Нэрт дипломатч Такуо Кидокоро сан лекц уншив


Эрдэм шинжилгээ, инновацийн албанаас зохион байгуулж байгаа “МУБИС-ИЙН ИНДЭР-2018” цуврал лекцийн энэ удаагийн хүндэт зочноор Япон Улсын Нагоя их сургуулийн профессор, МУБИС болон МУИС, ШУТИС-ийн “Хүндэт профессор” , Япон улсаас Монгол улсад суух Элчин сайд асан ТАКУО КИДОКОРО уригдан “Монгол-Японы харилцаа, хамтын ажиллагаа” сэдвээр лекц уншин, уулзалт ярилцлага хийлээ. Тэрээр 1969 онд Токио хотын Гадаад хэлний дээд сургуулийн Гадаад хэлний факультетийн Монгол хэл судлалын анги дүүргэсэн бөгөөд 1973 онд анх удаа Монголд ирж байжээ. Анх 1972 онд Япон улс Монгол улстай дипломат харилцаа тогтоож улмаар 1973 онд Япон улс Монголд, Монгол улс Японд Элчин сайдын яамаа тус тус нээсэн байдаг. Тэр үед ноён Такуо Кидокоро Монгол улс дахь Японы Элчин сайдын яамыг байгуулахад шаардлагатай боловсон хүчнүүдийн нэг болон томилогдон ийнхүү ирж байжээ. Тухайн үед 2 улсын гадаад харилцааг хөгжүүлэхэд амаргүй байсан гэдэг 2 ялгаатай системтэй гүрнүүдийн хувьд. Анхны яриа хэлэлцээр нь 10 сар гаруй яриа хэлэлцээр хийсний эцэст 2 улсын “Соёлын арга хэмжээ”-ний гэрээнд гарын үсэг зуралцан улмаар соёл урлаг, хэвлэл мэдээлэл харилцаа өргөжин хөгжих суурь тавигдсан байна. Тэрээр лекцийнхээ зэрэгцээ олон дурсамж түүхээсээ хуваалцан сонирхолтой яриа өрнүүлсэн юм. Тухайлбал, анх ирж байхад нийслэл хот Улаанбаатарт 2 газар л гэрлэн дохио байдаг байсан ба ганц зочид буудал байсан нь Улаанбаатар зочид буудал байжээ, тухайн үед элчингийн ажилтнууд 40 км ээс илүү хол явах ёсгүй хатуу дэгтэй тул тэрээр бараг гадагшаа гардаггүй байсан байна. Гэвч тухайн үеийн УБ илүү аюулгүй амгалан хот байсан тухай, түүнчлэн Япон улс руу жилд 1-2 хүнийг сургахаар илгээж байсан бол өнөөдөр жилд дундажаар 2500 орчим залуус Япон улсыг зорьж байна ... хэмээн хуучиллаа. Тэрээр Монголчуудад гүн талархаж явдагаа энэ үеэр удаа дараа илэрхийлсэн юм. Япон улс 90 ээд оноос хойш хэд хэдэн удаа байгалийн гамшиг тохиоход Монголчууд хамгийн түрүүнд эд материал болон баг хамт олны жинтэй бодит тусламж байнга үзүүлж ирсэнд Японы ард түмэн үргэлж талархаж явдагийг мэхийн ёслон илэрхийлэв. Харин Такуо Кидокоро сан өөрийн манай улсад санаачлан хийж бүтээсэн зүйлээ ихэд даруухан илэрхийлж байлаа. Монголчууд бид харин түүнд маш их баярлаж явах ёстойг түүний зарим үйлсээс харагдаж байв. 1990 ээд оны ардчилсан хувьсгалын бүх шатны гүн хямралын үед түүний санаачлагаар Япон улсаас олон төрлийн тусламжууд ирж байжээ. Тухайлбал, доголдоод байсан III, IY цахилгаан станцуудыг засаж сайжруулах, Хоол хүнсний гачигдалд будаа,гурил, элсэн чихрийн тусламж үзүүлэх, Нийслэл хот автобус унааны хомсдолд орж эхлэхэд Японы улсын буцалтгүй тусламжаар 100 ширхэг NISSAN маркийн /цэнхэр/ автобусыг бэлэглэн нийслэлчүүд бидэнд том бэлэг барьсан байна. Мөн ЕБС-ийн хичээлийн байрны хомсдолд орж 3 ээлжийн хичээл орж эхлэх болсонд санаа зовнин тухайн үед /2000 оноос өмнө/ 55 ЕБС-ийн хичээлийн байрыг барьж өгсөн байх юм. Тэрээр энэ байдал өнөөдөр бас давтагдаж эхэлсэнд санаа зовнин буйгаа илэрхийлэн энэ талаар санаа тавихаа илэрхийлсэн юм. .... гэх мэтчилэн маш олон сайн сайхан үйлсийг Монголчуудын төлөө санаачлан одоо ч хийсээр байгааг сонсон суухад бахархахгүй байх аргагүй байлаа. Хамгийн сүүлийн жишээ гэхэд манай улсад дэд бүтэц хөгжихгүй байгаа шалтгааныг судлан тогтоож ЕБС-ийн Байгалийн ухааны хичээлийн чанарыг дээшлүүлэхээр Японы Боловсролын Яамны буцалтгүй тусламжаар “БАЙГАЛИЙН УХААНЫ МОНОЦҮКҮРИ” төслийг хэрэгжүүлж эхлүүлэн МУБИС дээр Физикийн хичээлийн лабаратори, туршилтын багаж бүтээж эхэлснийг та бүхэн мэдэх билээ. Ингээд “All life line net “ТББ-ын Ерөнхийлөгч, Нагоя Их сургуулийн профессор, нэрт дипломатч Такуо Кидокоро сан танд гүн талархал илэрхийлж, сайн сайхныг хүсье. Лекцэнд МУБИС-ийн БССТ-ийн эрхлэгч МУГБ, академич Б.Жадамбаа, “Моноцүкүри” төвийн эрхлэгч профессор Р.Базарсүрэн, МБУС-ийн захирал дэд профессор О.Алтангоо болон МБУС, Багшийн сургуулийн багш нар, оюутнууд лекцэнд хүрэлцэн ирж, талархал илэрхийлж, сонирхсон асуултандаа хариулт авч, санал бодлоо солилцсон юм. 

 Т.Дуламрагчаа