НОМЫН САНГИЙНХАН ХӨХ ХОТЫН БИС-Д АЖИЛЛААД ИРЛЭЭ


МУБИС-ийн номын сангийн дарга Ж.Баатарсүрэн, Мэдээллийн технологич Ш.Цогтбаатар, Ахлах номын санч  Т.Энхтуул, Д.Цолмон нар хамтын ажиллагаатай ӨМӨЗО-ны Багшийн их сургуулийн номын сантай танилцах, туршлага судлах, цаашид хамтран ажиллах талаар ажлын айлчлал хийлээ.
 
ӨМӨЗО-ны Багшийн их сургуулийн номын санд 2 өдөр ажиллаж Номын сангийн захирал удирдах ажилтнуудтай уулзаж номын сангийн бүтэц үйл ажиллагааны чиглэлүүдтэй танилцав. МУБИС-ийн номын сан болон ӨМӨЗО-ны Багшийн Их Сургуулийн номын сан нь цаашид хамтран ажиллах талаар 2 талын удирдлагууд санал солилцож хамтран ажиллах чиглэлүүдээ гаргалаа. Үүнд: 
- Номын санчдыг сургалтад хамруулах, давтан сургах
- Номын сан, номын сангийн үйлчилгээний маркетингийн талаар эрдэм шинжилгээний хурал зохион байгуулах 
- ӨМӨЗО-ны  бусад номын сангуудтай хамтран ажиллах зэрэг үндсэн чиглэлүүдийг гаргав. 
 
Мөн тус сургуулийн номын сангийн эрдэм шинжилгээ судалгааны төвтэй хамтарсан төсөл хэрэгжүүлэх боломжийг нээлээ. 
МУБИС-ийн номын сангийн нийт ажилтнуудын хувьд өмнө нь гадагшаа явж номын сангуудтай биечлэн танилцаж байгаагүй ба энэхүү ажлын айлчлал нь цаашдын үйл ажиллагаанд үр дүнгээ өгсөн чухал алхам болж байна.  
 
ӨМӨЗО-ны Багшийн их сургуулийн номын сан нь 25 сая номтой, 130 ажилтантайгаас гэрээт ажилтан 30, үндсэн ажилтан 100 хүний бүрэлдэхүүнтэйгээр үйл ажиллагаагаа явуулдаг юм байна. Жилд 1 тэрбум төгрөгөөр фондын баяжуулалтыг хийдэг. Нэг нэр төрлийн номоос 5-10 ширхгийг авдаг. 30 гаруй мянган оюутанд үйлчилдэг, номын сангийн шинэ хуучин 2 барилгатай ажээ.
 
Номын сангийн танхимууд нь шинжлэх ухааны чиглэлээр салбарлан зохион байгуулагдсан бөгөөд 1 танхимдаа 80000 номтой 70-80 суудалтай.
Танхимууд нь өглөө 8 цагаас оройн 22 цаг хүртэл ажилладаг бөгөөд 2-оос 3 номын санч ээлжээр ажиллаж байна. Мөн гэрээр олгох тусгайлсан танхим байхгүй бөгөөд танхимууд нь гэрээр олгох үйлчилгээг хийдэг. Номын сан нь эртний ном судар ихтэй бөгөөд эдгээрийг хувь хүнээс худалдан авч цуглуулжээ. Мөн номын сан нь эрдэм шинжилгээ судалгааны бие даасан төвтэй бөгөөд гадаадын улс орны номын сангуудтай хамтарсан төсөл хөтөлбөрүүд дээр ажиллаж байна.
 
Аялалын 2 дахь өдөр тус номын сангийн захирал болон хэлтсийн дарга нартай ӨМӨЗО-ны Багшийн их сургуулийн номын сангийн шинэ цогцолборт очин, номын сангийн мэдээллийн технологи, цахим номын сангийн бааз зохион байгуулалт, хуучин ном сэргээн засварлалт, номын сангийн RFID технологиудтай танилцлаа. Шинэ номын сан нь зохион байгуулалт болон үйл ажиллагааны хувьд  шинэлэг бөгөөд 30000м2 талбай бүхий үйлчилгээний 10 гаруй нэгжээр үйлчилж байна.
 
Номын санд хамгаалалтын орчин үеийн RFID системийг суурилуулан уншигчдад үйлчилж байгаа нь дэлхийн жишигт нийцсэн номын сан болж чаджээ. Номын хуудас урах, бохирдуулах зэрэгт мөнгөн төлбөр ноогдуулдаг бөгөөд номын санд үйлчилгээний ажилтан ажиллахгүй, сард нэг удаа оюутнуудыг цалинжуулан номын тоосыг нэг бүрчлэн арчуулдаг зэрэг манайд хэрэгжүүлж болох олон санаанууд харагдаж байна. Ингээд өөр улсын их, дээд сургуулийн номын сангийн үйл ажиллагаатай танилцах, туршлага судлах боломж олгосон МУБИС-ийн удирдлагуудад талархснаа илэрхийлье.