Монголын сэтгэл зүйч эрдэмтдийн онол практикийн хурал болов


 “СЭТГЭЛ СУДЛАЛЫН ОРЧИН ҮЕИЙН АСУУДЛУУД”  сэдэвт Монголын сэтгэл зүйч эрдэмтэд, судлаачдын онол практикийн эрдэм шинжилгээний хурал  2018 оны 12-р сарын 1-ний өдөр МУБИС-ийн А-312 танхимд амжилттай болж өндөрлөв. Тус хурлыг 2 жилд нэг удаа МУБИС-ийн Боловсрол судлалын сургууль, Сэтгэл судлал, арга зүйн тэнхим зохион байгуулдаг билээ. Энэ удаагийн хуралд тус салбарын олон нэртэй эрдэмтэн судлаачид оролцон өнгөрсөн хоёр жилийн хугацаанд хийсэн онолын болоод импирик судалгаанууд ба тэдгээрийн үр дүн, орчин үеийн сэтгэл судлалын шинжлэх ухааны онол, чиг хандлага, сэтгэл зүйн зөвлөх үйлчилгээ, түүнд тулгарч буй тулгамдсан асуудлууд зэрэг өргөн сэдвээр илтгэл, судалгаагаа хэлэлцүүлж, мэдлэг туршлагаасаа хуваалцав. Хурлыг Боловсрол Судлалын Сургуулийн захирал дэд проф. Г.Цогзолмаа, Сэтгэл судлал, арга зүйн тэнхимийн эрхлэгч проф. Б.Туяа нар нээж үг хэлэв. Үндсэн хуралдаанд профессор О.Мягмар “Хувь хүний тухай онолд харьцуулсан шинжилгээ хийх арга зам”, академич Б.Жадамбаа “Квант сэтгэл судлалын нэгэн томьёолол”, профессор Б.Туяа, магистр А.Тэгшжаргал нар “Сэтгэл судлалын салбарт хийгдсэн судалгааны ажлын тойм: 2000-2018” сэдвээр тус тус илтгэлээ хэлэлцүүллээ. Хуралд МУБИС, МУИС, Дархан дээд сургууль, МУИС-ийн Эрдэнэт сургууль болон Сэтгэл зүйн үйлчилгээ эрхэлдэг байгууллагуудын эрдэмтэн, судлаачид мөн илтгэл тавив. Хурлын үеэр Сэтгэл зүйн үйлчилгээ эрхэлдэг байгууллагуудын танилцуулга болсон нь онцлог байлаа. Ингээд энэ салбарт өөрийн эрдэм чадал, оюун ухаанаа зориулан яваа бүх эрдэмтэн судлаач нартаа талархал дэвшүүлж, ажлын өндөр амжилт хүсье.