СӨБС 4 номын нээлт хийнэ


МУБИС-ийн Сургуулийн өмнөх боловсролын сургуулийн 2018 оны эхний хагаст боловсруулж нийтлүүлсэн сурах бичиг, ном, гарын авлагыг  танилцуулах “Номын нээлт”-ийн үйл ажиллагааг 2018 оны 5 дугаар сарын 10 өдөр хийнэ. МУБИС-ийн Сургуулийн өмнөх боловсролын сургуулийн эрдэмтэн багш нарын 2018 оны эхний хагаст шинээр боловсруулж хэвлүүлсэн  сурах бичиг, гарын авлагын танилцуулж байна. 
Энэ удаагийн арга хэмжээний үеэр “Хүүхэд харагч нарт зориулсан гарын авлага”, “Тусгай хэрэгцээт боловсролын үндэс” сурах бичиг, “Бага насны хүүхдийн эсрэг хүчирхийлэл”, “Том ном” гэх 4 номыг онцлон танилцуулж байгаа юм.
 
1. “ХҮҮХЭД ХАРАГЧ НАРТ ЗОРИУЛСАН ГАРЫН АВЛАГА”
 
Хүүхэд харагч нарт зориулсан гарын авлага” Монгол улсын Засгийн газраас бага насны хүүхдийг сургуулийн өмнөх боловсролын үйлчилгээнд тэгш хамруулах талаар анхаарал тавьж үйлчилгээний олон хэлбэр, төрлийг дэмжин хөрөнгө оруулалтыг хийж байна.  Хүүхэд харах үйлчилгээний хууль 2016 онд батлагдан гарснаас хойш “Хүүхэд харагч нар”-ыг чадваржуулах үйлийг дэмжин ном, гарын авлагыг удаа дараа боловсруулан гаргасан.
2018 онд хүүхэд харагч нарын бага насны хүүхэдтэй ажиллах арга зүйг нь дэмжин сайжруулаж чадваржуулах үүднээс  МУБИС-ийн СӨБС-ийн багш нарын баг “Хүүхэд харагч нарт зориулсан гарын авлага”-ыг боловсруулан хэвлэн нийтлүүлж та бүхний өмнө тавьж байна. Гарын авлагыг зохиогчид бага насны хүүхдийн насны онцлог,  хийх  үйлийн чадварт нь нийцүүлэн  2-3, 4-6  хүртэлх насны ангиллаар тоглоом, дасгал, даалгаврыг боловсруулсан болно.   
Энэхүү гарын авлага нь хүүхэд харагч болон эцэг эх нарт чиглэгдсэн юм. Та бүхэнд өөрсдийнхөө болон харж байгаа хүүхдүүдтэйгээ хамтран 4 бүлэг сэдвийн хүрээнд мэргэжлийн багш нарын боловсруулсан дасгал, даалгавар, туршилт, зөвлөмжтэй танилцан зохион байгуулж буй үйл ажиллагаандаа нэвтрүүлэн хэрэгжүүлэхийг санал болгож байна. “Хүүхэд харагч нарт зориулсан гарын авлага”-т  орсон дасгал, даалгаврыг өөрсдийнхөө үйл ажиллагаатай нийцүүлэн хувилбар болгон өөрчилж хэрэглэх бүрэн боломжтой. 
 
