, логик сэтгэлгээг хөгжүүлдэг байх;

  9. Суралцагчийн  бие даан гүйцэтгэх ажлыг   хөтөлбөрийн түвшин, хичээлийн шаардлагад  нийцүүлэн боловсруулах, тухайн ажлын чиглэл, агуулга,  мэдээллийн эх сурвалжийг оновчтой тодорхойлох  зэргээр хичээл, сургалттай холбоотой мэдээ, мэдээлэл олж авах боломж бүрдүүлэх;

  10. Суралцагчийн мэдлэг, чадварыг шалгах хэлбэр, шалгалтын агуулгын хүрээ, үнэлэх шалгуурыг ил тод, тодорхой байлгах, тэднийг шалгах, дүгнэх, үнэлэх, тодорхойлох, зөвлөж туслахдаа тэгш, шударга, бодитой хандах;

  11. Боловсролын бодлогыг хэрэгжүүлэх, хөгжүүлэхэд идэвх санаачлагатай, бүтээлч, хариуцлагатай оролцох; багш, ажилтны ажил, байдлын үнэлгээ, суралцагчдын сурлагын дүн, санал асуулгын үр дүнд нөлөөлөх аливаа сөрөг үйлдэл хийхгүй байх;

  12. Хичээл таслах, хичээлээс хоцрох, эрт тараах, хичээлийн цагаар танхимыг орхих; дүнг бодитой бус, хуурамчаар тавих; зохих журмаар батлагдсан хичээлийн хөтөлбөр, бусдын судалгааны чиглэлийг үндэслэлгүй үгүйсгэж, тэдгээрт итгэх суралцагчийн итгэлийг хөсөрдүүлэх; тэдэнд бие даан сурах хэрэглэгдэхүүн, хичээлийн гарын авлага, ном сурах бичиг хүчээр тулгах,  суралцагчийн сурлагад ахиц гарахад саад болох зэрэг үйлдэл хийхгүй  байх;

  13. Бусад багш, судлаачийн эрдмийн эрх чөлөөг хүндэтгэх, тэдгээрийг  хувь хүнийх нь хувьд хүндэтгэхийн зэрэгцээ бүтээлд нь ёс зүйтэй, бодитой хандах, эрдэм шинжилгээний ажлыг багаар буюу хамтарч гүйцэтгэх тохиолдолд багийн гишүүдийн үүрэг, оролцоо, ажлын гүйцэтгэл, үр дүнг харгалзан төсвийг зөв, шударга хуваарилж, зарцуулдаг байх