МБУС-ийн оюутнууд “Цэцгийн баяр” үзэсгэлэн зохион байгууллаа


БСШУЯ-ны Дээд боловсролын шинэчлэлийн төсөл (L2766-MON:)-ийн хүрээнд оюутны санаачилгыг дэмжих өрсөлдөөнт тэтгэлэгт арга хэмжээний дагуу бичил төслүүд МУБИС дээр хэрэгжиж байгаа билээ. Энэ арга хэмжээний хүрээнд  МБУС-ийн Биологи-3 ангийн оюутан Д.Мөнхнасан ахлагчтай “Ногоон ирээдүй” багийнхнаас Биологийн тэнхимтэй хамтран өнөөдөр “Цэцгийн баяр-2017” үзэсгэлэнг амжилттай зохион байгуулав.

Тус үзэсгэлэнд оюутнууд өөрсдийн гараар тарьсан нэг ба олон наст 34 овгийн 60 төрөлд багтах 70 орчим зүйлийн ургамал, үрсэлгээг дэлгэн тавьсанаас гадна цэцгийг зарж борлуулан, ургуулах, арчлах зөвлөгөө, ач холбогдлын талаарх мэдээллийг сонирхсон хүмүүст өгч байлаа.

Ийнхүү оюутан залуус ургамлыг тарималжуулах аргуудыг турших, ажиглалт, судалгаа хийх чадварыг эзэмшсэний үр дүнд өөрсдийн бүтээлээ нийтэд сурталчилж байгаа нь  залууст мэргэжилдээ дур сонирхолтой болж, таримал ургамлын бүтээгдэхүүнийг зах зээлд тасралтгүй нийлүүлж орлого олох, баялагийг бүтээх, иргэдэд экологийн боловсролтой болох, эрүүл  орчин бүрдүүлэх эерэг үлгэр дууриалал үзүүлэх ач холбогдолтой болох харагдаж байлаа.

Ингээд Биологийн ангийн оюутнууд болон мэргэжлийн зөвлөх багш нарт баяр хүргэж амжилт хүсье.