МОНГОЛ УЛСЫН БОЛОВСРОЛЫН ИХ СУРГУУЛИЙН ЁС ЗҮЙН ДҮРЭМ


МУБИС-ийн захирлын 2015 оны

А/211 тоот тушаалын хавсралт

 

МОНГОЛ УЛСЫН БОЛОВСРОЛЫН ИХ СУРГУУЛИЙН ЁС ЗҮЙН ДҮРЭМ

Нэг. Нийтлэг үндэслэл

1.1. МУБИС-ийн нийт багш, ажилтан албан хаагчийн албаны үйл ажиллагаанд баримтлах ёс зүйн хэм хэмжээг тогтоон хэвшүүлэхэд энэ дүрмийн зорилго оршино.

1.2. МУБИС-ийн бүрэлдэхүүн сургууль бусад нэгж бүр энэхүү дүрмийг дагаж мөрдүүлэн байнгын хяналт, хариуцлагын тогтолцоог дотооддоо бүрдүүлж ажиллана.

Хоёр. Ёс зүйн зарчим

2.1. МУБИС-ийн нийт багш, ажилтан албан хаагчид нь үйл ажиллагаандаа дор дурдсан зарчмыг баримтална:

-шударга ёсны;

-хууль дээдлэх;

-тэгш байдал;

-хариуцлага хүлээх;

-олон нийтэд үйлчлэх.

Гурав. Ёс зүйн эрхэмлэн дээдлэх зүйлс

 

3.1. Энэхүү дүрмийн 2.1-д заасан зарчмын хүрээнд байгууллагын зорилт, чиг үүргийг хэрэгжүүлж, төрийн үйлчилгээг үзүүлэхдээ дор дурдсан зүйлсийг эрхэмлэн дээдэлнэ:

3.1.1. Шударга ёсны зарчмын хүрээнд: хүлээсэн үүрэгтээ үнэнч байж, нийтийн ашиг сонирхолд захирагдан ашиг сонирхлын зөрчилд автахгүй байх, хууль бус, шударга бус явдалтай эвлэршгүй байх;

3.1.2. Хууль дээдлэх зарчмын хүрээнд: төрийн үйлчилгээний албаны бүхий л үйл ажиллагаанд Үндсэн хууль, Иргэний хууль болон бусад хуулийг ямагт дээдлэн сахих;

3.1.3. Тэгш байдлын зарчмын хүрээнд: бусадтай болон оюутан, үйлчлүүлэгч, иргэн бүртэй адил тэгш, алагчлалгүй харьцан байгууллагын хөгжилд өөрийн хувь нэмрийг оруулах;

3.1.4. Хариуцлага хүлээх зарчмын хүрээнд: албан үүргээ гүйцэтгэхэд шаардлагатай өөрийн мэдлэг чадварыг байнга дээшлүүлж, хийсэн ажлынхаа гүйцэтгэл, үр дүнгийн төлөө бүрэн хариуцлага хүлээх;

3.1.5. Олон нийтэд үйлчлэх зарчмын хүрээнд: МУБИС-ийн үйлчилгээг оюутан сурагчдад болон бусдад чанартай, хүртээмжтэй, шуурхай, соёлтой хүргэж, тэдний итгэлийг хүлээж ажиллах.

Дөрөв. Ёс зүйн хэм хэмжээ

4.1. МУБИС-ийн нийт багш, ажилтан албан хаагчид нь энэхүү дүрмийн 3.1.1-д заасан эрхэмлэн дээдлэх зүйлсийн хүрээнд дор дурдсан ёс зүйн хэм хэмжээг дагаж мөрдөнө:

4.1.1. Хөдөлмөрийн хууль, байгууллагын хөдөлмөрийн дотоод журамд заасны дагуу ажлын цагийг бүрэн, үр бүтээлтэй ашиглах;

4.1.2. Үндсэн ажлаасаа гадуур хуулиар зөвшөөрснөөс бусад ажил үүрэг эрхлэхгүй байх;

4.1.3. Байгууллагын эрх ашгийг хувийн ашиг сонирхлоос ямагт дээгүүр тавьж, өөрт ногдсон үүрэг даалгавараа биелүүлэхдээ ашиг сонирхлын зөрчил үүсгэж болзошгүй аливаа нөхцөл байдлаас татгалзах;

4.1.4. Албан үүргээ гүйцэтгэсэн болон гүйцэтгээгүйн улмаас ашиг сонирхол нь хөндөгдөх гадна, дотны аливаа иргэн, хуулийн этгээдэд давуу байдал олгох, тэдэнтэй үгсэн тохирох, амлалт өгөх, тэднээс шан харамж, хөнгөлөлттэй үйлчилгээ, зээл авах, хууль бус бусад хангамж эдлэхгүй байх.

