“Орон нутгийн багш нарын заах онлайн хичээлийн бэлтгэл” практик сургалт болно


Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам, Азийн хөгжлийн банкнаас санхүүжүүлэн хэрэгжүүлж буй “Дээд боловсролын шинэчлэл” төслийн хүрээнд Монгол Улсын Боловсролын их сургууль, Дорнод их сургууль, МУБИС-ийн бүрэлдэхүүний Архангай аймаг дах Багшийн сургууль, Монгол Улсын Их Сургуулийн харъяа Завхан сургууль, Ховд их сургуулиудад зайны сургалтын төв байгуулагдан, сургалт, судалгааны чиглэлээр хамтран ажиллаж байна. Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдын 2018 оны А/522 дугаар тушаалын дагуу МУБИС-ийн зайны сургалтын төв нь дээрх төвүүдийн хамтын ажиллагааг улам сайжруулах, туршлага солилцох, холимог сургалтыг нэгдсэн платформоор зохион байгуулах, цахим сургалтын нэгдсэн платформыг хамтран ашиглах зэрэг үйл ажиллагааг нэгдсэн удирдлагаар ханган ажиллаж байна. 

Уг ажлын хүрээнд танхимын, зайны болон онлайн сургалтаар орон нутгийн их, дээд сургуулийн багшийн арга зүй, оюутны хөгжлийг дэмжин дээд боловсролын хөтөлбөрийн чанар, тэгш, хүртээмжтэй байдлыг нэмэгдүүлэх зорилго бүхий цуврал сургалт зохион байгуулагдах юм. Нийт 2000 багшийг чадавхийг бэхжүүлэх цуврал сургалтын эхлэл болох “Орон нутгийн багш нарын заах онлайн хичээлийн бэлтгэл” практик сургалт 2018 оны 12 дугаар сарын 10-аас 21-ний өдрүүдэд зохион байгуулагдаж гэж байна. Багш нар сургалтад хамрагдсанаар Монгол Улсын Боловсролын их сургуулийн Зайны сургалтын төв, мультимедиа студи, дижитал агуулга бэлтгэх өрөө, цахим үнэлгээний төв, Шинжлэх ухаан, технологийн их сургуулийн Е-институт, Монгол Улсын их сургуулийн мультимедиа студийн техник, технологи, тоног төхөөрөмжийг ашиглан өөрийн заах хичээлийн цахим материал, онлайн хичээлийн даалгавар, тестийн сан бүрдүүлж, тэдгээрийг сургалтын нэгдсэн платформд байршуулан, 2019 оноос онлайн хичээл заах боломж бүрдэх юм. 

Мэдээллийн технологи, зайны сургалтын алба