АКАДЕМИЧ БАДРАХЫН ЖАДАМБА: МУБИС ЭРДЭМТЭЙ БАГШ НАРЫГ БЭЛТГЭНЭ


-ЭРДЭМ ГЭДЭГ ЭВ ДҮЙ, ЁСЗҮЙ, АРГА ЗҮЙ ГУРАВ ЮМ-

МУБИС-ийн Боловсрол судлалын сургуулийн Боловсролын суурь судалгааны эрхлэгч, академич, доктор, профессор, Монголын Багш нарын холбооны ерөнхийлөгч, Монгол Улсын гавьяат багш Бадрахын Жадамбатай уулзаж ярилцлаа. Архангай аймгийн Цахир сумын уугуул эл эрхэм МУИС-ийн физикийн ангид 1972-1977 онд суралцаж төгсөн, ШУА-д хоёр жил ажиллан, улмаар МУИС-д багшаар томилогдсон байна.


-Монгол Улсын боловсролын салбарт олон жил үр бүтээлтэй ажиллаж байгаа эрхэм хүмүүн танд Монголын багш нарын баярын мэндийг хүргэе!

-Монголын болон дэлхийн багш нарын баярын өдрийг тохиолдуулан Монголынхоо нийт багш, сурган хүмүүжүүлэгчид, боловсролын салбарт ажиллаж байгаа хүмүүст баярын мэнд дэвшүүлье.

-Та хэддэх жилдээ багшилж байна?

-Би боловсролын салбарт 1977 оноос дөч гаруй ажиллаж байгаа хүн. МУИС-д ажиллаж ажлын гараагаа эхэлж байлаа. Дараа нь ерөнхий боловсролын дунд сургууль, цэцэрлэгийн багш нартай ажилладаг Монголын багш нарын мэргэжил дээшлүүлэх институтын захирлаар нэлээд олон жил ажилласан. Улсын багшийн дээд сургуулийг 1990 онд Улсын багшийн их сургууль болох үеэс хойш хувь заяа минь энэ сургуультай холбогдон захирлаар нь 11 жил ажилласан.

-Монголчууд багшаа бурхантай жишин хүндэлж дээдэлдэг ард түмэн. Багш хүнээс мэргэжлийнх нь талаар сонирхвол юу гэх нь сонин байна?

-Багш хүн бол буянтай бөгөөд хамгийн сайхан ажил. Би үүгээр их бахархаж явдаг. Энд тэнд хаа ч явж байсан “Багш аа” гээд угтах хамгийн сайхан хүндлэл. Багш нарын мэргэжил дээшлүүлэх институтэд байхад хөдөө гадаа, сум баг гээд эх орны өнцөг булан бүрт явж байхдаа олон шавь нартайгаа таарна. Би одоо ч Данидагийн төслөөр сургууль, багш нартай нягт холбоотой ажилладаг.

-Ахмад багшийн хувьд багш нарт хэлэх үнэт сургаал олон байгаа даа?

-Монголын ирээдүйн их хувь заяа бүх төвшний сургуульд багшилж буй багшаас асар их хамаарна. Монголын багш нарын холбоо бол багшийн хөгжлийг дэмждэг мэргэжлийн байгууллага. Өнөөдөр ажиллаж буй бүх багш нар ажлынхаа байран дээр хөгжих тал дээр маш их анхаарах шаардлагатай боллоо. Саяхан Багшийн хөгжлийн тухай хууль батлагдлаа. Сургууль болгон дээр Багш хөгжлийн төв нээгдлээ. Багш нар маань ажлынхаа байран дээр хөгжих, зөвхөн өөрсдөө хөгжих биш шавь нараа хөгжих аргад сургах зүйлд анхаармаар байна. Энэ онд манай холбооны тавьж байгаа зорилго бол ер нь бүх шатны сургуулийн багш нараа эрдэмжүүлэх, эрдэмтэй болгох ажилд анхаарал тавья гэж байгаа.

-Эрдэм ном заадаг багш нараа эрдэмжүүлнэ гэж юу гэсэн үг билээ?

