МОНГОЛ УЛСЫН БОЛОВСРОЛЫН ИХ СУРГУУЛИЙН СУРГАЛТЫН ЖУРАМ


Захирлын 2015 оны 09 дүгээр сарын

09-ны өдрийн A/172 тоот тушаалын хавсралт

 СУРГАЛТЫН ЖУРАМ

Нэг. Нийтлэг үндэслэл


1.1   Монгол Улсын Боловсролын болон Дээд боловсролын тухай хууль, тэдгээрт нийцүүлэн Боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас гаргасан дүрэм, журам, БШУЯ-ны магистр, докторын сургалт эрхлэхэд баримтлах нийтлэг журам, МУБИС-ийн дүрмийг үндэслэн МУБИС-д бакалаврын зэрэг олгох сургалт[1]-ын болон МУБИС-ийн төгсөлтийн дараах сургалтын үйл ажиллагаа, удирдлага зохион байгуулалт, профессор багш, ажилтан, оюутны мэргэжлийн мэдлэг, ур чадварт тавих шаардлага, хэрэгжилтийг зохицуулахад энэхүү журмын зорилго оршино. Сургалтад оролцогч талууд энэхүү журмыг биелүүлэх үүрэгтэй.

1.2      МУБИС-ийн бакалаврын болон төгсөлтийн дараах сургалтын журмыг (цаашид “журам” гэнэ) МУБИС-ийн Эрдмийн зөвлөлөөр хэлэлцэж, захирлын тушаалаар баталж мөрдөнө.

1.3      Бакалаврын боловсролын зорилго нь бүрэн дунд боловсролтой иргэндболовсролын салбарт ажиллахад шаардагдах тодорхой шинжлэх ухааны суурь мэдлэг эзэмшүүлэх, цаашид өөрийгөө хөгжүүлэх онол, аргазүйн мэдлэг, чадвар, соёл төлөвшсөн багш, боловсролын байгууллагын мэргэжилтэн бэлтгэхэд оршино.

1.4      Төгсөлтийн дараах сургалтын зорилго нь сургалт, эрдэм шинжилгээ, үйлдвэрлэл, боловсролын инновацийн хүрээнд мэргэжлийн өндөр боловсрол эзэмшсэн, судалгаа шинжилгээний ажил гүйцэтгэх, өөрийгөө нээж хөгжүүлэхэд шаардагдах мэдлэг, чадвар, дадал, ёс зүйг эзэмшсэн магистр, докторын зэрэгтэй мэргэжилтэн, судлаач бэлтгэхэд оршино.

1.5      Сургалтын хүрээндуг журмаар зохицуулагдахгүй асуудал гарвал МУБИС-ийн Захирлын зөвлөлөөр хэлэлцэж шийдвэр гаргана.

Хоёр. Журмын нэр томьёо

2.1.    Кредит (Credit) нь боловсролын агуулгын багтаамжийг жиших нэгж бөгөөд оюутны суралцах ачаалал, багшийн сургалтын ажлын хэмжээ, сургалтын төлбөрийг тогтоох үндсэн хэмжүүр, дээд боловсролын зэрэг олгох сургалтад тавих стандартын шаардлага, сургалтын үйл ажиллагааны төлөвлөлт, санхүүжилт, зохион байгуулалтын харилцааг зохицуулах үндэслэл болно. Нэг кредит цагийн хэмжээг сонголт хийх онлайн хичээлийн 1 долоо хоног, танхимын сургалтын 15 долоо хоног буюу нийт 16 долоо хоногтой 1 улиралд лекц 16 цаг, эсвэл семинар, лаборатори, практикийн 32 цаг, тэдгээрт харгалзах бие даан гүйцэтгэх ажлын 32 хүртэл цагийн багцаар тогтооно.

2.2.    Хичээлийн кредит цаг нь хичээлийн агуулгыг илэрхийлэх бүхэл тоо байх бөгөөд хэмжээ нь долоо хоногт тухайн хичээлийг судлах цаг, хэлбэрээс хамаарна. Оюутны сурах үйл ажиллагаанд нэг долоо хоногт зарцуулах дараах багц бүрийг нэг кредит цаг гэж тодорхойлно. Үүнд:

  • 16 цагийн лекц+бие даан гүйцэтгэх ажлын 32 цаг
  • 32 цагийн семинар + долоо хоног бүр бие даан гүйцэтгэх ажлын     1-2 цаг
  • 32 цагийн лаборатори + долоо хоног бүр бие даан гүйцэтгэх  ажлын  1-2 цаг
  • 32 цагийн практик + долоо хоног бүр бие даан гүйцэтгэх ажлын 1-2 цаг

Жишээлбэл, долоо хоног бүр 1 кредитэд 2 цаг, 2 кредитэд 3 цаг, 3-4 кредитэд 5 цагийн бие даан гүйцэтгэх ажлын цагийг тус тус төлөвлөн хэрэгжүүлнэ. Кредитийн задаргааг дараах байдлаар томьёолно. Үүнд:  3 кредит нь 2:2:0:0(5) байна. Үүнийг долоо хоног бүр лекц 2 цаг,семинар 2 цаг, лаборатори, практик тус бүр 0 цаг,бие даан гүйцэтгэх ажил 5 цаг байна гэж ойлгоно.

Дадлага, бакалаврын төгсөлтийн судалгааны ажил зэрэг сургалтын бусад хэлбэрээр оюутны сурах үйл ажиллагаанд зарцуулж буй 32 цагийг нэг кредиттэй дүйцүүлж тооцно.

2.3.    Хичээлийн цаг 50 минут байх ба хоёр цагийн хичээлийг дунд нь завсарлагагүйгээр 90 минутад багтаан явуулж болно.

2.4.    Сургалтын төлөвлөгөө нь дээд боловсролын сургалтын зохион байгуулалт, агуулгын багтаамж, судлах хичээлийн жагсаалт, тэдгээрийг кредит цагаар илэрхийлсэн багтаамж, дараалал тодорхойлолт, дадлагын төрлийгтусгасан баримт бичиг мөн.