4.2. МУБИС-ийн нийт багш, ажилтан албан хаагчид нь энэхүү дүрмийн 3.1.2-т заасан эрхэмлэн дээдлэх зүйлсийн хүрээнд дор дурдсан ёс зүйн хэм хэмжээг дагаж мөрдөнө:

4.2.1. Үндсэн хууль, бусад хууль тогтоомж, эрх зүйн акт, байгууллагын хэмжээнд дагаж мөрдөж байгаа соёл, дэг журам, дүрэм, зааврыг чанд баримтлах;

4.2.2. Дээд шатны албан тушаалтанд асуудал шийдвэрлэх, шийдвэр гаргахад нь хуульд нийцсэн, бодит баримт нотолгоонд тулгуурласан, үндэслэл бүхий үнэн зөв мэдээлэл, мэргэшлийн зөвлөгөөгөөр хангах;

4.2.3. Хууль, дүрэм журам зөрчсөн, багш, ажилтан албан хаагчын албан тушаалын байдлаа урвуулан ашигласан болон ёс зүйн хэм хэмжээг зөрчсөн аливаа үйлдэлтэй эвлэршгүй байж, энэ тухай эрх бүхий байгууллага, албан тушаалтанд мэдээлэх;

4.2.4. Албан үүргээ гүйцэтгэж байхдаа байгууллага, хувь хүний хуулиар хамгаалагдсан нууцыг задруулахгүй байж, хувийн болон бусдын ашиг сонирхлын төлөө ашиглах, албан ёсны аливаа мэдээллийг эрх бүхий албан тушаалтны зөвшөөрөлгүйгээр тараахгүй байх;

4.2.5. Байгууллагын эд хөрөнгө, техник хэрэгсэл, албаны мэдээллийг албаны бус зорилгоор ашиглахгүй байх.

4.3. МУБИС-ийн нийт багш, ажилтан албан хаагчид нь энэхүү дүрмийн 3.1.3-т заасан эрхэмлэн дээдлэх зүйлсийн хүрээнд дор дурдсан ёс зүйн хэм хэмжээг дагаж мөрдөнө:

4.3.1. Багш, ажилтан албан хаагч нь ажлын байрны тодорхойлолтоор хүлээсэн эрх үүргээ биелүүлэхдээ оюутан, үйлчлүүлэгч, хамтран ажиллагсадтайгаа эелдэг, адил тэгш, хүлээцтэй, хүндэтгэлтэй харилцаж, ажил үүргээ чирэгдэл, ялгаварлалгүйгээр хөнгөн шуурхай хийж гүйцэтгэх;

4.3.2. Төрийн үйлчилгээ үзүүлэхдээ хүнийг үндэс, угсаа, хэл, арьсны өнгө, нас, хүйс, нийгмийн гарал, байдал, хөрөнгө чинээ, эрхэлсэн ажил, албан тушаал, шашин шүтлэг, үзэл бодол, боловсрол, эрүүл мэндийн байдал, бэлгийн хандлагаар нь ялгаварлан гадуурхахгүй байх;

4.3.3. Танил тал, найз нөхөд, гэр бүл, төрөл садангийн хүмүүс ажиллаж байгаа байгууллага, тэдний ашиг сонирхолтой холбоотой асуудлаар шийдвэр гаргах, албаны нэр барих зэргээр албан тушаал, эрх мэдлээ хууль бусаар ашиглахыг цээрлэх;

4.3.4. Албан тушаалын бүрэн эрхээ урвуулан ашиглах, бусдыг дарамтлах, хавчин гадуурхах, эрхшээлдээ байлгахыг хориглох;

4.3.5. Бусдын үйл ажиллагаанд хууль бусаар нөлөөлөх, саад болох, хууль бус үйлдэл хийхийг шаардах, үүрэг даалгавар өгөхийг хориглох.

