Химийн тэнхимийн эрдэмтэн, судлаачид инноваци бүтээгдэхүүнээ гардуулан өгөв


МБУС-ийн Химийн тэнхимийн эрдэмтэн, судлаач багш нар өөрсдийн бүтээж, үйлдвэрлэсэн инновацийн бүтээгдэхүүнээ Эрдэм шинжилгээ, инновацийн албанд (дарга доктор Я.Шийлэгмаа) өнөөдөр гардуулж өглөө. Химийн тэнхимийн ахлах багш Ү.Пүрэвжав судлаач шавь нарынхаа хамт байгалийн гаралтай экологийн цэвэр бүтээгдэхүүн "EDE ECO I" СӨД ӨВСНИЙ ЦАЙ бүтээн хэрэглэгчдийн гар дээр очиход бэлэн болгон ийнхүү МУБИС-ийн инноваци болсон бүтээгдэхүүний дээжээ гардуулж өгөөд байгаа нь бахархалтай нэгэн үйл явдал юм. Сөд өвс нь манай орны ойт хээрийн бүсээр элбэг ургадаг эмийн ургамал гэдгийг манай ард түмэн андахгүй мэднэ. Гэвч химийн орц найрлага, ач холбогдлыг нарийвчлан судалсан судалгаа манайд бараг байдаггүй байсан байна. 2015 оноос манай Химийн тэнхим дээр суурь судалгааны түвшинд химийн найрлага, технологи, жор, орцыг тогтоох нарийвчилсан судалгаануудыг хийж эхэлсэн юм. Ийнхүү нарийвчилсан судалгааны дүнд Сөд өвсөнд 13 төрлийн органик нэгдэл, 32 төрлийн макро, микро ( Кальци, Магни, Кали, Фосфор .... зэрэг) элементүүд агуулагддаг болохыг тогтоогоод байна. Сөд өвсний цэцэг нь улаан хүрэн өнгөтэй байдагийг бид андахгүй. Энэ цэцэгт антациан, флавноид, танин, катахин (полифенолт) зэрэг үйлчлэгч бодисууд агууллагддаг нь бактерийн эсрэг үйлчилгээг бий болгодог ажээ. Тус бүтээгдэхүүнийг гарган авах үйл явц нь дараах Химийн шинжлэх ухааны судалгааны нарийн төвөгтэй үе шатуудыг дамжин хийгдсэн юм. Тухайлбал, Суурь судалгаа хийх, Технологийн судалгаа хийх / ургамлын харьцаа, хэмжээг тодорхойлох, хоруу чанарын судалгаа, фармалогийн судалгаа, эцсийн бүтээгдэхүүний судалгаа гэх мэт/, Бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн шат зэрэг. Химийн шинжлэх ухааны судалгааны ажлын нэг онцлог нь бусад шинжлэх ухаануудаас цаг хугацаа болон хөрөнгө их хэмжээгээр шаарддаг. Сүүлийн жилүүдэд МУБИС-иас эрдэмтэн судлаач багш нарынхаа судалгаа, шинжилгээний ажлыг бодлогоор дэмжин олон төрлийн төслүүдийг хэрэгжүүлэх, өөрийн санхүүжилтээр дэмжиж эхэлсэн нь бодит үр дүнгээ өгч МУБИС-ийн инноваци болсон бүтээгдэхүүдээ хүлээн авч эхэлсэнд эрдэмтэн багш нар маань ихэд баяртай байгаа юм. Өнөөдрийн энэхүү гардуулж өгсөн бүтээгдэхүүн болох СӨД ӨВСНЙИ ЦАЙ -ны онцлог нь эх орныхоо Хангай, Хэнтий, Хөвсгөл, Булган хангайн агаарын бохирдол, уул уурхайгаас хол, байгалийн хамгийн цэвэр эрүүл орчноос бэлтгэсэн СӨД өвсийг бусад эх орныхоо эмийн ургамал болох нохойн хошуу, мөөгөн боролзгоно, Аньс, Нэрс зэрэг ургамлуудын иш, навчаар баяжуулан бүтээсэн эрүүл мэндэд тустай Монгол цай болжээ. EDU-ECO I Сөд өвсний цай нь 2018 онд МУБИС-ийн санхүүжилттэй төслөөр ийнхүү амжилттай үйлдвэрлэгдэн хэрэглэгчдийн гар дээр очиход бэлэн боллоо. Тус төслийн дэмжлэгээр уг бүтээгдэхүүний сав баглаа, хэвлэлийн эх бэлтгэл, хэрэгцээт багаж болон бодис урвалжаа худалдан авах, бусад лабориториудад үр дүнгээ баталгаажуулах зэрэг олон санхүүгийн асуудлуудаа шийдвэрлэж чаджээ. Ингээд шинэ бүтээгдэхүүнээ амжилттай хүлээлгэн өгөөд байгаа СӨД ӨВСНИЙ ЦАЙ төслийн багийн ахлагч Химийн ухааны доктор, дэд профессор Н.Наранцогт, гишүүд: ахлах багш Ү.Пүрэвжав, оюутан А.Намжилмаа, Б.Төмөртулга, Х.Тэгшжаргал, магистрант Нарангарав нартаа гүн талархал илэрхийлж, цаашдын тань судалгаа шинжилгээний ажилд амжилт хүсье.

Т.Дуламрагчаа