2.5.    Хичээлийн хөтөлбөр нь сургалтын төлөвлөгөөнд тусгасан хичээл бүрээр оюутны эзэмшвэл зохих онол, практикийн мэдлэг, чадвар, дадал, хандлагын агуулга, үнэлгээ, тухайн хичээлийн багтаамж, ашиглавал зохих ном, сурах бичгийн жагсаалт бүхий сургалтын үйл ажиллагааны удирдамж  баримт бичиг мөн.

2.6.    Хичээлийн стандарт нь тухайн хичэлийн зорилго, хүрэх үр дүн, агуулгын хүрээ, түвшин, ашиглах сурах бичиг, бусад хэрэглэгдэхүүн, бие даах ажлын агуулга, хэлбэр, тоо хэмжээ, хичээлийн явцын ерөнхий төлөвлөлт, оюутны мэдлэг, чадварыг үнэлэх үнэлгээ зэргийг тодорхой тусгасан баримт бичиг мөн.

2.7.    Хичээлийн индекс. МУБИС-д бакалавр, магистр, докторын хөтөлбөрт заах бүх хичээл нэгдсэн кодтой байна. Код нь сургуулийн эхний үсэг (англиар), цэг, тухайн судлагдахууны ерөнхий нэрийн эхний 2 үсэг (англиар), 3 оронтой тоо зэргээс  бүрдэнэ.              3 оронтой тооны эхний орон уг хичээлийн түвшнийг, дараагийн хоёр орон тухайн хичээлийн дугаар (хичээл хоорондын уялдаа холбоо, эрэмбэ дарааллыг харгалзан тогтооно)-ыг заана. Үүнд:

  • 001-099 дугаартай бол өмнөх түвшний хичээл(Бакалаврын үндсэн кредит цагт тооцохгүй)
  • 100-199 дугаартай бол багш боловсролын ерөнхий суурь хичээл
  • 200-299 дугаартай бол багш боловсролын хичээл
  • 300-399 дугаартай бол мэргэжлийн ба багцын суурь хичээл
  • 400-499 дугаартай бол мэргэжлийн чиглэлийн хичээл
  • 501-599 дугаартай бол магистрын хөтөлбөрийн суурь хичээл
  • 601-699 дугаартай бол магистрын  хөтөлбөрийн мэргэших хичээл
  • 701-799 дугаартай бол докторын  хөтөлбөрийн суурь хичээл
  • 801-899 дугаартай бол докторын  хөтөлбөрийн мэргэшин  судлах хичээл

2.8.    Заавал үзэх хичээл (Compulsory)- Тухайн хөтөлбөрийн хувьд зайлшгүй судлах шаардлагатай хичээл.

2.9.    Сонгон судлах хичээл(Elective)-Сургалтын төлөвлөгөөнийбүлэг бүрээр авбал зохих кредит цагийг гүйцээх зорилгоор оюутан сонгон судлах тодорхой кредит цаг бүхий хичээл.

2.10. Залгамж хичээл(Prerequisite)- Тодорхой хичээлийг судлахаас өмнө судалсан байвал зохих хичээл.

2.11. Зэрэгцүүлэн судлах хичээл(Co-requisite)- Тухайн хичээлтэй зэрэгцүүлэн судлаххичээл.

2.12. Ерөнхий суурь хичээл (General Education)-Шинжлэх ухааны үндэс, олон ургальч үзэл баримтлалын учир шалтгааныг таньж мэдэхийн зэрэгцээ төрөлх болон гадаад хэлээр зөв ярих, бичих, харилцах, үр дүнтэй хамтарч ажиллах,харилцан суралцах, тоон болон тоон бус мэдээллийг боловсруулах чадвар эзэмших зорилго агуулсан дээд боловсролын түвшний заавал болон сонгон суралцах хичээлүүд.

2.13. Багш боловсролын хичээл(Teacher Education Core)- Оюутанд багш боловсролын мэдлэгийг олгох, тухайн талбарт асуудал шийдвэрлэх, бүтээлчээр сэтгэх мэдлэг, чадвар эзэмшүүлэх багш мэргэжлийн суурь  хичээл.

2.14. Үндсэн мэргэжил (Major)- Оюутны суралцах үндсэн чиглэл буюу тухайн шинжлэх ухааны мэдлэг, чадвар, дадлыг эзэмших хөтөлбөр.

2.15. Хавсарга мэргэжил (Minor)- Тодорхой болзол хангасан оюутан суралцажбайгаа үндсэн чиглэлийнхээ мэргэжлийн хичээлээс цуглуулах кредитийг заасан хэмжээгээр нэмж судлан тухайн чиглэлд хоёр дахь мэргэжил эзэмшиххөтөлбөр.

2.16. Давхар мэргэжил -Оюутан суралцаж буй чиглэлээс өөр чиглэлээр эзэмших хоёр дахьмэргэжил.

2.17. Оюутны тухайн хичээлээр эзэмшсэн мэдлэг, чадвар, хандлагын үнэлгээ. Сургалтын төлөвлөгөөн дэх хичээлийн агуулгыг оюутан хэрхэн судалж эзэмшсэнийг харуулах нэгдсэн үзүүлэлт. Үнэлгээ нь хэмжилтийн хувьд“хувьчилсан оноо”, “үсгэн дүн”, “тоон дүн” гэсэн хэлбэртэй байна.

2.18. Хувьчилсан оноо. Тухайн хичээлээр оюутны хийж гүйцэтгэх ёстой болон бие даан суралцах үйл ажиллагааны биелэлт, эзэмшвэл зохих мэдлэг, чадварын түвшнийг 100% гэж үзэж, гүйцэтгэлийг нь түүнтэй харьцуулж үнэлсэн тоо. Хувьчилсан оноонь бүхэл тоогоор илэрхийлэгдэнэ.

2.19. Үсгэн дүн нь оюутны мэдлэг, чадварын түвшнийг илэрхийлэх (A+,A, A-), (B+,B, B-), (C+,C, C-), (D+,D, D-), F үсгээр тэмдэглэх үнэлгээ юм. Эдгээр дүнд тоогоор илтгэсэн (4.3, 4.0, 3.7), (3.3, 3.0, 2.7), (2.3, 2.0, 1.7), (1.3, 1.0, 0.7), 0 гэсэн дүнг харгалзуулна.

