Багшийн сургуулийн оюутнууд СОНГОЛТОТ СУРГАЛТАД хамрагдлаа


Багшийн мэргэжил дээшлүүлэх институт (БМДИ)-ээс МУБИС-ийн Багшийн сургуулийн “Тусгал инкубатор төв”-тэй хамтран Багшийн хөгжлийг дэмжих СОНГОЛТОТ СУРГАЛТАД “Сайн дурын оюутан ажиллуулах хөтөлбөр”-ийг амжилттай хэрэгжүүллээ. Тус хөтөлбөрт МУБИС-ийн Багшийн сургуульд Бага ангийн багш мэргэжлээр суралцаж буй II-IV ангийн 41 оюутан сонгон шалгаруулалтаар тэнцэн хамрагдсан бөгөөд багшийн хөгжлийг дэмжих “СОНГОЛТОТ СУРГАЛТ”-ын 49 хөтөлбөрөөс өөрийн сонирхсон 1-2 хөтөлбөрт үнэ төлбөргүй хамрагдахын зэрэгцээ “СУДАЛГААНЫ АРГА ЗҮЙ БА GOOGLE БОЛОМЖ” сэдэвт сургалтад хамрагдаж, сургалтын ирцийн бүртгэл хийх, оролцогчдоос сэтгэл ханамжийн судалгаа авах, нэгтгэх зэрэг сургалт, дадлагын ажил хийн хамтран ажиллаж мэдлэгээ дээшлүүлсэн байна. Хөтөлбөрт амжилттай хамрагдсан оюутнуудад “Талархлын бичиг”-ийг гардуулах арга хэмжээнд Багшийн сургуулийн захирал доктор Ц.Дэлгэрсайхан, Хөтөлбөрийн албаны дарга доктор, дэд проф. Б.Булган, “Тусгал инкубатор төв”-ийн багш доктор, дэд проф. Н.Цогзолмаа, ХА-ны мэргэжилтэн Ц.Мөнхцэцэг нар болон БМДИ-ийн Бүртгэл, төлөвлөлт, мэдээллийн албаны Сургалтын зохион байгуулалт, хэрэгжилт хариуцсан арга зүйч П.Жавзандолгор нар хүрэлцэн ирж оролцон талархлын бичгийг гардуулалцан өгч баяр хүргэн, амжилт хүслээ. Энэ үеэр оюутнууд “САЙН ДУРЫН ОЮУТАН” хөтөлбөрт хамрагдан юу сурч мэдсэнээ дүгнэн ярилцаж, цаашдын сургалт, үйл ажиллагаандаа хэрэгжүүлэх талаараа Багшийн мэргэжил дээшлүүлэх институтийн арга зүйч багш болон сургуулийн удирдлагууддаа танилцуулсан юм. Дашрамд БМДИ-ээс СОНГОЛТОТ СУРГАЛТ 1 кредитийн БАГШИЙН ХӨГЖЛИЙН ХӨТӨЛБӨРИЙГ хэрэгжүүлж эхлээд байгаа бөгөөд бүх шатны багш нар өөрсдийн сонголтоор “Үнэлгээний арга зүй”, “Хичээлийн судалгааны арга зүй”, Видео хичээл хийх болон сорилын асуултууд бэлтгэх техник аргачлалууд”, “Багш хөгжих боломж”, “Суралцагчдын EQ чадварт дэмжлэг үзүүлэх нь”, "Байгалийн үзэгдлийг загварчлах аргаар хэрэглэгдэхүүн бэлтгэх”,” Зөв бичиж сургах хялбар арга”, “Мэтгэлцээн”, “Суралцахуй, бичихүй”, “Сайн дурын оюутан-хөтөлбөр хамтран зохион байгуулагч”, “Тусгай хэрэгцээт боловсролын багшлах арга зүй”, “Санхүүгийн боловсрол, хувь хүний санхүү” ... зэрэг 50 иад төрлийн хөтөлбөрт хамрагдах боломжийг бүрдүүлээд байгаа ба “Сонголтот сургалт”-ыг БМДИ өөрийн арга зүйчид болон хамтран ажиллагч байгууллага / “Оюуны чадварын IQ” төв, Соробан сампингийн Тояа академи, Бага насны хүүхдийн хөгжлийг дэмжих төв, Монгол банк .... зэрэг/ -уудтай хамтран зохион байгуулж байгаа ажээ. Ингээд ирээдүйн багш болох оюутан залууст өөрийгөө улам илүү хөгжүүлэх чухал боломж олгосон үр дүнтэй хамтын ажиллагаанд талархал дэвшүүлж, оюутнууддаа их амжилтыг хүсэн ерөөе.

Т.Дуламрагчаа