-Яагаад тэгж байна гэхээр өнөөдөр Монголд өндөр боловсролтой хүн хэрэггүй, эрдэмтэй хүн хэрэгтэй. Эрдэмтэй гэхээр улсууд жаахан буруу ойлгоод байдаг. Эрдэмтэй гэж эрдмийн том зэрэг цол хамгаалсан гэсэн үг биш. Өөрөөр хэлбэл өөрийнхөө хийж буй өдөр тутмын үйл ажиллагааг байнга ажиглан, эрэгцүүлээд, түүнийгээ үргэлж сайжруулж явдаг багш хэрэгтэй болоод байна. Орчин цагт нийгэм, соёлын орчин маань цагаас цаг тутамд маш хурдтай өөрчлөгдөж байгаа учраас өнөөдөр бид тийм өндөр чадвартай, тийм чадамжтай багш бэлдэнэ гэдэг дэлхий нийтийн хандлага өөрчлөгдөн ерөөсөө ажлынхаа байран дээр тасралтгүй хөгжиж байдаг багш бэлдэнэ гэх болсон. Монгол Улсад орчин цагийн багш, боловсролын тогтолцоо 1921 онд үүссэнээс хойш бараг зуугаад жил болж байна. Бид энэ хугацаанд гадаад улс орнуудын туршлага, өөрийн уламжлал соёл аль алиныг аваад өөрийн гэсэн багш боловсролын тогтолцоог бүрдүүлж чадсан. Гэхдээ багшаа хөгжүүлэх талаар уламжлал, шинэчлэлийн харьцааг зөв зохистой авч явж чадаагүй нь тод харагдаж байна. Шинэчлэлийг давамгайлж, уламжлалаа орхигдуулсан тал бий.

-Ямар уламжлалаа орхигдуулсан бол?

-Монголчууд хүмүүнээр хүн хийх гайхамшигт ухааныг бүтээсэн ард түмэн. Тэр уламжлалаа умартаад гадны шинэчлэл, даяарчлалд өртөөд явж байгаа. Бид хөдөө орон нутагт судалгаа хийж байхдаа “Танай нутагт эрдэмтэй хүн хэн байна” гэж асуухаар зааж өгсөн хүн нь сургууль төгсөөгүй, дөрөвдүгээр ангийн боловсролтой тийм хүн байдаг. Тухайн хүн ажлын байр гаргаад, өөрөө сайхан амьдраад, олныхоо дунд нэр хүндтэй болсон хүн байдаг. Өөрөөр хэлбэл эрдэмтэй хүн гэж ёс зүйтэй, эв дүйтэй, арга зүйтэй хүнийг хэлээд байгаа юм. Өнөөдөр ийм л хүн монголд хэрэгтэй. Бид багшлахаас гадна өөрсдийн шавь нараа ийм аргад сургах юм бол албан ажил хашихдаа яг ёс журмын дагуу хашдаг хүмүүс бий болох юм. Одоо цагт алба хашихдаа “Миний хийсэн ажил ямар үр дүнтэй байна, болж байна уу, үгүй байна уу” гэж бүх шатанд мөрдөх хэрэгтэй байна. Ингэж тасралтгүй ажиллах л УИХ-ын гишүүн ч бай, төрийн алба хашиж байгаа хэнд ч их хэрэгтэй байна. Тасралтгүй гэдэг чинь залгамж чанартай болно гэсэн үг. Нэг хууль баталлаа гэхэд хуулиа хэрэгжүүлж, үр дүнг нь хараад нөгөө хуулиа байнга сайжруулаад явах юм. Тэрнээс цоо шинээр юм бүтээгээд байдаггүй хүнийг эрдэмтэй хүн гэнэ. Ийм эрдэмтэй гэх хүн одоо хөдөө орон нутагт байна л даа. Эрдэмтэй гэхийг эрдэм бүхий, эв дүйтэй, арга зүйтэй, ёс зүйтэй хүн гэж ойлгоход болно. Ийм хүн бэлтгэж чадвал дэлхий нийтэд яриад байгаа тогтвортой хөгжихүйц боловсролтой багш бэлтгэх асуудал аяндаа хэрэгжинэ.

-Энэ талаар та бүхэн ямар ажлуудыг хийж байна вэ?