2.20. Явцын үнэлгээ. Оюутан тухайн хичээлээрэзэмшиж буй мэдлэг, чадварынүзүүлэлт,  түүний ахиц, дэвшлийг үнэлсэнбагшийн үнэлгээ.

2.21. Улирлын ба хичээлийн үнэлгээ. Тухайн хичээлээр хүлээгдэж буй үр дүнг оюутан хэрхэн хангасныг үнэлэх багшийн үнэлгээ.

2.22. Нэгдсэн шалгалт ба ахицын  үнэлгээ. Тухайн түвшний хөтөлбөрөөр суралцсанаар оюутны эзэмших стандарт түвшин, ахиц дэвшил, хөгжлийг үнэлэх үзүүлэлт.

2.23. Голч оноо.Хичээл бүрээр оюутны авсан оноог кредит цагаар нь үржүүлж, тэдгээрийн нийлбэрийг кредитийн нийлбэрт хуваасан (арифметикийн жигнэсэн дундаж) үзүүлэлт.

2.24. Голч дүн. Оюутны эзэмшсэн мэдлэг, чадварын тоон болон чанарын үнэлгээний нэгдэл бөгөөд голч онооны адил аргачлалаар бодно.

2.25. Дадлага. Оюутны танхимын сургалтаар эзэмшсэн онолын мэдлэг, чадварыг практик үйл ажиллагаатай холбон, бататган гүнзгийрүүлэх зорилгоор боловсролын байгууллага, сургууль, хээрийн нөхцөлд тусгайлан зохион байгуулах сургалтын хэлбэр. Дадлага нь сургалтын төлөвлөгөөнөөс хамааран танилцах, туршин заах, багшлах, хээрийн, үйлдвэрлэлийн гэх зэрэг хэлбэртэй байна.

2.26. Хөтөлбөрийн нэгдсэн алба. МУБИС-ийн Бакалаврын болон төгсөлтийн дараах сургалтын бодлого, төлөвлөлтийг зохицуулах, хөтөлбөр хэрэгжүүлэх ажлын зохион байгуулалтыг нэгдсэн удирдлагаар хангах, бүртгэл мэдээлэл, хөгжлийн асуудал эрхэлсэн төв алба.

2.27. Хөтөлбөрийн алба.МУБИС-ийн бакалаврын болон төгсөлтийн дараах сургалтын бодлогыг бүрэлдэхүүний сургуулийн түвшинд хэрэгжүүлэх, сургалтын өдөр тутмын үйл ажиллагааг зохион байгуулах алба.

2.28. Оюутанд үйлчлэх алба. Оюутны элсэлт, бие даан суралцах үйл ажиллагааг дэмжих, бүх төрлийн тэтгэлэг, хөдөлмөр зуучлал, ур чадвар эзэмших дадлагаажил, сургалтын хүрээний аялал, оюутны хөгжил, төлөвшлийг дэмжих зэрэг үйл ажиллагааг удирдан зохион байгуулах алба.

Гурав. Сургалтын удирдлага, зохион байгуулалт

3.1.    Бакалаврын болон төгсөлтийн дараах сургалтын үйл ажиллагааг хөтөлбөрийн нэгдсэн алба болон хөтөлбөрийн алба зохион байгуулж, удирдлагаар хангана.

3.2.    Оюутны бие даан суралцах үйл ажиллагааг зохион байгуулах, боломж нөхцөлийг бүрдүүлэх, үйлчлэх, оюутны хөгжил төлөвшлийн асуудлыг оюутанд үйлчлэх алба хариуцна.

3.3.    Хөтөлбөрийн нэгдсэн алба, оюутанд үйлчлэх алба, хөтөлбөрийн албаны дарга, мэргэжилтэн МУБИС-ийн сургалт, хамтын ажиллагаа эрхэлсэн дэд захирлын удирдлагад ажиллаж, ажлын байрны тодорхойлолтод заасан чиг үүргийг хэрэгжүүлнэ.

3.4.    Хөтөлбөрийн нэгдсэн алба, оюутанд үйлчлэх алба, хөтөлбөрийн албаны даргыг МУБИС-ийн захирал 3 жилийн хугацаатай томилно. Хугацаа дуусахад Захирлын  зөвлөлд ажлын тайлан тавьж үнэлүүлэх ба энэ үнэлгээ нь түүнийг дахин томилох, эсвэл чөлөөлөх үндэслэл болно. Тайланд өгсөн үнэлгээг харгалзан нэг удаа улируулан ажиллуулж болно.

 А. Хөтөлбөрийн нэгдсэн албаны үндсэн чиг үүрэг

3.5.    Хөтөлбөрийн алба нь Боловсролын тухай хууль, Дээд боловсролын тухай хууль, холбогдох бусад хууль тогтоомж, МУБИС-ийн дүрэм, журмыг үйл ажиллагаандаа мөрдөнө.

3.6.    Хөтөлбөрийн нэгдсэн алба нь боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага болон сургуулийн удирдлагаас сургалтын үйл ажиллагааны талаар гаргасан шийдвэрийн хэрэгжилтийг хангах үндсэн нэгж байна.

3.7.    МУБИС-ийн Хөтөлбөрийн нэгдсэн алба нь бакалаврын болон төгсөлтийн дараах сургалтын хөтөлбөрийг бүтцийн үндсэн нэгжид түшиглэн боловсруулах,  баталгаажуулах үйл ажиллагааг зохион байгуулна.

3.8.    Батлагдсан сургалтын хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлыг нэгдсэн удирдлагаар хангаж, чанарт нь хяналт тавьж ажиллана.

3.9.    Багшийн бүртгэл мэдээлэл, орон тоо, багш бэлтгэх, сонгон шалгаруулах, багшийг хөгжүүлэх бодлого боловсруулан хэрэгжүүлнэ.

3.10. Оюутан элсүүлэх, кредит цагийн биелэлт, чанарт хяналт тавих, оюутны төгсөлт, сургалтын туслах ажилтныг ажиллуулах болон оюутан солилцооны хөтөлбөр хэрэгжүүлнэ.

3.11. Магистрант, докторантыг  бакалаврын оюутандхичээл заалгах, тэдний судалгааны ажлыг зөвлөж удирдах, төсөл, гэрээт ажилд оролцуулах зэрэг үйл ажиллагааг удирдлагаар ханган ажиллана.

