"ГАДААД ХЭЛ ЗААХ АРГАЗҮЙН АСУУДАЛ" сэтгүүлийн 15 жилийн ойд зориулсан ОУЭШХ боллоо


"ГАДААД ХЭЛ ЗААХ АРГАЗҮЙН АСУУДАЛ" сэтгүүлийн   15 жилийн ой энэ жил тохиож байгаа бөгөөд  ойд зориулсан "Гадаад хэлний сургалтын орчин үеийн чиг хандлага: онол, хэрэглээ" сэдэвт Олон улсын Эрдэм шинжилгээний хурал 2017 оны 4-р сарын 18-ны өдөр МУБИС-ийн А-300 тоот Эрдмийн танхимд өргөн дэлгэр  болов.  15 жилийн ойд зориулсан баярын энэхүү  хуралд  дотоод, гадаадын олон зочид,  төлөөлөгчид хүрэлцэн ирж оролцон баяр хүргэн,  илтгэлээ хэлэлцүүллээ.

Хурлыг нээж   "ГАДААД ХЭЛ ЗААХ АРГАЗҮЙН АСУУДАЛ"  сэтгүүлийг үүсгэн байгуулагч МУБИС-ийн Боловсрол судлалын төвийн  зөвлөх профессор, Боловсрол судлалын шинжлэх ухааны доктор (Sc.D), профессор Д.Нямжав үг хэлэн  баярын мэндчилгээ дэвшүүлж, ойд зориулсан товч илтгэл тавив.  

Нээлтийн арга хэмжээнд МУБИС-ийн захирал проф. Д.Мөнхжаргал үг хэлж, сэтгүүлийн хамт олонд талархал дэвшүүллээ.  Тус  арга хэмжээний хүндэт  зочноор МУГБ, Хэл шинжлэлийн ухааны доктор (Sc.D), профессор Э.Равдан,  ШУГА, Хэл шинжлэлийн ухааны доктор (Sc.D), академич Д.Төмөртогоо, ОХУ-ын Элчин сайдын зөвлөх, РЦНК-ийн захирал Е.Г.Михайлов /ОХУ/, Онц бүрэн эрхт  элчин сайд, Японы Нагоя ИС-ийн профессор Такүо Кидокоро /Япон/, Dalian хотын Политехникийн ИС-ийн профессор Wang Zhiyong /БНХАУ/, АНУ-ын Элчин сайдын яамны мэргэжилтэн профессор Thomas Koch  нарын эрдэмтэн судлаачид оролцон баярын мэндчилгээ дэвшүүлж, илтгэлээ хэлэлцүүлсэн юм.

Мөн МУБИС-ийн ЭШХАЭ эрхэлсэн дэд захирал проф. Л.Цэрэнсодном, ЭША-ны дарга доктор Я.Шийлэгмаа, Боловсрол судлалын төвийн дарга доктор Д.Наранчимэг, "ГАДААД ХЭЛ ЗААХ АРГАЗҮЙН АСУУДАЛ" сэтгүүлийн  эрхлэгч доктор Н.Бадрал нар болон бусад их, дээд сургуулийн эрдэмтэн судлаачид, сэтгүүлийн уншигчид зочноор оролцон мэндчилгээ дэвшүүлэн илтгэлүүдээ тавьсан юм.

Ингээд сэтгүүлийн 15 жилийн ойг тохиолдуулан сэтгүүлийн  редакцийн хамт олонд боловсролын салбарын мянга мянган уншигчид, шавь нарынх нь өмнөөс баярын мэнд  хүргэж, ажлын өндөр амжилт, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.