-Бид боловсролд асар их зүйлийг хийж байна. Хийсэн гэдгээсээ илүүтэй цаашид хийх зүйлдээ анхаармаар байгаа юм. Манай улсад хүмүүс ядуурч байна, ядуурлыг бууруулна гээд их ярьдаг. Монгол сэтгэлгээ жаахан өөр юм. Ядуурлыг дээрээс бууруулна гэхгүй. Ерөөсөө ядуурал гэдэг хувь хүнтэй, тэр хүний боловсролтой холбоотой зүйл. Тийм учраас манай өнөөгийн багш нар, залуу хойч үе юуг их анхаарах вэ гэхээр бидний бэлдээд байгаа, боловсрол олгоод байгаа зүйл хүмүүсийн ядуурлыг сааруулахад хэр зэрэг тус болж байна гэдгийг үргэлж бодож байх ёстой. Магадгүй ядуурлын ихэнхи хувь боловсролтой холбоотой байж мэдэх талтай. Өөрөөр хэлбэл ажлын байрыг дээрээс гаргаж өгнө гэж хүлээгээд суух биш өөрөө ажлын байраа бий болгоод ажиллаж аж төрж буй хүнийг л эрдэмтэй хүн гэдэг юм байна. Цагаан идээний үйлдвэрлэл эрхэлж байгаа, дээл хувцас оёж өөрөө ажлын байр бий болгож буй хүн бол эрдэмтэй хүн юм. “Дархан хүн бурхан ухаантай” гэдэг шиг л хүмүүн бидэнд хэрэгтэй. Монгол маань ингэж хүн бүрийн оролцоотойгоор хөгжихөөс биш ажлын байр бий болгож өгнө гэж суугаад байснаар хөгжихгүй.

-Эрдэм, боловсрол гэдэг хоёр өөр ойлголт болох нь ээ?

-Монгол хэлэнд эрдэм боловсролтой гэж ярина. Боловсрол гэдэг нь хүмүүсийн бүтээгээд тавьчихсан, барууныхаар бол соёл юм уу, соёл дамжуулах үйл явцыг хэлээд байгаа юм. Эрдэм гэдэг бол тэрийг бүтээх арга юм. Монгол хүн “Эдийн чанар эвэндээ, эрдмийн чанар аргандаа” гэж ярьдаг. Өнөөдрийн багш нарын хамгийн чухал юм бол тодорхой ухагдахуун заах биш аргыг нь зааж өгөх. Бид “Загасыг нь барьж өгөхгүй, загас барих аргыг нь зааж өгнө” гэж ярьдаг л даа. Загасыг нь барьж өгөх гээд зүтгээд байдгийг өөрчлөх нь бидний гол зорилт. Эрдэмтэй, эрдэм бүхий багш гэдэг нь аргыг нь зааж өгдөг хүн юм. Тиймээс Багш хөгжлийн төвөө ашиглах хэрэгтэй. Монголчууд эрт дээр үеэсээ эрдмийг эв, сэтгэл гэж ойлгодог. Багш нарын цалин бага, нийгмийн байдал хэцүүхэн байгаа. Багш нар маань намраас хойш нэлээд хөдөлгөөн өрнүүллээ. Цалин ч бага багаар нэмэгдэх шинжтэй. Тэгэхээр багш нар ажилдаа сэтгэлтэй байх хэрэгтэй. Бидэнд мэдлэг дутаагүй, арга дутаагүй, жаахан сэтгэл дутаад байгааг би багш нарт хэлдэг. Тиймээс уламжлалыг сайн судлаач ээ гэж хэлье. Өрөөлийг хараад өөрийгөө орхичих гээд байгаа учраас Монголын сайхан уламжлал дотор бидний хийх зүйлийг заагаад өгчихсөн байна.

-Боловсролын талаар үе үеийн төр засаг гол анхаарлаа хандуулж ирсэн нь тодорхой. Аль үеийнх нь хууль дүрэмд амин чухал зүйл заалт орсон байдаг бол?

-Боловсролын тухай хамгийн тод заасан нь 1924 оны Үндсэн хууль байна. Их нарийн үзвэл тэнд нарийн юм байх шиг байгаа юм. Жишээ нь боловсролын зорилгыг юу гэж заасан гэхээр “Жинхэнэ олон ардыг эрдэм соёлд гэгээрүүлж, элдэв ухааны эрдэмд сургана” гэж заасан. Ухаанд сургана гээгүй байгаа биз. Тэрнээс хойш эрдэм гэдэг үг чинь хасагдсаар байгаад сүүлдээ боловсрол болоод явчихсан. Монголчуудын үнэт зүйлийн эхнийхэд эв, тэгээд эрдэм ордог. Боловсрол гэж юу вэ гэж энд тэндхийн элдэв долоон ном үзээд байхаас илүү монгол хэлээ их үзмээр байгаа юм. Монгол хэлний тайлбар толинд боловсролыг “Алив үйл, түүний үр дүн” гэсэн байгаа. Хүн аливаа зүйлийг хийгээд байхад гарах үр дүн дүн нь боловсрол. Тэрнээс өөрөө сурдаг, үйл хийдэг нь эрдэм. Тийм учраас “Дархан хүн бурхан ухаантай” гэдэг үгийн л учрыг олох хэрэгтэй. Дархан хүн яагаад бурхан ухаантай болдог гэхээр нэг юмыг хийх тусмаа сайжруулаад байдаг учраас ухаан нь үргэлж тэлж байдаг. Тиймээс МУБИС багш нараа эрдэмтэй болгоё гэдэг дээр нэлээд анхаарч ажиллах зорилготой байгаа.