3.12. Сургалтын удирдлага, мэдээллийн систем, статистик мэдээ баримтыг гаргаж, үр дүнг холбогдох газарт хүргэхээс гадна сургалтын бодлого, дүрэм, журмын хэрэгжилт, зохион байгуулалтад үнэлгээ, дүгнэлт өгнө.

3.13. Хөтөлбөрийн нэгдсэн  алба нь шуурхай удирдлагыг хэрэгжүүлэх зорилгоор өөрийн дэргэд бүрэлдэхүүний сургуулийн хөтөлбөрийн албаны дарга, холбогдох мэргэжилтнээс бүрдсэн зөвлөлтэй байна.  Зөвлөл нь сургалтын үйл ажиллагаанд оролцогч талуудын харилцааг зохицуулж, мэдээлэл солилцон, зөвлөлдөж, цаг үеийн асуудлыг хэлэлцэнэ.

3.14. Хөтөлбөрийн албаны зөвлөлийн хурлаас гарсан саналыг Захирлын зөвлөлөөр хэлэлцүүлж, шийдвэрлүүлнэ.

Б. Оюутанд үйлчлэх албаны үндсэн чиг үүрэг

3.15. Сургалтын үйл ажиллагаа,  эзэмшсэн мэдлэг, чадварынх нь талаар оюутны сэтгэл ханамжийн байдалд үнэлгээ хийж, дүгнэлт гаргана.

3.16. Суралцагчийн бие даасан төрөл бүрийн үйл ажиллагааг зохион байгуулах ажлыг удирдлагаар хангаж, хяналт тавина.

3.17. Оюутны хөгжил төлөвшил, бүх төрлийн тэтгэлэг, хөдөлмөр эрхлэхтэй холбоо бүхий ажлыг зохион байгуулна.

3.18. Оюутны бүртгэл, тэтгэлгийн тооцоо, хуваарилалт, зарцуулалт болон оюутны судалгааг дэмжих санхүүжилт, тэтгэлгийн сан бий болгох зэрэг үйл ажиллагааг санаачилж, шийдвэрлүүлнэ.

3.19. Оюутны сурах үйл ажиллагааг дэмжсэн таатай орчин бүрдүүлэх, мэдээлэл хүргэх,   оюутанд холбогдолтой мэдээллийн сан бүрдүүлэх зэрэг ажлыг зохион байгуулж,  хяналт тавина.

3.20. Оюутанд сурах арга барил эзэмшихэд чиглэсэн үйл ажиллагааг мэргэжлийн тэнхимтэй хамтран зохион байгуулж, тэдэнд анги танхим,  орчин үеийн сургалтын техник хэрэгслээр үйлчилнэ.

3.21. Оюутанд үйлчлэх ажилтан нь хөтөлбөрийн албаны хамтын удирдлагаар ажиллах ба ойролцоогоор 600 оюутан, 4-өөс доошгүй анги, танхим хариуцаж, Оюутанд үйлчлэх албаны чиг үүргийг голлон хэрэгжүүлнэ.

В. Хөтөлбөрийн албаны үндсэн чиг үүрэг

3.22. Сургалтын хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулна.

3.23. Багш нарын сургалтын цагийн ачааллыг тооцох, тогтоох, үнэлэх ажлыг зохион байгуулж, ажлын гүйцэтгэлд хяналт тавина.

3.24. Сургалтын төлөвлөгөө, хичээлийн хөтөлбөрийн хэрэгжилтэд сургалтын анги танхим, оюутны хичээл сонголт болон түүнтэй холбоотой бүртгэл, тооцоо, дүн нэгтгэл, зэрэг мэдээ баримтыг бүрдүүлэн ажиллана.

3.25. Оюутны тухайн улирлын хичээл сонгохтой холбогдон үүссэн аливаа асуудлыг шийдэж, тухайн улиралд мөрдөх хичээлийн хуваарийн тохиргоо хийх, өөрчлөлт оруулах асуудлыг хөтөлбөрийн нэгдсэн албатай зөвшилцөж эцэслэн шийдвэрлэнэ.

3.26. Бүрэлдэхүүний сургуулийн хөтөлбөрийн алба нь 600 оюутан тутамд нэг мэргэжилтний орон тоотой байна.

3.27. Хөтөлбөрийн албаны мэргэжилтэн хичээл зохицуулалт, оюутны дүн бүртгэл, цуглуулсан кредитийн тооцоо, хичээл сонголтын баталгаажуулалт, сургууль хоорондын тооцоо, тухайн сургуулийн оюутны статистик мэдээ  болон ажлын байрны тодорхойлолтод заасан ажлыг хариуцан хэрэгжүүлнэ.

3.28. Бүрэлдэхүүний сургуулийн хөтөлбөрийн албаны дарга нь бүрэлдэхүүний сургуулийн оюутанд үйлчлэх ажилтнуудын үндсэн үйл ажиллагаа болох оюутны суралцахуйн үйл ажиллагааг дэмжих орчин бүрдүүлэх, анги танхимаар үйлчлэх, оюутны тэтгэлэгтэй холбоотой мэдээ баримтыг бүрдүүлэх, тооцоо хийх, оюутны мэдээллийн сан бүрдүүлэх ажлыг хариуцан удирдлагаар хангаж ажиллана.

 

НЭГДҮГЭЭР ХЭСЭГ: БАКАЛАВРЫН ЗЭРЭГ ОЛГОХ СУРГАЛТЫН ҮЙЛ АЖИЛЛАГАА

Дөрөв. Бакалаврын зэрэг олгох сургалтын үйл ажиллагаа

4.1.    Элсэлт

4.1.1.      Элсэлтийн ерөнхий шалгалтыг амжилттай өгч, элсэх эрх авсан, тухайн хичээлийн жилийн эхний улирлын сургалтын болон бусад шаардлагатай хураамж төлсөн хүнийг МУБИС-ийн өдрийн ангид  элсүүлнэ.

4.1.2.      Бакалаврын зэрэгтэй иргэнийг МУБИС-ийн элсэлтийн шаардлага хангаж элссэн бол кредитийн зөрүү тооцож тохирох түвшинд нь суралцуулж болно.

