ЗАХИРЛЫН МЭНДЧИЛГЭЭ


Монгол Улсад багш болон бусад мэргэжлийн боловсон хүчин бэлтгэж ирсэн эрдмийн их далай - Багшийн сургууль үүсэн байгуулагдсны 95 жилийн ой тохиож буй энэ түүхт мөчид тус сургуулийн нийт эрдэмтэн багш, оюутан суралцагч, үе үеийн мянга мянган төгсөгч, ажилтан, албан хаагч, Багшийн сургуультай хамтран ажилладаг дотоод, гадаадын байгууллага, бусад их, дээд сургууль, хувь хүмүүс, болон эрхэм Танд МУБИС-ийн эрдмийн хамт олны нэрийн өмнөөс болон хувиасаа чин сэтгэлийн халуун мэндчилгээг дэвшүүлье.

Багшийн сургуулийн түүхэн замнал бол улс эх орондоо шинэ цагийн эрдэм, соёлын үрийг цэцэглүүлж, ард түмнээ соён гэгээрүүлэх их үйлсийг манлайлагч орчин үеийн сэхээтэн, төрөл бүрийн мэргэжилтэн, багшлах боловсон хүчинг бэлтгэж ирсний бахдам яруу түүх юм.

Аливаа ойг тэмдэглэхийн гол учир нь туулсан замаа эргэн харж, бодитой үнэлж дүгнэн, түүнээс амьдралын их ухаарал, сургамж авч, цаашдын зорилтоо оновчтой тодорхойлон, урагшлан дэвшихэд оршдог билээ. Баялаг намтартай, төрөлх сургуулийнхаа ойг тус сургуулийн хамт олон бүтээлч арвин их амжилтаар угтаж байна. Тэдгээрээс сүүлийн үеийн зарим онцлох ажлаас дурдвал:

  • Ойн босгон дээр сургуулийн бахдам түүхийг тасралтгүй үргэлжлүүлэн бичиж, түүнийг туршлага, бахархал, сургамжийн сан болгон ашиглаж явахыг чухалчилсан “Түүхчилсэн товч толь А-Я” бүтээлийг Монгол Улсын Гавьяат багш, доктор, профессор Ч.Цэдэнбал, доктор Б.Булган, доктор, дэд профессор Д.Энхцэцэг нар бүтээсэн байна.
  • Оюутан суралцагчийн шинжлэн судлах сургалтын шинэлэг арга технологиор МУ-ын Ардын болон Гавьяат багш цолтой 95 эрхэм багштай ярилцсан “Билиг оюуны эх сурвалж-II” хэмээх нэртэй, аман түүхийн номон суварга бүтээлийг дэд профессор А.Оюунтунгалаг төгсөх курсийн оюутнуудтай хамтран бүтээжээ.
  • Оюутны сурч боловсрох сургалтын таатай орчинг бүрдүүлэх зорилгоор тус сургуулийн хамт олон сүүлийн жилүүдэд дотоод нөөц боломжоо дайчлан, Урлагийн танхим болон номын сангийн уншлагын танхим, номын фонд, лекцийн танхим, хичээлийн анги танхимуудыг тохижуулсан байна.
  • Мөн энэ хичээлийн МУБИС-ийн бүтэц, удирдлага зохион байгуулалтад өөрчлөлт орсонтой холбоотойгоор Дүрслэх урлаг, технологийн сургуулиас Урлагийн боловсролын тэнхим тус сургуульд  шилжин ирж байгаа бөгөөд энэ нь одоогоос 55 жилийн тэртээд буюу 1962 онд Багшийн сургуулийн дэргэд Монгол улсад “Дуу хөгжмийн мэргэжлийн багш” бэлтгэж эхэлсэн тэр түүхэн цаг үетэй давхцаж байгаагаараа онцлог юм.
  • Тус сургууль нь Боловсролын Магадлан Итгэмжлэх Үндэсний Зөвлөлийн сургалтын хөтөлбөрийн шинэ шалгуур, шаардлагын дагуу Өөрийн үнэлгээний тайланг хугацаанд нь  гаргаж, тус зөвлөлд хүлээлгэн өгсөн бөгөөд Дээд боловсролын шинэчлэлийн төслийн хүрээнд олон улсын болон дотоодын магадлан итгэмжлүүлэх сургалтын хөтөлбөрүүдийн хэрэгжилтэд мониторинг хийх ажлын хэсгээс “...төлөвлөсөн ажлуудаа графикт хугацаандаа хийж чадсан байна” гэсэн үнэлгээ, дүгнэлт авчээ. Удахгүй тус сургууль сургалтын хөтөлбөрөө магадлан итгэмжлүүлнэ. Мөн энэ хичээлийн жилд “Багш, бага ангийн боловсрол” сургалтын хөтөлбөрт олон улсын зөвлөх багш шинжээч, зөвлөхөөр ажиллаж байна.

Эрдэм номын их оргил өөд түмэн олноо хөтөлсөн Бадрангуй алдарт Багшийн сургуулийн эрдэм номын ариун цагаан мөр, угтах ирээдүйн гэрэлт зам нь шулуун дардан, мөнхөд гэрэлтэж байх болтугай.

 

МУБИС-ийн ЗАХИРАЛ, ДОКТОР                                   Д.МАНДАХ