-Багш нар нийгмийг манлайлж явсан тэргүүний хүмүүс дээ. Өнөө харин жаахан үнэлэмж буурсан шиг санагддаг?

-Багшийг монголчууд бурханчлан шүтдэг байсан. Багш өөрөө хүнийг хөгжүүлж, хүмүүсийг хошуучилж явдаг хүн. Ес суртахууны хувьд ч, сэтгэл санааны хувьд ч, арга зүйн хувьд ч хошуучилж явдаг хүн учраас багшийг эрдэмтэй хүн гэдэг байсан. Нэг үгээр багш гэдэг бол эрдэм сурах аргыг өөрөө олоод мэдчихдэг. Шавь нартаа зааж явсаар аргыг нь олж мэдээд хүнд өвлүүлдэг. Багш нар маань өөрсдөө хөгжөөд ирвэл олны дундах нэр хүнд сайжирна. Эрдэмтэй хүн гэдэг өөрөө элдэвтэй, эв дүйтэй, ёс зүйтэй байдаг. Аливааг хийхдээ хүмүүстэй эвлээд явдаг болчихдог учраас эрдмийн дээд эв гэдэг тэр. Багш хүний ёс зүй аяндаа бий болдог болохоор ийм тийм дүрмээр явна гэсний дагуу ч бий болчихдоггүй. Хүн гээч гайхамшигтай амьтны юм бүтээх, хөгжих боломж зөвхөн өөрт нь байдаг. Тэр боломжийг нээж өгөх тал дээр анхаарч ажиллах хэрэгтэй байгаа юм. Багш, сургууль маань хүүхэд, эцэг эхтэй тулж ажиллах шаардлагатай байна. Багш хүүхдийг эцэг эхтэй нь хамтарч хөгжүүлэх арга зүйг нэвтрүүлмээр байгаа. Багш нар хамтарч хөгжихөд анхаарах хэрэгтэй. Дандаа Дэмчигдорж гэдэг хүн “Бүх багшийн ёс эрдэм нь өөр боловч ёс нь ижил” гэж 1923 онд хэлсэн байгаа юм. Физик, монгол хэлний багш гэж ялгаатай боловч эрдэм сургадаг нь ижил. Өөрөөр хэлбэл юмыг ажиглуулаад, дараа нь эрэгцүүлүүлж хийлгэж үзүүлж, өөрийг нь ажиллуулж хөгжүүлдэг энэ арга зүй монгол хэл дээр ч, математикийн хичээл дээр ч байна. Тийм учраас эрдэм сургах нь бүх багшийн ёс байх учиртай.

-МУБИС-ийн хувьд эрдэмтэй багш бэлтгэх ажил ямар төвшинд явж байна вэ?