4.1.3.      Элсэгчдийн өгвөл зохих шалгалтын төрөл, босго оноог суралцах мэргэжлийн чиглэл,  хэлбэрээс хамааруулан тогтоох бөгөөд үүнийг  жил бүрийн элсэлтийн журамд тусгаж 2 дугаар сарын 1-ний дотор нийтэд зарлана.

4.1.4.      Бакалаврын зэрэгтэй  иргэнийг  зарим мэргэжлээр эчнээ болон хөрвөх сургалтын хэлбэрээр элсүүлж болно.

4.1.5.      Эчнээ, хөрвөх сургалтын элсэлтийг хөтөлбөрийн онцлогоос хамаарч жилд    1-3 удаа бүрэлдэхүүний сургууль зохион байгуулна.

4.1.6.      Хөрвөх сургалтад элсэх хүсэлтэй иргэн ЕБС-д судалдаг тогтмол агуулгын чиглэлээр бакалаврын зэрэгтэй байна.

4.1.7.      МУБИС-ийн бүрэлдэхүүний сургуульд оюутнаар элсүүлэх шийдвэрийг захирлын тушаалаар баталгаажуулна. Энэ тушаал гарсны дараа МУБИС-ийн мэдээллийн системийг ашиглах эрхийг элссэн суралцагчид цахим шуудангаар илгээж, оюутны үнэмлэх олгоно.

4.1.8.      Гадаад оронд ерөнхий боловсрол эзэмшсэн Монгол Улсын иргэн МУБИС-д элсэхийг хүсвэлтухайн мэргэжлийн чиглэлээр өгвөл зохих ерөнхий шалгалттай дүйцэх шалгалт өгсөн тухай тодорхойлолтыг Боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төвбайгууллагаас авсан байна.

4.1.9.      Гадаадын иргэнийг МУБИС-д элсүүлэх, оюутан солилцооны болон зуны хөтөлбөртсуралцуулах асуудлыг тусдаа журмаар зохицуулна.

4.1.10.   Оюутан авьяас, сонирхолдоо нийцсэн мэргэжил, сургуулиа сонгох зэрэг тодорхой шалтгааны улмаас дотоод, гадаадын их дээд сургууль болон тус их сургуулийн аль нэг үндсэн мэргэжлийн хөтөлбөрөөс нөгөөд шилжин суралцаж болно. Шилжилтийн асуудлыг энэхүү журмын 4.12 дугаар заалтаар зохицуулна. Өөр сургуулиас оюутан шилжин суралцахад тавих гол шалгуур нь сургууль хоорондынкредит харилцан зөвшөөрөх нөхцөл байна.

4.2.    Суралцах, чөлөө авах 

4.2.1.      Оюутан тухайн улиралд судлах хичээлээ сонгож, улирлын сургалтын төлбөр болон шаардлагатай бусад хураамж төлснөөр үргэлжлүүлэн суралцах эрхтэй болно. Хичээлийн сонголтыг бүрэлдэхүүний сургуулийн захирлын тушаалаарулирлын эхний 21 хоногийн дотор баталгаажуулан мөрдөнө.

4.2.2.      1 өдрийн чөлөөг тухайн хичээл зааж буй багшнар, 2-3 өдрийн чөлөөг тэнхимийн эрхлэгч, 4-30 хоногийн чөлөөг хөтөлбөрийн албаны даргахүсэлтийг үндэслэн олгоно.

4.2.3.      30 өдрөөс дээш хугацаагаар хичээлд сууж чадахгүйд хүрвэл хөтөлбөрийн албаны даргын шийдвэрээр улирлын чөлөө олгож тухайн сургуулийн захирлын тушаалаар баталгаажуулна. Чөлөөг сунгах, дахин олгох хүсэлтийг бичгээр гаргасныг үндэслэн үргэлжлүүлэн олгож болох ба чөлөөний нийт хугацаа 4 улирлаас хэтрэхгүй байна.

4.2.4.      Улирлын чөлөөг зөвхөн тухайн улирлын эхнээс тооцох ба 5 дугаар долоо хоногоос хойш чөлөө хүссэн тохиолдолд тухайнулирлын төлбөрийг буцааж олгохгүй. Дараа улирлын төлбөрийг төлсөн бол түүнийг буцаан олгож болно.

4.2.5.      Улирлын чөлөөний хугацаа дуусаад, эсвэл дуусалгүй үргэлжлүүлэн суралцах тохиолдолд улирлын эхнээс эхлэх ба энэ журмын 4.2.1-д заасны дагуу хичээлдээ бүртгүүлж үргэлжлүүлэн суралцана.

4.2.6.      Чөлөөний хугацаа дуусаж, үргэлжлүүлэн  суралцах оюутан бүрэлдэхүүний сургуулийн хөтөлбөрийн алба, харьяалагдах тэнхим, профессорын баг, зөвлөх багшаас суралцах хувийн төлөвлөгөө зохиох, хичээлд бүртгүүлэх, бусад асуудлаар зөвлөгөө авах шаардлагатай.

4.2.7.      Цуглуулсан кредит цагийн хэмжээ буюу тухайн оюутны суралцаж буй улирлын гүйцэтгэлээр оюутанд санал болгосон төлөвлөгөөний бодит улирлыг[2]тодорхойлно.

4.3.    Хичээл сонгох

4.3.1.      Хичээлийн сонголт хийхэд сургалтын төлөвлөгөө, хичээлийн стандартыг үндэслэнэ.

4.3.2.      Сургалтын төлөвлөгөөг мэргэжлийн тэнхим, профессорын баг боловсруулан, бүрэлдэхүүний сургуулийн хөтөлбөрийн хороогоор хэлэлцүүлж МУБИС-иийн захирлын тушаалаар баталгаажуулна.

4.3.3.      МУБИС-ийн хэмжээгээр судлах бакалаврын ерөнхий суурь хичээлүүдийн агуулга Монгол улсын дээд боловсролын стандартын үлгэрчилсэн загварт нийцсэн байна.

4.3.4.      Хичээлийн стандартыг тухайн хичээлийг зааж буй багш бүр мөрдөх ба мэдлэг, туршлагадаа тулгуурлан,  оюутны  мэргэжлийн онцлог, эрэлтэд нийцүүлэн, баяжуулан хэрэгжүүлж болно.

