ОХУ, БНПУ-д айлчлаад ирэв


МУБИС-ийн захирлын үүрэг гүйцэтгэгч доктор Д.Мандах, ЕБС-ийн захирал доктор М.Мөнхбаатар нар ОХУ, Польш улсын их сургуулиудтай хамтын ажиллагаагаа өргөжүүлэх, багш, оюутан солилцох, зарим мэргэжлээр 2+2 хөтөлбөр хэрэгжүүлэх, сургалт, эрдэм шинжилгээний хамтарсан төсөл хөтөлбөрийг эхлүүлэх болон бусад асуудлаар гэрээ байгуулах ажлын айлчлалыг амжилттай хийгээд ирлээ. Айлчлалын хүрээнд ОХУ-ын Москвагийн Багшийн их сургууль, Москва хотын Багшийн их сургууль, Уралын холбооны их сургууль, Екатеринбург хотын Багшийн их сургууль, БНПУ-ын Вроцлавын урлагийн академид тус тус ажиллажээ.

ОХУ-д:
ОХУ-ын Москвагийн Багшийн их сургуультай хамтарсан хөтөлбөр гаргаж хэрэгжүүлэх, оюутан болон багшийн солицоо, туршлага солилцох, лекц уншуулахаар аль аль талаас эрдэмтдийг урьж ажиллуулах болон хамтарсан эрдэм шинжилгээний төсөл хэрэгжүүлэх, хурал зохион байгуулах тухай санамж бичигт гарын үсэг зурсан байна. 
МУБИС-ийн Орос хэлний багшийн ангийн 30 оюутныг хоёр талын харилцан тохиролцсоноор нэмэлт гэрээ байгуулан нэг жилийн сургалтад хамруулах асуудлыг шийджээ. 

Москва хотын Багшийн их сургуультай боловсрол, шинжлэх ухааны хүрээнд хамтын ажиллагааг хөгжүүлэх хэд хэдэн чиглэлийг гаргаж гэрээ зурсан байна. Гэрээнд багш, бакалавр, магистрант, докторантуудыг солилцох, хамтарсан эрдэм шинжилгээний хурал, семинар болон симпозиум зохион байгуулах, оролцох, сургалтын гарын авлага болон эрдэм шинжилгээний сэтгүүл, ном солилцох, орос хэлийг гадаад хэлтэй адилтган судлах зорилгоор оюутан солилцох зэрэг асуудлыг багтаажээ.

Дээрх хоёр сургуультай гэрээ байгуулахад ОХУ-ын “Россодрудничество” хамтын ажиллагааны байгууллагын төлөөлөгч И.П.Поляченко оролцож тодорхой хэмжээгээр оюутан солилцох асуудлыг ОХУ-ын Засгийн газрын квотод оруулах тал дээр дэмжлэг үзүүлэхээ мэдэгдсэн байна. 
ОХУ-ын Уралын Их сургуультай Сэтгэл судлал мэргэжлээр 2+2 хөтөлбөр хэрэгжүүлэх тухай гэрээнд гарын үсэг зурсан бөгөөд хоёр тал эцсийн байдлаар хоёр сургуулийн сургалтын төлөвлөгөөг харилцан тохиролцож, хүлээн зөвшөөрөлцсөн байна.

Мөн тус сургуулийн “Горизонт” оюутны байгууллагын ОХУ-ын “Россодрудничество” хамтын ажиллагааны байгууллагын дэмжлэгтэйгээр Улаанбаатар хотод 2018 оны 7-р сарын 10-21-ны хооронд явуулах “Студенческий интернациональный лингвистичес-кий лагерь” сургалтад манай 20 оюутан оролцохоор болжээ.

Уралын Холбооны Их сургуулийн гаргадаг Олон улсад нэр хүндтэй эдэм шинжилгээний сэтгүүлд тооцогддог тухайлбал, Scopus-д ишлэгддэг “Вопросы аномастики”, “Quaestio Rossica” зэрэгт МУБИС-ийн багш нарын бүтээлийг хэвлүүлэх, нийгмийн болон хүмүүнлэгийн ухааны чиглэлээр хамтарсан эрдэм шинжилгээний хурал зохион байгуулахаар харилцан тохиролцов.

Уралын Холбооны Их сургуулийн дэргэдэх “СУНЦ” (специализированный учебно-научный цент) лицей сургуультай нь танилцаж цаашдаа МУБИС-ийн харьяа ЕБС-ийн дэргэд Х-ХII анги нээх тухай ярилцсан байна.