"ОЮУТНЫ ХӨГЖЛИЙГ ДЭМЖИХ ЖИЛ" болгов


МУБИС-ийн 2018-2019 оны Хичээлийн шинэ жилийн нээлтийн ёслолын арга хэмжээ түүхээ зузаалж, амжилтаа бататгасан баяр бахдалаар дүүрэн болов. 2018 онд МУБИС нь 3 дахь удаагаа магадлан итгэмжлэгдсэн анхны их сургуулиудын нэг болсон бол мөн анх удаа “Математикийн багш”, “Мэдээлэл зүйн багш”  2 хөтөлбөрөө ХБНГУ-ын Олон улсын ASIIN байгууллагаар амжилттай магадлан итгэмжлүүлж БАТЛАМЖАА өнөөдөр гардан авлаа. Нээлтийн үйл ажиллагаанд МУБИС-ийн захирлын үүрэг гүйцэтгэгч доктор Д.Мандах: "... 2018-2019 оны энэ шинэ хичээлийн жилийг ОЮУТНЫ ХӨГЖЛИЙГ ДЭМЖИХ ЖИЛ болгосныг дуулгаад нийт оюутан суралцагчдынхаа төлөө олон ажлыг хийхээр төлөвлөснөө..." дуулгав. Нээлтийн арга хэмжээнд БСШУСЯ-ны төрийн нарийн бичгийн дарга Б.Баярсайхан, ОУ-ын төсөл хөтөлбөр, гадаад харилцааны албаны дарга Т.Ууганбаяр, Дээд боловсролын бодлогын мэргэжилтэн Т.Янжмаа нар болон Боловсролын хүрээлэн, МУБИС-ийн бүрэлдэхүүн сургуулиудын удирдлага, ахмад гавьяат багш нар, алдартан төгсөгчдийнх төлөөлөл, эрдэмтэн багш нар, оюутан суралцагчид өргөнөөр хүрэлцэн ирж оролцлоо. 
МУБИС нь энэ 2018-2019 оны хичээлийн жилд 25 хөтөлбөр, 42 мэргэжлээр сургалтын үйл ажиллагаа явуулж эхлээд байгаа бөгөөд шинээр нийтдээ 3085 оюутан элссэн билээ. Хичээлийн шинэ жилийн нээлтийн энэ өдөр МУ-ын засгийн газрын 181-р тогтоолын дагуу багш мэргэжлээр суралцах өндөр оноотой элссэн оюутан залууст 70, 100 %-ийн тэтгэлэгээр суралцах эрхийн бичиг БАТЛАМЖИЙГ МУБИС-ийн удирдлагууд ахмад профессор, гавьяат багш нарынхаа хамт гардуулан өгч, баяр хүргэлээ. Ийнхүү 100%ийн тэтгэлэгээр 60, 70%-ийн. тэтгэлэгээр 300 -аад оюутан залуус суралцах болзолыг хангажээ МУБИС-иас зарим мэргэжлээр элсэн суралцагч эрэгтэй оюутан залуусаа дэмжиж 50%-ийн тэтгэлэгийг олгодог болсон билээ. Энэ шинэ хичээлийн жилд Математик, Байгалийн ухаан, Бага анги, Сургуулийн өмнөх боловсролын багшийн мэргэжлээр суралцах болзол хангасан 30 эрэгтэй оюутан 50%-ийн тэтгэлэгээр суралцах БАТЛАМЖАА гардан авлаа. Оюутнууддаа сурлагын өндөр амжилт хүсье.
Энэ хичээлийн жилд МУБИС-ийн Дүрслэх урлаг, технологийн сургууль түүхт 60 жилийн ойтойгоо учран золгож байгаа нь бас нэгэн онцлог жил болж байна.  
Ингээд эрхэм хүндэт та бүхэнд ХИЧЭЭЛИЙН ШИНЭ ЖИЛИЙН БАЯРЫН МЭНДИЙГ ХҮРГЭЖ, амжилт хүсье.