4.3.5.      Хичээлийг хэд хэдэн багш хамтран зааж болно. Энэ тохиолдолд цагийн биелэлтийг гүйцэтгэлээр тооцно.

4.3.6.      МУБИС-ийн бүх түвшний сургалтын төлөвлөгөөн дэх хичээлийн код давхцахгүй байна.

4.3.7.      МУБИС-ийн аливаа хичээлийн агуулга нь нэг улиралд багтаан судлах боломжтой байна. Агуулгын их багтаамжтай хичээлээс хоёр болон  түүнээс дээш улирал дараалан, эсвэл дараалсан бус улиралд судлах хичээл байвал түүнийг агуулгын залгамж холбоо бүхий тусдаа хичээлд хувааж, тус бүрт нь нэр, код, кредит цаг онооно. Тухайн хичээл бүрээр оюутны эзэмшсэн мэдлэг, чадварыг үнэлэн дүгнэнэ.

4.3.8.      Багш[3] лекцийн тэмдэглэл, семинарын бодлого, асуулт, гэрийн даалгавар, бие даан судлах  материал зэрэг хэрэглэгдэхүүнээ МУБИС-ийн онлайн  сургалтын цахим хуудаст байршуулан хүртээмжийг нь нэмэгдүүлнэ.

4.3.9.      Мэргэжлийн тэнхим, профессорын баг нь хариуцсан сургалтын төлөвлөгөө, тухайн улиралд судлах хичээлийн хөтөлбөр, “Удиртгал” онлайн хичээл, багшийн мэдээллийг оюутны хичээл сонголт эхлэхээс өмнө мэдээллийн системд байршуулж, бүрэлдэхүүний сургуулийн хөтөлбөрийн албаны мэргэжилтэн, оюутанд үйлчлэх ажилтан, зөвлөх багш нартай хамтран оюутнуудад шаардлагатай зөвлөгөө өгсөн байна.

4.3.10.   МУБИС-ийн шинэ элсэгч нь хичээл сонгох, цуцлах, баталгаажуулах үйл ажиллагааг зөвлөх багшийн удирдлага доор хийнэ.

4.3.11.   Хичээл сонголт хоёр үе шаттай, цахим хэлбэрээр явагдана.

 A.Сонголт-1[4]

4.3.12.   Оюутан суралцаж буй улирлын 12, 13 дахь долоо хоногт багтаан дараагийн улиралд судлах хичээлээ сонгож, “Сонголт-1”-ээр баталгаажуулсан байна.

4.3.13.   4.3.12-д заасан хугацаанд хичээл сонгоогүй оюутныг үргэлжлүүлэн суралцуулах боломжгүй. Хэрэв үргэлжлүүлэн сурах зайлшгүй нөхцөл үүссэн бол бүрэлдэхүүний сургуулийн хөтөлбөрийн албанд гаргасан хүсэлтийг үндэслэн хөтөлбөрийн албаны дарга шийдвэрлэнэ. Суралцах гэрээнд заасан үйлчилгээний хураамжтөлсөнтохиолдолд уг оюутан хичээл сонгох эрхтэй болно.

4.3.14.   Хөтөлбөрийн алба сонголт-1-ийг үндэслэн дараагийн улиралд орох хичээлийн тоо, нэр, код, судлах оюутны тоо, хэрэгцээт анги танхим, цаг, шаардлагатай багшийн талаарх мэдээлэл бүхий захиалгыг холбогдох тэнхим, профессорын багт тухайн улирлын 14,15 дэх  долоо хоногт багтаан хүргэнэ.

4.3.15.   Мэргэжлийн тэнхим, профессорын багийн ахлагч сонголт-1-ийн хичээл орох багшийн нэр, цагийн ачааллыг тооцон бүрэлдэхүүний сургуулийн хөтөлбөрийн албанд өвөл-зуны улирлын 1 дэх долоо хоногт багтааж өгнө.

4.3.16.   Сонголт-1-ээр захиалсан хичээл орох багш, тэдгээрийн цагийн хуваарийг хөтөлбөрийн алба улирлын хичээл эхлэхээс 3-4 долоо хоногийн өмнө сургалтын удирдлага мэдээллийн системд оруулна.

Б. Сонголт-2[5]

4.3.17.   Сонголт-2–ыг хийхэд шаардлагатай хичээлийн ерөнхий хуваарийг тухайн улирал эхлэхээс 3 долоо хоногийн өмнө Хөтөлбөрийн нэгдсэн алба, бүрэлдэхүүний сургуулийн хөтөлбөрийн алба гаргаж баталгаажуулна.

4.3.18.   Оюутан сонголт-2-ыг тухайн улирлын хичээл эхлэхээс өмнөх буюу “0” дугаар долоо хоногт онлайнаар хийж дуусгасан байх бөгөөд сонголтыг зөвлөх багш болон хөтөлбөрийн албаны мэргэжилтнээр баталгаажуулсан байна.

4.3.19.   Сонголт-2–ыг хийхэд зарим хичээл заах багш, орох өдөр, цаг, өрөөг сонгох,  боломжгүй болсон бол тухайн хичээлийн хүлээлгийн жагсаалтад бүртгүүлнэ.

4.3.20.   Хүлээлгийн жагсаалтад байгаа оюутны тоо 15 ба түүнээс дээш болсон бол тухайн багш болон цагт бүлэг үүсгэж сонголтыг оюутнаар баталгаажуулна. Бүлэг бүрдэхгүй бол 4.5.27 заалтыг баримтална.

4.3.21.   Өвөл,  зуны улиралд судлах хичээл сонголтыг өмнөх улирлын 14 дэх долоо хоногт хийнэ.

4.3.22.   Хангалтгүй үнэлгээ авсан хичээлийг дахин сонгож судлах бол сонголтыг 15 дахь ба өвөл-зуны улирлын 1 дэх долоо хоногт багтаан хийнэ. Тухайн хичээлд 40% болон түүнээс дээш үнэлгээ авсан бол завсрын улиралд, 40%-иас доош бол үндсэн улиралд судална. Хэрэв тухайн хичээл нь 1 кр бол 1 долоо хоногт, 2 кр бол 2 долоо хоногт, 3-4 кр бол 3 долоо хоногт судална.

