Дидактикийн багш нарын 2 дахь зөвлөгөөн боллоо


МБУС-ийн Дидактикийн тэнхимээс МУБИС-ийн Дидактикийн багш нар болон Боловсролын хүрээлэн, БМДИ-тэй хамтран Дидактикийн багш нарын 2 дахь зөвлөгөөнийг 2019 оны 6-р сарын 6-ны өдөр амжилттай зохион байгууллаа. Зөвлөгөөний зорилго нь багш бэлтгэх их, дээд сургуулийн хичээлийн багшлах үйл ажиллагаа, сургалтыг сайжруулах, харилцан туршлага солилцох, өнөөдөр сургалтанд тулгамдаж буй зарим асуудлуудаар нээлттэй сонсгол хэлэлцүүлэг өрнүүлэх, зөвлөмж гаргахад оршиж байлаа. Түүнчлэн МБУС-аас санаачлан жил бүр зохион байгуулдаг боловсролын тулгамдсан асуудал, шийдэл, арга зам эрдэм шинжилгээний хурлыг ирэх жил "Боловсролын бодлого, бодлогын шинжилгээ" сэдвийн хүрээнд хийхээр төлөвлөж байгаа ба уг ээлжит хурлын агуулгын чиглэлээр өгүүлэл бичих аргачлалын талаар профессор багш нарын саналыг сонсож, хэлэлцүүлэг хийлээ. Энэ удаагийн Хоёрдугаар зөвлөгөөнийг МБУС-ийн Дидактикийн тэнхимийн эрхлэгч доктор, профессор Ц.Лувсандорж чиглүүлж, МБУС-ийн захирал доктор, дэд профессор О.Алтангоо, БССТ-ийн эрхлэгч академич Б.Жадамбаа, Физикийн тэнхимийн профессор Д.Пүрэвдорж, Математикийн тэнхимийн эрхлэгч доктор, проф. Б.Сандагдорж нар зөвлөгөөнд оролцон саналаа солилцов. Ингээд Багш мэргэжлийн чухал нэгэн салбар болох заах арга зүй буюу дидактикийн тулгамдсан асуудлаар зөвлөгөөн хэлэлцүүлэг зохион байгуулж уламжлал болгоод байгаа эрдэмтэн судлаач багш нартаа ажлын өндөр амжилт хүсье.

Т.Дуламрагчаа