Хамтын ажиллагааны гэрээ байгууллаа


Япон улсын Шукутоку их сургуулийн Олон Улсын нийгмийн ажлын Азийн судалгааны Институттэй МУБИС-ийн Боловсрол судлалын сургууль 2018 оны 9 дүгээр сарын 22-ны өдөр хамтын ажиллагааны гэрээ байгууллаа. 

МУБИС-ийн Боловсрол судлалын сургуулийн захирал Г.Цогзолмаа, Японы Шукутоку их сургуулийн Олон Улсын нийгмийн ажлын Азийн судалгааны Институтийн захирал Тацуру Акимото нар хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурж, нийгмийн ажлын боловсрол, нийгмийн ажил, нийгмийн хамгааллын асуудлаар эрдэм шинжилгээ, судалгааны ажилд хамтрах, ном бүтээл туурвих, багш солилцоо, мэргэжил дээшлүүлэх хөтөлбөр хэрэгжүүлэхээр харилцан тохиролцов.      

Шукутоку их сургууль, Боловсрол судлалын сургуулийн хамтын ажиллагаа 2016 онд “Буддын шашны нийгэм хүмүүнлэгийн үйл ажиллагаа” сэдэвт олон улсын судалгаанд Нийгмийн ажил арга зүйн тэнхимийн багш нар ажиллаж эхэлснээр эх үүсвэрээ тавьсан бөгөөд 2018 онд англи, монгол, япон хэл дээр анхны судалгааны бүтээлээ хэвлүүлж, Улаанбаатар хотноо “Азийн Буддистуудын нийгэм хүмүүнлэгийн үйл ажиллагааны хөгжил” сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний хурал хамтран зохион байгуулсан амжилт ололтоор дүүрэн жил болж байна.