4.3.23.   Өвөл-зуны улирлын хичээлийн хуваарийг 15 дахь, дахин судлах хичээлийн хуваарийг улирал дууссаны дараах 1 дэх долоо хоногт хөтөлбөрийн нэгдсэн алба болон бүрэлдэхүүний сургуулийн хөтөлбөрийн алба бэлэн болгосон байна.

 В. Сонголтын зохицуулалт 

4.3.24.   Хичээл сонголт 1, 2-ыг хийхийн тулд өмнөх улиралд сонгосон кредитийн төлбөрийг бүрэн төлсөн байна.

4.3.25.   Өвөл-зуны улирлын болон дахин судлах хичээл сонгох бол тухайн хичээл эхэлсэн эхний долоо хоногт багтаан кредит цагийн төлбөртөлснөөр сонгосон хичээл нь баталгаажна. Улирлын эхний долоо хоногийн хугацаанд баталгаажаагүй сонголтыг цуцална.

4.3.26.   Оюутан сонголт-2[6] хийх үед сонголт-1-ийг өөрчлөхгүй. Хичээл сонголтыг бүрэлдэхүүний сургуулийн захирлын тушаалыг үндэслэн улирлын эхний 4 долоо хоногийн дотор МУБИС-ийн захирлын тушаалаар баталгаажуулан мөрдөнө.

4.3.27.   4 долоо хоног өнгөрөхөд сонгосон хичээлдээ суухгүй орхисон бол хичээлийн үлдэх цагт оногдох кредитийн төлбөрийг дараагийн улирлын кредитийн төлбөрт шилжүүлэн тооцно. 5 долоо хоног өнгөрсөн бол тухайн хичээлийн кредитийн төлбөрийг дараагийн улиралд шилжүүлэн тооцохгүй ба буцааж олгохгүй.

4.3.28.   Хичээлийн батлагдсан хуваарьт улирлын явцад өөрчлөлт оруулахыг хориглоно.

4.3.29.   “Хүндэтгэх шалтгаан” (өөрөө өвчилсөн, өвчтөн сахисан, хорио цээрийн дэглэмд өртсөн, салхи шуурга, цас бороо зэрэг байгалийн үзэгдлийн улмаас саатсан тухай эрх зүйн үндэс бүхий магадлагаатай бол)-аар заасан хугацаанд хичээл сонголт-2-ыг хийж амжаагүй оюутан, тухайн улирлын эхний 14 хоногт багтан сонголтоо хийж болно. Бусад тохиолдолд бүртгэлийн хураамж төлж, улирлын эхний 14 хоногоос хэтрүүлэхгүй боломжит хичээлийг сонгоно. 14 хоног хэтэрсэн оюутан тухайн улиралд сонголт хийж хичээлд суух эрхгүй болно.

4.3.30.   Оюутан хичээлийн 15 долоо хоногтой улиралд дунжаар 15 кредит цагийн хичээл судлах нь зохимжтой бөгөөд судалбал зохих кредит цагийн дээд хэмжээ 21, доод хэмжээ 10 байна. Хэрэв оюутан тухайн улиралд хичээл огт сонгоогүй бол эцэг эх, санхүүжүүлэгч талд нь мэдэгдэнэ.

4.3.31.   Оюутан тухайн хичээлийг судалсны дараа дүнгээ үзэхийн өмнөсудалсан хичээлийн агуулга, чанар, багшийн заах арга, ёс зүй, харилцаа, суралцах орчны талаарх үнэлгээг  цахим хэлбэрээр өгнө.

 4.4.    Хичээлийн жилийн хуанли

4.4.1.      Хичээлийн жил 3 улиралтай байх бөгөөд эхний улирал 8 дугаар сарын 3 дахь 7 хоногийн Даваа гаригт эхэлнэ.

4.4.2.   Намар, хаврын буюу үндсэн 1, 2-р улирал тус бүр сонголт хийх онлайн хичээлийн 1 долоо хоног, танхимын хичээлийн 15 долоо хоног буюу нийт 16 долоо хоног, өвөл-зуны улирал онлайн хичээлийн 1 долоо хоног, хичээлийн 7+8=15 долоо хоног, нийт 16 долоо хоног тус тус байна.

4.4.3.      Өвөл зуны буюу 3 дахь улиралд эчнээ болон дахин судлах сургалт, дадлага,  хөрвөх мэргэжил, магистр, докторын сургалтыг зохион байгуулна.

4.4.4.      Тухайн хичээлийн жилийн хуанлийг өмнөх  жилийн 5 дугаар сард МУБИС-ийн Захирлын зөвлөлийн хурлаар хэлэлцэн батална.

4.5.    Сургалтын төлөвлөлт, хөтөлбөр сонголт

А. Сургалтын төлөвлөгөө

4.5.1.   Үндсэн болон хавсарга мэргэжлийн  сургалтын төлөвлөгөөний бүтэц, агуулга, шаардлагыг мэргэжлийн тэнхим, профессорын баг, багш, оюутан, төгсөгч, ажил олгогчдын санал, зөвлөмжийг харгалзан, тухайн мэргэжлийн стандартад нийцүүлэн тодорхойлох бөгөөд хөтөлбөрийн дэд болон салбар хороогоор хянаж, МУБИС-ийн Хөтөлбөрийн хороо хэлэлцэж, дүгнэлт гаргана.

4.5.2.   Сургалтын төлөвлөгөөг Хөтөлбөрийн хорооны дүгнэлтийг үндэслэн Боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын баталсан хөтөлбөрийн нэр, индекс, тавигдах шаардлагыг удирдлага болгон МУБИС-ийн захирал баталгаажуулан холбогдох нэгж, албад, багш, оюутан бүгд дагаж мөрдөнө.

4.5.3.      Сургалтын төлөвлөгөөнд өөрчлөлт оруулах асуудлыг мэргэжлийн багш,  тэнхим, профессорын баг, хөтөлбөрийн алба санаачлан, тухайн хөтөлбөрийн дэд хороонд тавих ба энэ саналыг дэмжсэн салбар хорооны дүгнэлтийг үндэслэн МУБИС-ийн Хөтөлбөрийн хороо шийдвэрлэнэ.

