Нагоя их сургуулийн эрдэмтэд МУБИС-д ажиллав


Хамтын ажиллагаатай Япон улсын Нагоя их сургуулийн “Хүний хөгжил, сэтгэл зүйн судалгааны төв”-ийн эрхлэгч доктор Кенжи НОМҮРА, профессор Масако НАГАТА, Хитоши КАНЕКО нар энэ 7 хоногт МУБИС-д хүрэлцэн ирж ажиллаа. МУБИС, Нагоя их сургуультай хамтран “БОЛОВСРОЛЫН ТУСГАЙ ХЭРЭГЦЭЭ ШААРДЛАГАТАЙ СУРАГЧДЫГ ДЭМЖИХ” төслийг хэрэгжүүлж эхлээд 3 дахь жилдээ гэрээт төлөвлөгөөний дагуу амжилттай явагдаж байгаа билээ. Тус төслийн ажлын хүрээнд  судалгааны ТАНАКА БИНЭ хүүхдийн оюун ухааны хөгжлийн сорилыг Монголд нутагшуулах томоохон ажлыг эхлүүлсэн бөгөөд  энэ удаа 3 дахь жилийн ажлын гэрээнд гарын үсэг зурах арга хэмжээ амжилттай болов. Арга хэмжээнд Төслийн зохицуулагч Нагоя их сургуулийн “Хүний хөгжил, сэтгэл зүйн судалгааны төв”-ийн эрхлэгч доктор Кенжи НОМҮРА, төслийн багийн гишүүд Японы Нагоя их сургуулийн профессор Масако НАГАТА, Хитоши КАНЕКО нар болон МУБИС-ийн гадаад харилцаа эрхэлсэн дэд захирал проф. Ц.Бурмаа, Багшийн сургуулийн захирал дэд проф. Ц.Дэлгэрсайхан, Хөтөлбөрийн албаны дарга доктор Б.Булган, МУБИС, НАГОЯ их сургуулийн хамтарсан “Хүүхдийн хөгжлийг дэмжих төв”-ийн эрхлэгч доктор Д.Одгэрэл, тус төвийн багш Д.Оюунтунгалаг, Бага боловсролын арга зүйн тэнхимийн эрхлэгч дэд профессор Б.Оюунцэцэг нар оролцлоо. Түүнчлэн МУБИС, Нагоя их сургуулийн хамтарсан “Хүүхдийн хөгжлийг дэмжих төв”, Нагоя их сургуулийн “Хүний хөгжил, сэтгэл зүйн судалгааны төв” хамтран "Боловсролын тусгай хэрэгцээ шаардлагатай хүүхдүүдтэй ажиллах онол арга зүй" сэдэвт сургалтыг 10-р сарын 9-ний өдөр МУБИС-ийн Багшийн хөгжлийн төвд амжилттай зохион байгуулж, сургалтад хамрагдсан нийслэл, орон нутгийн ЕБС-ийн багш нарт  сертификат гардуулж өгөв. Ингээд Монгол хүүхдийн ирээдүйн сайн сайхны төлөө тулгамдсан чухал асуудалд үнэтэй хувь нэмэр оруулах өндөр ач холбогдолтой өргөн хүрээтэй ажлуудыг хийж байгаа МУБИС, Нагоя 2 их сургуулийн эрдэмтэн судлаач багш нартаа гүн талархал илэрхийлж, цаашдынх нь ажилд улам их амжилтыг хүсье. 

Т.Дуламрагчаа