Докторын дипломоо гардан авлаа


МУБИС-ийн Докторантурын сургалтыг дүүргэн эрдмийн зэргээ амжилттай хамгаалсан докторуудын дипломыг гардуулах арга хэмжээ 12-р сарын 26 нд боллоо. МБУС-ийн Биологийн тэнхимийн доктор Ж.Ариунболдод Биологийн ухааны докторын, НХУС-ийн Сэтгүүлзүйн тэнхимийн доктор Т.Батзоригт Сэтгүүл зүйн ухааны докторын дипломыг МУБИС-ийн захирлын үүрэг гүйцэтгэгч доктор Д.Мандах гардуулан өгч баяр хүргэв. МБУС-ийн Биологийн тэнхимийн эрхлэгч Ж.Ариунболд “Монгол орны гар далавчтаны (Chiroptera Blumenbach, 1779) зүйлийн бүрдэл, тархац, биологийн зарим асуудал” сэдвээр Биологийн ухааны, НХУС-ийн Сэтгүүлзүйн тэнхимийн доктор Т.Батзориг “Монголын хэвлэл мэдээллийн хараат бус байдлын судалгаа” сэдвээр Сэтгүүл зүйн ухааны докторын зэрэг горилох бүтээл тус тус бичин амжилттай эрдмийн зэрэг хамгаалж докторын дипломоо ийнхүү гардан авав. Докторын диплом гардуулах үед НХУС-ийн захирал доктор, профессор Ж.Батбаатар, Сэтгүүл зүйн тэнхимийн эрхлэгч доктор, дэд проф. С.Амартүвшин, Хөтөлбөрийн албаны мэргэжилтэн Б.Нармандах нар зочдын хамт байлцав. Ингээд эрдэмтэн болсон эхүндэт төгсөгчид доктор Ж.Ариунболд, доктор Т.Батзориг нартаа баяр хүргэж, цаашдынх нь эрдэм судлалын ажилд нь улам их амжилт хүсье.

Т.Дуламрагчаа