4.4. МУБИС-ийн нийт багш, ажилтан албан хаагчид нь энэхүү дүрмийн 3.1.4-т заасан эрхэмлэн дээдлэх зүйлсийн хүрээнд дор дурдсан ёс зүйн хэм хэмжээг дагаж мөрдөнө:

4.4.1. Өөрийн мэдлэг чадвар, дадал туршлагаа байнга хөгжүүлж, байгууллагын нэр хүндийг ямагт дээдлэх;

4.4.2. Ажлын байр (албан тушаал)-ны тодорхойлолтод заасан зорилго, зорилт, чиг үүргийн хэрэгжилтийг биечлэн хангах;

4.4.3. Удирдлагын санаа бодолд нийцэх эсэхийг үл харгалзан тэдний гаргах шийдвэрээс үүдэн гарч болзошгүй үр дагавар, сөрөг талыг урьдчилан анхааруулж байх;

4.4.4. Захирах, захирагдах ёсны зарчмыг баримталж, тодорхой асуудлаар өөр саналтай байсан ч удирдлагаас гаргасан хуульд нийцсэн шийдвэр, өгсөн үүрэг даалгаврыг цаг тухайд нь биелүүлэх;

4.4.5. Албан үүргээ гүйцэтгэж байхдаа буюу ажлын байрандаа согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэх, этгээд байдлаар хувцаслах, бүдүүлэг зан авир гаргахыг цээрлэх;

4.4.6. Албан ажилд шаардлагатай мэдээллийг санаатайгаар нуун дарагдуулах, удирдлагын шийдвэр гаргах үйл ажиллагаанд саад учруулахыг цээрлэх;

4.5. МУБИС-ийн нийт багш, ажилтан албан хаагчид нь энэхүү дүрмийн 3.1.5-д заасан эрхэмлэн дээдлэх зүйлсийн хүрээнд дор дурдсан ёс зүйн хэм хэмжээг дагаж мөрдөнө:

4.5.1. Албан үүргээ хэрэгжүүлэхдээ хүний нэр төр, алдар хүнд, эрх, хууль ёсны ашиг сонирхлыг дээдлэн хүндэтгэх;

4.5.2. Төрийн албаны соёл, дэг журмыг баримтлан иргэдтэй төлөв төвшин харилцах;

4.5.3. Иргэд, оюутанд үзүүлэх төрийн үйлчилгээг зохих дүрэм, журмын дагуу цаг алдалгүй, ил тод, түргэн шуурхай хүргэх.

 

Тав. Ёс зүйн дүрмийн үйлчлэх хүрээ

5.1. МУБИС-ийн ёс зүйн дүрмийг нийт багш, ажилтан албан хаагчид дагаж мөрдөх ба МУБИС-ийн Багшийн ажиллах журамд заасан “Сургалтад баримтлах багшийн ёс зүйн хэмжээ” -ээг МУБИС-ийн нийт багш нар энэхүү дүрмийн нэгэн адил дагаж мөрдөнө.

5.2. МУБИС-ийн харьяа гүзгийрүүлсэн сургалттай ерөнхий боловсролын сургуулийн нийт багш нар БСШУЯ-ны Сайдын 2007 оны 41 тоот тушаалаар батлагдсан “Ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн багшийн ёс зүйн дүрэм”, МУБИС-ийн Багшийн ажиллах журамд заасан “Сургалтад баримтлах багшийн ёс зүйн хэмжээ” –ээг энэхүү дүрмийн нэгэн адил дагаж мөрдөнө.

 

Зургаа. Ёс зүйн хорооны үйл ажиллагаа

 

6.1. Ёс зүйн хэм хэмжээтэй холбоотой өргөдөл гомдлыг тухайн иргэн МУБИС-ийн бүрэлдэхүүн сургууль, харъяа нэгжийн ёс зүйн хороонд бичгээр гаргах ба тухайн өргөдлийн хариуг 30 хоногийн дотор багтаан өргөдөл гаргагчид мөн бичгээр хүргүүлнэ.

6.2. Өргөдөл гаргагчийн тухайн асуудлаар МУБИС-ийн ёс зүйн хороог хуралдуулах шаардлагатай гэж үзвэл ажлын 5 өдрийн дотор энэ тухайгаа нарийн бичгийн даргад мэдэгдэж нарийн бичгийн даргын товлосноор 14 хоногийн дотор багтаан ёс зүйн хороог хуралдуулна.

6.3. Ёс зүйн хорооны дүгнэлт нь хуралд оролцогчид болон хорооны дарга, нарийн бичгийн дарга нар гарын үсэг зурснаар баталгаажих ба ёс зүйн хорооны дүгнэлтийг өргөдөл гаргагчид бичгээр хүргүүлэн, хүлээн авсан тухай нь баримтжуулан хурлын тэмдэглэлийн хамт хавтаст хэрэгт бүртгэх ажлыг нарийн бичгийн дарга хариуцан ажиллана.