Физикийн лабораторийн багаж бүтээж эхэллээ


МБУС-ийн "Монозүкүри" төвөөс өнгөрсөн хугацаанд ЕБС-ийн Физик сургалтын Цахилгаан, Механик, Оптик, Долгионы хичээлийн сургалтын олон арван хэрэглэгдэхүүн, лаборатори туршилтын багаж төхөөрөмжийг зохион бүтээж үйлдвэрлэхэд бэлэн болгоод байна. Эдгээр багаж төхөөрөмжүүд нь ЕБС-д дутагдалтай төдийгүй огт байдаггүй бөгөөд ИННОВАЦИ болсон энэ бүтээгдэхүүнүүд овор хэмжээ бага, тоо хэмжээг ихэсгэх боломжтой ба 1 багаж дээр 4 сурагч зэрэг ажиллах боломжтой зэрэг нь суралцагчдад хүртээмжийг нэмэгдүүлэх гэх мэт олон талын ач холбогдолтой байгаа юм. Мөн багаж төхөөрөмжүүдээ угсарч, засах үйлчилгээг ЕБС-ийн багш, сурагчид өөрсдөө хийх бололцоо бүрджээ. "Монозүкүри" төвийн эрхлэгч доктор профессор Р.Базарсүрэн төвийнхөө багш судлаач нартай хамтран ЕБС-ийн физик сургалтын өндөр технологид суурилсан ховор хэрэглэгдэхүүн багаж төхөөрөмжийг бүтээж МУБИС-ийн ИННОВАЦИ бүтээгдэхүүнийг үйлдвэрлэж эхлээд байгаа бөгөөд тус төвд хэрэгжиж буй төслийн ажлынхаа товч тайлангаа  Япон улсын Засгийн газрын буцалтгүй тусламжаар хэрэгжиж буй "Монгол Улсын ЕБС-ийн Байгалийн ухааны сургалтын чанарыг сайжруулах нь" төслийн Удирдах зөвлөлийн гишүүдэд танилцуулсан юм. Профессор багш маань хэлэхдээ: " ... өнөөдөр манайд Боловсролын чанар, үр өгөөж тулгамдсан асуудал хэвээр байна. Чадварлаг инженерүүд, баялаг бүтээгчдийг бэлтгэхэд ЕБС-ийн Байгалийн ухааны хичээлүүд чухал хөрс суурь нь болж өгдөг. Иймд бид хөгжүүлэх сургалтын шинэ арга зүйг бий болгож, ЕБС-ийн сургалтын орчинг сайжруулан сургалтыг шинэ шатанд гаргах хэрэгтэй байна..." хэмээн онцолсон юм. Ингээд "Монозүкүри" төвийн хамт олондоо амжилт хүсье.

Т.Дуламрагчаа