-Энэ чиглэлийн ажлууд хийгдэж байгаа. Өөрөө эрдэм сураагүй хүн бусдыг эрдэмд сургаж чадахгүй. Өнөөдөр дэлхийн чиг хандлагыг ажаад байхад боловсролын гурван том зорилт тавиад байгаа. Тогтвортой хөгжлийн төлөөх боловсрол гэдгийг 1972 оноос өнөөг хүртэл хэрэгжүүлэх гэж ярьсаар байгаа. Дэлхий даяаршсантай холбогдон дэлхийн иргэний боловсрол гэж ярих болсон. Гуравдугаарт Хорин нэгдүгээр зууны боловсрол гэж байна. Хүн эрдэмтэй л болчихвол энэ гурвын зорилго биелнэ. Эрдэм гэдэг арга Монголын уламжлалт соёлд байж байгаа учраас дэлхий нийтийн чиг хандлагатай нийлүүлээд явчих туршлага сургамж бидэнд бий. Ахмад үе маань эрдэмтэй хүн мөн. Уулын жалганд байгаа малчид бол өдөр болгон эрдэм сурч, өдөр бүрт өөрийгөө хөгжүүлж байдаг. Академич Пүрэвийн Хорлоо гуай “Нүүдэлч монголчууд мал маллаж ажиллаж амьдрах явцдаа өөрсдийн оюун ухаандаа амьдрахуй ухааныг бүтээсэн ард түмэн” гэж хэлсэн байдаг. Тэгэхээр тэр амьдрахуй ухаан гэдэг юмыг л эрдэм гээд байгаа юм. Амьдрах явцдаа өөрөө хөгжөөд амьдралаа аваад явчихдаг ухаан гэсэн үг. Бидэнд ийм уламжлал соёл байна. Энэ зун судалгаагаар явахдаа сур элдэж байгаа хүн дээр очоод “Энийг яаж элдвэл зөөлөн болох вэ” гэсэн чинь нэлээд хэдэн хором дуугай гаанс тамхиа сорж сууж байгаад “Ингээд үзэхгүй юу даа” гэж байгаа юм. Тэр хүнээс ямар ухаан гарч байна гэхээр “Заавал ингэдэг тэгдэг” гэсэн модон ухаан биш “Хийгээд үзэхгүй юу даа” гэсэн зөөлөн зөвлөмж өгч байна. Их олон боломжоос чи өөрөө сур гэсэн үг байгаа биз. Сур элдэхээсээ өмнө илүү олон долоон үг ярих хүн ч байж болно. Ийм л ялгаатай зүйл байгаа юм. Багш хүн бол хамгийн энерги сайтай хүмүүстэй ажилладаг, шавь нараасаа өдөр бүр сайхан эрч хүч авч байдаг сайхан мэргэжил дээ. Хүүхэд шуугиагүй үед уйтгартай ч санагдаж мэднэ шүү. Монголын ирээдүй Монголын багш нарын л гарт байгаа.

-Ирээдүйн Монголыг багш нар л яах аргагүй бүтээнэ дээ?

-Ирээдүйн эрдэмтэй монгол иргэд бэлтгэх явдал бол багш бидний эцсийн зорилго. Эрдэмтэй монгол хүн гэдэг бол алба ажлыг ёс журмын дагуу хашдаг байх учиртай. Ажлыг төлөвлөөд хэрэгжүүлээд, дараа нь төлөвлөөд энүүхэндээ эргэлдээд байдаг. Гэтэл энэ нь ёсын дагуу алба хаших юм. Өөрөөр хэлбэл ийм юмыг хийхэд тийм байх ёстой гэсэн зураглалыг нь гаргаад өгчихсөн. Яг тэрүүндээ эргэлдээд робот шиг болчихож байгаа юм. Хүнд ямар боломж байна гэхээр энэ хийсэн ажлаа ажиглаад, эрэгцүүлээд, хийсэн ажлаа сайжруулаад, тасралтгүй хөгжүүлдэг. Энэ бол журамлаж хаших юм. “Эрдэм гэдэг бол аливаа зүйлийн юм уу өөрөө болсон ёсыг журамлан дагахын нэр буюу эрдэм чанар бөлгөө” гэж Дандаа Дэмчигдоржийн нэг гоё үг байна. Журамлана гэдэг маань ажиглаад, эргэцүүлээд, сайжруулаад, аливаа сайн үйлийг нэг тойргоор эргүүлэхийн нэр юм. Манай багш нар маш их материалтай, их хөдөлмөрч мөртлөө өөрийнхөө хөдөлмөрийг бусдад түгээн дэлгэрүүлэх тал дээр ажиллаж өгдөггүй дутагдалтай. Хүнээс сурна гэж боддог юм уу, хаашаа юм. Эрдэмтэй багш байна гэдэг маань өдөр тутмын амьд лаборатори дотор ажиллаж, юмыг олж илрүүлж, бүтээж байгаа явдал юм. Багш нар ийм ажилсаг бүтээлч мөртлөө өөртөө итгэх итгэх маш сул болчихоод байдаг. Монгол хүний сэтгэлгээний нэг онцлог бол эргэцүүлэн бодоод эргүүлж хэрэглэдэг. Маш их өөрчлөмтгий, хувьсамтгай. Монголчуудыг дасан зохицох чадвар сайтай гээд байдаг чинь бидэнд эрдэм гээч юм байгаа байхгүй юу.

-Эрдэмтэй хүн ч ховор байх аа?

