“Урлагийн боловсролын онол, арга зүйн тулгамдсан асуудал” хурал амжилттай боллоо


Багшийн сургуулийн Урлагийн боловсролын тэнхим урлагийн боловсролын хөгжлийн өнөөгийн байдал, цаашдын чиг хандлага, тулгамдаж буй асуудлын талаар харилцан мэдээлэл солилцох, туршлага судлах, тухайн салбарын эрдэмтэн, судлаачдын хамтын ажиллагааг хөгжүүлэх, эрдэм шинжилгээ судалгааны ажлыг дэмжих, нийгэм, олон нийтэд хүргэхэд зорилгоор  “Урлагийн боловсролын онол, арга зүйн тулгамдсан асуудал” сэдэвт тэнхимийн өргөтгөсөн эрдэм шинжилгээний хурлыг 2019 оны 2-р сарын 20 -ны өдөр Багшийн сургуулийнхаа Эрдмийн зөвлөлийн танхимд амжилттай зохион байгуулсан юм. Хуралд Багшийн сургуулийн захирал доктор Ц.Дэлгэрсайхан, Хөтөлбөрийн албаны дарга доктор Б.Булган, Урлагийн боловсролын  тэнхимийн эрдэмтэн багш нар болон  хот, хөдөө, нийслэлийн дуу хөгжмийн багш нарын төлөөлөл, Монголын Хөгжмийн багш нарын холбооны удирдлага, оюутан судлаачид, докторантууд өргөнөөр ирж оролцон сэдвийн хүрээнд тулгамдсан асуудлуудаар илтгэл хэлэлцүүлж, асуулт хариулт  явагдаж хэлэлцүүлэг өрнүүлэв. Урлагийн боловсролоор анх удаа болж буй тус хуралд Багшийн урлагийн боловсролын тэнхимийн багш доктор, дэд проф. З.Баярмагнай “Урлагийн боловсролын хөгжил орчин үеийн чиг хандлага”,  тэнхимийн багш Ш.Баттогоо “Багшийн сургуулийн хөгжмийн ангийн түүхэн замнал”, тэнхимийн ахмад багш докторант Н.Долгорсүрэн  “Хөгжмийн багш бэлтгэдэг сургуулийн сургалтын хөтөлбөрийн нөхцөл байдалд хийсэн судалгаа”,  тэнхимийн залуу багш О.Шинэбаяр  “Хөгжмийн хичээлд ганцаарчилсан сургалтыг хэрэгжүүлэх нь”, СӨБС-ийн Урлагийн тэнхимийн багш докторант    Г.Заяабат, Б.Баяржаргал нар “Урлагийн боловсролын сургалтын төлөвлөгөөний харьцуулсан судалгаа” (МУБИС-ийн СӨБС, ӨМБИС-ийн сургалтын төлөвлөгөөний жишээн дээр),  тэнхимийн докторант Б.Оргил “Өвөр монголын морин хуур хөгжмийн багш нарын мэргэжлийн хөгжлийг зарим талаар судалсан нь”, МУБИС-ийн харьяа ЕБС-ийн багш Б.Цэвээнсүрэн “Хөгжмийн багшийн өнөөгийн байдал, эрэлт хэрэгцээ”, “Шинэ Монгол” ЕБС-ийн багш Ш.Энхжаргал “Япон Монголын дуу хөгжмийн I-V ангийн сурах бичгийн харьцуулсан судалгаа ба “Хөгжмийн ертөнц” хувилбарт сурах бичиг”, Нийслэлийн 39-р сургуулийн багш Д.Долгормаа “Судалгаат хичээлээр багш хөгжих нь” сэдвээр тус тус илтгэлээ хэлэлцүүлэв. Энэ удаагийн тэнхимийн өргөтгсөн эрдэм шинжилгээний хурлын чиглүүлэгчээр Багшийн сургуулийн УБТ-ийн багш доктор Ц.Тамир, ББАЗТ-ийн багш доктор Г.Энхжаргал нар ажиллаа. Өнөөдөр эрэлт нэн ихтэй мэргэжлийн тоонд ороод байгаа Дуу хөгжмийн багшийн тулгамдсан олон асуудлаар болон хэрхэн шийдвэрлэх гарцыг хэлэлцсэн нь тус хурлын ач холбогдол өндөр байв. Ингээд Урлагийн боловсролын төлөө хөдөлмөрлөн зүтгэж яваа бүх багш ажилтан, оюутан суралцагчид, судлаач нартаа их амжилтыг хүсэн ерөөе.