Багшийн ёс зүй


МУБИС-ийн багшийн ажилдаа баримтлах ёс зүйн хэм хэмжээг Багшийн ажиллах журмын 2.2 зүйл болон Дотоод журамд зааж өгсөн.

Ёс зүйн тухай ойлголт

Ёс зүй хэмээх ухагдахуун нь эртний Грекийн ethos гэдэг үгнээс үүсэлтэй, хамтран амьдрах байр, орших амьдрах газар гэсэн утгатай үг. Аажимдаа хүний зан төлөвтэй холбоотой олон утгыг илэрхийлэх болжээ.

     Мэргэжлийн ёс зүй

  • Нийгмийн харилцаанд оролцогч хэн боловч тодорхой ажил үүрэг гүйцэтгэж байгаа учираас мэргэжлийн онцлогоос шалтгаалсан ёс зүйн хэм хэмжээг сахин биелүүлэх зайлшгүй шаардлагатай.
  • Мэргэжлийн ёс зүй гэдэг нь ажилтан, албан хаагчдын үүргээ биелүүлэхдээ баримталж байгаа ёс зүйн хэм хэмжээ, дүрэм горимыг хэлдэг.  Мэргэжлийн ёс зүй нь эмчийн, прокурорын, шүүгчийн, багшийн гэх мэт олон төрөлтэй байдаг.

Багшийн мэргэжлийн ёс зүй

  • Багш мэргэжлийн ёс зүйн асуудлыг багшийн зан төлөв, мэргэжлийн мэдлэг чадвар, нийгмийн өмнө хүлээх үүрэгтэй холбож авч үздэг.
  • Сурган хүмүүжүүлэх ёс суртахуун гэдэг нь сурган хүмүүжүүлэх үйл ажиллагааны хүрээнд багшийн зан үйлийг зохицуулдаг зарчим, дагаж мөрдөх хэм хэмжээ, үнэлгээний түүхэн ёсоор уламжлагдаж ирсэн систем юм.
  • Багшийн ёс зүй нь мэргэжилдээ хайртай байх, хөдөлмөрийнхөө чанарын төлөө өндөр хариуцлага, ёс суртахууны мэдрэмжийг төлөвшүүлэх, үйл ажиллагааны үр дүн, өгөөжийг дээшлүүлэх хэрэгсэл юм.

Сургалтад баримтлах багшийн ёс зүйн хэм хэмжээ  ( МУБИС-ийн багшийн ажиллах журам 2.2 )

  1. Багш бүр ёс зүйн дараах хэм хэмжээг чанд баримтлах бөгөөд зөрчсөн тохиолдолд энэ журам, эрх зүйн бусад хэм хэмжээг баримтлан хариуцлага хүлээх;
  2. Мэргэжлээрээ тэргүүлэгч байж, ажиллах, суралцах үүргээ хариуцлагатай гүйцэтгэхийн зэрэгцээ нийгэм, хамт олон, оюутанд чин сэтгэлээр хандан,  шударга бус аливаа явдалтай эвлэрдэггүй  байх;
  3. Эрдэм мэдлэгийг эрхэмлэж, бусад эрх ашиг, сонирхлоос ямагт дээгүүрт тавих;
  4. Хувийн явцуу болон хүмүүсийн хоорондын зохисгүй харьцаанаас ангид ажиллаж, албаны болон хувийн харилцааг зааглах, мөн  мэдээллийг гуйвуулах, нуун дарагдуулах, худал мэдээлэхгүй байх;
  5. Архидан согтуурахтай тэмцэх хуулийн 7-р заалтыг ёсчлон мөрдөнө.
  6. Мэргэжлийн эсвэл хуулийн зайлшгүй шаардлага гарснаас бусад тохиолдолд мэргэжлийн үйл ажиллагааны явцад олж авсан бусдын хувийн нууцтай холбоотой мэдээллийг задруулахгүй байх;
  7. Өөрийн үзэл бодол, байр суурийг зөвтгөхийн төлөө бусдын үзэл бодол, байр суурийг мушгин гуйвуулж, гутаан доромжлохгүй байх;
  8. Хувийн ашиг сонирхолд нийцүүлэн суралцагчийн хөдөлмөрийг ашиглах, суралцагчийг яс, үндэс, шашин шүтлэгээр ялгаварлах, ичээн зовоож, гутаан доромжилсон үг хэлэх, үйлдэл хийх, аливаа шашинг сурталчлах, багшийн давуу байдлаа ашиглан суралцагчид ямар нэгэн дарамт, шахалт үзүүлэхгүй байх;
  9. МУБИС-ийн багшийн нийгмийн хариуцлагыг ухамсарлан, тэдгээрийг бүрэн хүлээн зөвшөөрч дэмжих, хувь хүний эрхэм оршихуйг дээдлэн, байгууллага, хувь хүний харилцаанд шударга, зарчимч, иргэний өндөр соёлтой, үнэнч, хүнлэг байж, багшийн нэр төрийг эрхэмлэн дээдлэх;