-Бүх хүнд эрдэм ижилхэн заяагдсан байдаг. Алтны эрдэм зэвэрдэггүйдээ байдаг шиг хүний эрдэм бүх хүнд тэгшхэн заяагдсан. Эрдэмгүй байна гэдэг чинь боломжоо ашиглаж чадахгүй байгаагийн илрэл. Хүнд асар их боломж байгаа. Өөрийнхөө боломжийг өөрөө нээгээд, өөрөө хөгжөөд, өөрөө амьдрахаас биш хүнд тушаачихаж болохгүй. Тэгш хөгжлийн боловсрол гэж миний яриад байдаг ийм учиртай. Хориннэгдүгээр зууны боловсролын хамгийн онцлог шинж юу вэ гэсэн асуултад дэлхий нийт юу гэж хариулж байна гэхээр хүн төвтэй, хүн өөрийнхөө боломжийг нээж хөгжүүлдэг зуун байна гэж байгаа. Тэрнээс тийм юм сураад тэгнэ ингэнэ гэсэн юм байхгүй. Дээд мэргэжилтэн бэлдээд байгаа ажлын байрны 2040-2050 онд дөч тавиад мэргэжил нь алга болно гэж байгаа. Тиймээс өөрөө тухайн цаг үедээ журамлаад, дагаад, аргаа олдог л хүн хэрэгтэй болно. Хүн төвтэй гэдэг нь энэ. Хориннэгдүгээр зуун бол мэдэрч танин мэддэггүй сэтгэж танин мэддэг зуун болох ёстой. Сэтгэнэ гэдэг маань өөрийнхөө эрдмээ өөрөө ажиглаад эргэцүүлээд явчихдаг зүйл.

-Багш нарт нэн түрүүнд чухал эрдэм юу байна, таныхаар?

-Манай багш нар юуны түрүүнд монгол хэлээ маш сайн судлах хэрэгтэй. Монголын сэтгэлгээний бүх онцлог монгол хэлэнд байгаа. Тэр дундаас бид их олон зүйлийг тунгаан гаргаж ирж болдог. Ер нь бид сургалтаар бичиг үсгийн боловсрол зааж байгаа. Математикийн, физикийн, монгол хэлний бичиг үсгийн боловсрол гээд дохио тэмдэг нь өөр боловч эцсийн үр дүн нь адил ухагдахуунуудыг заадаг. Эрдэм сургана, цагаан толгой сургана гэдэг энэ. Энэ дээр их анхаарах ёстой. Манай багш нар мэргэжлээрээ муудаад байгаа юм алга. Хамгийн гол нь сэтгэл, зүтгэл гаргаад ажлынхаа байран дээр хөгжөөд, өөрөө хүүхэдтэйгээ хамт хөгжөөд явчихад болно. Ардын уран зохиолч Шаравын Сүрэнжав гуайн “Багш” найраглалд гардаг багш нар бол одоогийнх шиг өндөр боловсролтой байгаагүй ч их сэтгэлтэй байж. Тэд багшлах явцдаа хөгждөг байсан. Бүх юмыг хүүхдүүдтэйгээ хамт сураад явчихдаг байсан учир их хөгжиж байсан. Тэр уламжлалыг бодож явахад бидэнд их боломж байна. Ирэх жилийн багш нарын баяр гэхэд манай нийт багш нар маань бага ч болтугай өөрийнхөө эрдмийг сайжруулчихсан, өөрийгөө таньчихсан, сурагчдадаа ухаан биш эрдэм сургахад тодорхой ахиц гаргачихна байх аа гэж бодож байна. Энэ л боловсролын шинэчлэлтийн том зүйл болно доо.

-Таны хариуцдаг Суурь судалгааны төв юу эрхэлж байна?

-Би Боловсролын суурь судалгааны төв гээд дөрвөн чиглэлтэй, зуу гаруй хүнтэй ажиллаж байна. МУБИС өөрийн гэсэн брэнд судалгааны чиглэлүүдээ хөгжүүлэх юм. Өөрөөр хэлбэл манай сургууль ийм л судалгааг бусдаасаа давуу хийдэг гэдгээ үзүүлэхийн тулд ажиллаж байна. Тогтвортой хөгжлийн боловсрол, үйл судлал, хичээл судлал, квант сэтгэл судлал, боловсрол судлалын гэсэн өөрийн өвөрмөц судалгааны арга зүйтэй секторуудтай. Манай Суурь судалгааны төвийн гол зорилго бол Монголын соёл, уламжлалд тулгуурласан судалгааны шинэ чиглэлүүдийг гаргаж хөгжүүлэн дэлхий нийтэд дэлгэрүүлэх энгийн бөгөөд хүнд зорилтыг дэвшүүлээд байгаа.

 

Эх сурвалж: http://www.dnn.mn/