МУБИС-ийн оюутнууд анх удаа онлайнаар орос хэлний ярилцлага, шалгалт өглөө


МУБИС, ОХУ-ын Уралын Холбооны их сургуулийн хамтын ажиллагааны хүрээнд хэрэгжүүлэх олон ажлын нэг бол орос хэлийг түгээн дэлгэрүүлэхэд хамтран ажиллах, орос хэлийг судалж буй оюутнуудад дэмжлэг үзүүлэх асуудал юм. Үүний нэг бодит жишээ нь НХУС-ийн Орос хэл, арга зүйн тэнхим ОХУ-ын Уралын Холбооны Их сургуулийн багш нартай хамтран анх удаа орос хэлний түвшин тогтоох онлайн ярилцлага, тестийн шалгалт авсан явдал юм. 2018 оны 12 дугаар сарын 01-нд зохион байгуулсан онлайн ярилцлага, тестийн шалгалтыг МУБИС-ийн Мэдээллийн Технологи, Зайны Сургалтын Алба (МТЗСА) зохион байгуулсан бөгөөд хэлэхүйн 4 чадварыг шалгасан тест, онлайн ярилцлагад НХУС-ийн ОХАЗТ-ийн 2,3 дугаар курсын нийт 27 оюутан амжилттай хамрагдлаа. 

Оюутнууд онлайн ярилцлага, тестийн шалгалт өгснөөр хэлний мэдлэг, чадвартаа тохирох түвшний сургалтад хамрагдах юм. Сургалтыг ОХУ-ын ерөнхийлөгчийн тэтгэлэгт сангийн тусламжтайгаар Уралын Холбооны их сургуулийн эрдэмтэн багш нар онлайнаар үнэ төлбөргүй зохион байгуулах бөгөөд оюутнууд нийт 144 цагийн сургалтад хамрагдсанаар орос хэлний мэдлэг, чадвараа дээшлүүлэхээс гадна ОХУ-ын их, дээд сургуульд элсэх уралдаант шалгалтад бэлдэх, түүнчлэн УХИС-д үргэлжлүүлэн суралцах боломжтой болно. Онлайн сургалт 2019 оны 04-р сарын 30-ны өдрийг хүртэл 4 сарын хугацаанд явагдах ба сургалтад хамрагдсан оюутнууд 2019 оны 06-р сарын 20-ноос 07-р сарын 10-ны хооронд болох “Кирилица – Фест” орос хэлний фестивальд оролцох юм байна.

Мэдээллийн технологи, зайны сургалтын алба

НХУС-ийн Орос хэл, арга зүйн тэнхим