4.5.4.      Сургалтын төлөвлөгөөнд агуулга, зарчмын шинжтэй томоохон өөрчлөлт оруулах бол 4 жилд нэг удаа,  хичээлийн нэр, код, уялдаа зэрэг оюутны суралцах үйл ажиллагаанд хүндрэл учруулахгүй өөрчлөлтийг сургалтын төлөвлөгөө мөрдөж эхэлсэн эхний жилд нэг удаа, цаашид  хоёр жилд нэг удаа тус тус оруулж болно.

4.5.5.      Бакалаврын зэрэг олгох сургалтын төлөвлөгөөний агуулгын багтаамж 120 кредитээс багагүй байх бөгөөд төлөвлөгөө нь багш боловсролын ерөнхий суурь, мэргэжлийн суурь /багцын/, мэргэжлийн хичээлүүд гэсэн үндсэн хэсгээс бүрдэнэ.

4.5.6.      Оюутан тухайн шинжлэх ухааны чиглэлээр өргөн хүрээтэй, ерөнхий мэдлэг, чадвар эзэмшүүлэх; тухайн чиглэлд хоёр дахь мэргэжлийг эзэмших; эсвэл суралцаж байгаа чиглэлээсээ өөр чиглэлээр давхар мэргэжил эзэмших зэрэг хөтөлбөрийн зорилгоос хамааруулан сургалтын төлөвлөгөөний бүтцийг уян хатан тогтооно.

4.5.7.      Мэргэжлийн тэнхим, профессорын багаас оюутанд санал болгож буй 2 дахь мэргэжлийн хичээлүүдийг залгамж байдлаар, эсвэл зэрэгцүүлэн судлах, суралцсан хугацааны голч дүнгийн босго, хэлбэр зэрэг тусгай шаардлагуудыг сургалтын төлөвлөгөөнд тодорхой тусгана.

4.5.8.      Сургалтын төлөвлөгөөний ерөнхий суурь хэсэг 21 кредитийн агуулгатай, заавал болон сонгон судлах хичээлүүдээс бүрдэнэ. Ерөнхий суурийн хичээлд тухайн мэргэжлийн чиглэлд багтаж буй бол хүмүүнлэг, нийгэм, байгалийн шинжлэх ухааны бусад хичээлийг судлахаар тусгана.

4.5.9.      Багш боловсролын хичээл 39 кредит байна.

4.5.10.   Мэргэжлийн болон багцын суурийн агуулгын багтаамж нь 9-18 кредит байна.

4.5.11.   Мэргэжлийн хичээл нь заавал болон сонгон судлах хэлбэртэй байх бөгөөд оюутанд дан мэргэжил эзэмшүүлэх бол нийт 42-51 кредит байна.

 Б. Хөтөлбөр сонголт

4.5.12.   Мэргэжил сонгуулахад сонгож буй мэргэжлийн чиглэлийн элсэлтийн ерөнхий шалгалтын хичээл, оноо, суралцсан хугацааны голч дүн зэргийг харгалзан оюутнуудыг дараалуулж сонгуулах зарчмыг баримтална.  Бүрэлдэхүүний сургуулийн захирлын тушаалаар сонголтыг эцэслэн баталгаажуулна.

4.5.13.   Оюутанд санал болгосон төлөвлөгөөний 2 ба 3 улиралд амжилттай суралцсан оюутан мэргэжлийн чиглэлээ тодорхойлж, тухайн хөтөлбөр хариуцсан тэнхим, профессорын баг, хөтөлбөрийн албанд хандан баталгаажуулна. Зарим мэргэжлийн хувьд тухайн улиралд багц хөтөлбөрийн нарийвчилсан чиглэл сонгох үйл ажиллагааг нэгдсэн зохион байгуулалтаар явуулж болно.

4.5.14.   3.3  ба түүнээс дээш голч дүнтэй суралцсан оюутан 3-р улирлын төгсгөлд англи хэлтэй багш бэлтгэх хөтөлбөр болон давхар мэргэжлийн хөтөлбөр, 2.7 ба түүнээс дээш голч дүнтэй суралцагч 4-р улирлын төгсгөлд хавсарга мэргэжлийн хөтөлбөр, 3.7 ба түүнээс дээш голч дүнтэй суралцагч 5-р улирлын төгсгөлд судалгааны магистрын хөтөлбөр, 7-р улирлын төгсгөлд докторын хөтөлбөрийг тус тус сонгон суралцаж болно.

4.5.15.   Оюутны хөтөлбөр сонгох үйл ажиллагааг мэргэжлийн тэнхмийн саналыг үндэслэн бүрэлдэхүүний сургуулийн Хөтөлбөрийн алба зохион байгуулна.

4.5.16.   Дан болон хавсарга мэргэжил эзэмших, мөн 2 дахь мэргэжлээр суралцуулахад сургалтын төлөвлөгөөний кредитийн багтаамжийг дараах байдлаар тогтооно. Үүнд:


1Цахим болон бусад их, дээд сургуультай хамтарсан сургалтыг тусгай журмаар зохицуулна.

[2]Жишээлбэл 2 хичээлийн жил буюу 4 улирал суралцсан боловч 45 кредит цагийн агуулгыг амжилттай судалсан бол 1.5 жил буюу 2.5 улирлын агуулга судалсан гэж үзнэ.

[3] Онлайнаар судлах тохиолдолд оюуны өмчийн болонцагийн тооцоо хийх асуудлыг холбогдох журмаар зохицуулна

[4]“Сонголт-1” нь оюутан дараагийн улиралд судлах хичээл сонгож захиалга өгөх үйл ажиллагаа.

[5]“Сонголт-2”нь  эхний сонголтоор захиалсан хичээлүүдийг судлах багш болон орох өдөр, цаг, өрөөг сонгох суралцах хуваариа төлөвлөх үйл ажиллагаа.

[6]Сонгож баталгаажуулсан хичээлийг үндэслэн хуваарь зохиож, багшийн ачаалал, цагийн ноогдол хийдэг учир төлөвлөлтийг өөрчлөхгүй гэж үзнэ.

"СУРГАЛТЫН ЖУРАМ"-ыг бүрэн эхээр үзэх