МУБИС-ийн “БАГШ ХОТХОН”-ы нээлт боллоо


МУБИС-ийн Үйлдвэрчний эвлэлийн хороо МУБИС-ийнхаа багш, ажилтан, албан хаагчдын  нийгмийн асуудлыг шийдвэрлэхэд хувь нэмэрээ оруулах  зорилгын хүрээнд 44 айлын өвөл зуны зориулалттай зуслангийн БАГШ ХОТХОН төслийг санаачлан хэрэгжүүлж, амжилттай дуусган 2019 оны 6-р сарын 21 –ний өдөр нээлтийг хийж, суугчдад түлхүүр гардуулах ёслолын арга хэмжээг зохион байгууллаа.

Энэхүү хотхоныг барих анхны санаачилгыг МУБИС-ийн ҮЭ-ийн хорооны дарга С.Батцоож тэргүүлэгчдийнхээ хамт гаргасан байна. Тэд Монголын Боловсрол, Шинжлэх ухааны Үйлдвэрчний Эвлэлийн Холбооны "Их, дээд мэргэжлийн сургуулиудын Үйлдвэрчний Эвлэлийн Хороодын зөвлөл" байгуулагдсаны 10 жилийн ойг тохиолдуулан зарласан "Бүтээлч ажил өрнүүлэх аян"-ы хүрээнд тус хотхоноо бариад байна. Уг ҮЭ-ийн Хорооноос  ганцхан жилийн дотор цаасан дээр байсан төслийг ийнхүү бодит ажил хэрэг болгон ҮЭ-ийн гишүүдийнхээ нийгмийн асуудлыг нь шийдвэрлэжээ.

Нээлтийн үйл ажиллагаанд МҮЭ-ийн Холбооны дэд ерөнхийлөгч С.Эрдэнэбат, Монголын Боловсрол, Шинжлэх ухааны ҮЭ-ийн Холбооны дарга З.Цогтгэрэл, ҮЭХ-ны гадаад харилцааны мэргэжилтэн Г.Цэцэгмаа, МУБИС-ийн ҮЭХ-ны дарга, МУБИС-ийн ДУТС-ийн багш С.Батцоож болон Төрийн өмчит их сургууль болох ШУТИС-ийн ҮЭХ-ны дарга С.Дэлгэрмаа, АШУҮИС-ийн ҮЭХ-ны дарга Ж.Баасанжаргал, СУИС-ийн ҮЭХ-ны дарга С.Загд-Очир, БПТК-ийн ҮЭХ-ны дарга Н.Оюунбямба болон тус хотхонд хамрагдсан багш, ажилтан, албан хаагчид оролцсон.

Тус төслийг П.Отгонбаяр захиралтай “Ньюгранд технологи” ХХК-ны хамт олон нэг жилийн хугацаанд амжилттай гүйцэтгэн ийнхүү ашиглалтанд оруулж байна.

“Багш”  хотхоны дэд бүтцийг бүрэн шийдсэн бөгөөд өндөр хүчдэлийн шугамд холбогдсон цахилгааны дэд станцтай, гүний цэвэр усаар хангагддаг цэвэр усны системтэй, 4 айлын дунд бохирын шингээдэг эко банктай хийгдсэнээр онцлог бөгөөд өвөл ашиглагдах боломжтой, бага зардлаар, зай талбайг зөв ашиглан орчин үеийн загварлаг шийдэлтэй, цэвэр болон бохирын инженерийн шугамтай хийгдсэн барилга болсон юм. Хотхонд сагсан бөмбөг, элсний волейбол, хүүхдийн тоглоомын талбай, авто машины зогсоол зэргийг төлөвлөж нэгдсэн хашаа, харуул хамгаалалттай хийгдсэн зэрэг давуу талууд олонтой баригджээ. 

2018 оны 6-р сарын 6 өдөр шаваа тавьсан тус хотхон 2019 оны 6 сарын 21 өдөр ийнхүү нээлтээ хийж МУБИС-ийн МҮЭ-ийн гишүүн 44 айл түлхүүр, талархалын бичгээ гардан авлаа.

Баяр хүргэж үг хэлсэн зочид: “... Монгол улсын том үйлдвэр, корпораци болон компаниуд л ажилчдынхаа нийгмийн асуудлыг шийдвэрлэж зуслангийн хотхон, эсвэл амьдрах хороолол барьж байсан бол төрийн болон хувийн өмчит их, дээд сургуулиудаас ийм хотхон хийж байсан тохиолдол байхгүй бөгөөд энэ  нь анхдагч ажил болж чадсаныг дурьдаад цаашид энэхүү жишиг хотхоныг бусад их, дээд сургуулиуд болон аймаг, нийслэл, сум дүүргийн сургуулийн багш нарын нийгмийн асуудлыг шийдвэрлэхэд үлгэр дуурайлал болгон ашиглах бүрэн боломжтой юм...” хэмээн тэмдэглэн хэлсэн юм. 

Нээлтийн үйл ажиллагааны үеэр  ирсэн хүүхэд бүрт гарын бэлэг өгч, шинээр орж байгаа 44 айлын дунд 6 азтанг тодруулж шинэ байранд хэрэгтэй гэр ахуйн жижиг барааг гардуулан өгсөн бөгөөд азтанаар С5-Б.Тунгалаг /НХУС/, D7-З.Баярчимэг НХУС/, С7-Б.Дэлгэрмаа /НХУС/, С3-С.Амартүвшин /НХУС/, C4-Б.Батсолонго /ЗАА/, D6-Ж.Наранмандах /НХУС/ нар тус тус тодров. Нээлтэд оролцсон зочид хотхоны нийт захиалагчдад амжилт хүсэн тус хотхоны төлөвлөлт, барилгын хийц, загвар болон нэгдсэн үйл ажиллаатай танилцлаа.

МУБИС-ийн ҮЭ-ийн  байгууллагын үйл ажиллагаа сүүлийн үед нилээд эрчимжиж хөдөлмөрчдийнхөө эрх ашгийг хамгаалах, хөдөлмөрийн цалин хөлсийг нэмэгдүүлэхийн төлөө тууштай тэмцэх, тэднийхээ нийгмийн баталгааг хангахын төлөө ажиллаж байгаагийн нэг тод жишээ нь МУБИС-ийн ҮЭ-ийн хорооноос хийсэн энэхүү “Багш хотхон” юм. Бүтээлч санаачлагатай, үлгэр жишээ үйлс бүтээсэн МУБИС-ийн ҮЭХ-ны тэргүүлэгчид болон нийт гишүүд, хотхоноос түлхүүрээ гардан авсан бүх багш нар, ажилтан, албан хаагчдадаа баяр хүргэж, талархал дэвшүүлэн сайн сайхныг хүсье.