2. “ТУСГАЙ ХЭРЭГЦЭЭТ БОЛОВСРОЛЫН ҮНДЭС” сурах бичиг
 
МУБИС-ийн чанарын шинэчлэлийн хүрээнд “Багш-Сургуулийн өмнөх боловсрол” мэргэжлийн  сургалтын төлөвлөгөө, хөтөлбөрийн хэрэгжилтийг дэмжих, хичээл хоорондын агуулга, арга зүйн залгамж холбоог сайжруулах зорилгоор  СӨБС-ийн багш нар АНУ-ын Нью Мексико болон  Канзасын Их сургуулийн эрдэмтэн багш нартай хамтран “Тусгай хэрэгцээт боловсролын үндэс” сурах бичгийг боловсруулж энэ өдөр нээлтээ хийж байна. 
“Тусгай хэрэгцээт боловсролын үндэс” сурах бичиг нь 9 бүлгээс бүрдэх ба багш мэргэжлээр суралцаж буй оюутан суралцагчид, багш нар, эцэг эхчүүдэд бага насны хүүхдийн хөгжлийн онол арга зүй, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн хөгжил, боловсролын орчин, тэдний хөгжлийн онцлог, хэрэгцээ шаардлагад нийцсэн эрт үеийн болон үргэлжилсэн дэмжлэг, тусламж чухал болохыг онолын үзэл баримтлал, жишээ баримтад тулгуурлан ойлгож,  судалж суралцахад нэн тустай байх болно. 
“Тусгай хэрэгцээт боловсролын үндэс” сурах бичиг нь англи болон монгол хэл дээр хэвлэгдэж байгаа нь Монгол улсад тусгай хэрэгцээт  болон Тэгш хамруулан сургах боловсролын үзэл баримтлалыг дэлхийн жишигт нийцүүлэн хөгжүүлэхэд хувь нэмэр оруулахын зэрэгцээ оюутан суралцагчид дээрх чиглэлээр олон улсын туршлагаас суралцах боломжийг нэмэгдүүлж байгаа юм.
 
3. “ТОМ НОМ” төсөл
 
МУБИС-ийн СӨБС, Багшийн сургуулийн эрдэмтэн багш нар боловсролын орчинд хүүхэд, багш, эцэг эх харилцан биенээ хүндэтгэх, асуудлыг хүчээр бус ярилцан ойлголцох тэгш эрхтэй харилцааны дадал зуршлыг дэмжин түгээх зорилготой “Том ном” төслийг хэрэгжүүлж байна.  
Төслийн хүрээнд бага насны хүүхдэд зориулсан, боловсролын орчинд хүчирхийллээс ангид хөгжлийн эерэг харилцааг төлөвшүүлэх агуулга, арга зүй бүхий эхний 4 цуврал ном бэлэн болоод байна. 
Уг “Том ном” төсөл нь  боловсролын институци болон гэр бүлд  бага насны хүүхдэд ном уншиж өгөх дэвшилтэт арга зүй болох  “Харилцан ярилцаж хамтран унших” технологийг  нэвтрүүлж байгаа юм.    
 
4. “БАГА НАСНЫ ХҮҮХДИЙН ЭСРЭГ ХҮЧИРХИЙЛЭЛ” сургалтын модуль
 
СӨБС-ийн багш нарын боловсруулсан “Бага насны хүүхдийн эсрэг хүчирхийлэл” хэмээх цэцэрлэгийн багш нарт зориулсан сургалтын модуль нь цэцэрлэгийн орчин, цэцэрлэгийн үйл ажиллагаанд хүчирхийллийн аливаа хэлбэрээс урьдчилан сэргийлэх чиглэлээр харилцагч талуудын чадавхийг бэхжүүлэхэд чиглэж байгаа юм. 
Сургалтын модуль нь 5 бүлэг сэдэв бүхий  20 цагийн хичээлээс бүрдэнэ. Бага насны хүүхэдтэй ажиллаж буй багш сурган хүмүүжүүлэгчид, сургуулийн өмнөх боловсролын багш мэргэжлээр суралцаж буй оюутан суралцагчид СӨБС-иас зохион байгуулах сургалтад хамрагдсанаар “Бага насны хүүхдийн эсрэг хүчирхийлэл” сургалтын модулийг амьдрал, үйл ажиллагаандаа ашиглах бүрэн боломжтой. 
 
Хэзээ: 2018.05.10-ны өдөр 14:00 – 15:20 цагт
Хаана: МУБИС-ийн А байр 
 
Дэлгэрэнгүй мэдээллийг 99193798, 99838773 утсаар болон tsendsurent@msue.edu.mn хаягаар авна уу.