МУБИС-ийн Номын сан “Онцлох Инноваци нэвтрүүлсэн байгууллага” -аар шалгарав


Монголын Номын Сангуудын Консорциумаас жил бүр тухайн жилд номын сангийн салбарт амжилт гаргасан “ОНЫ ОНЦЛОХ 10” ажил үйлчилгээ, байгууллага, хамт олон, номын санчдыг нэр дэвшүүлэн шалгаруулж, урамшуулдаг уламжлалтай. МУБИС-ийн номын сангийн хамт олон 2018 оны “Онцлох Инноваци” нэвтрүүлсэн байгууллагаар шалгарч “ОНЦЛОХ” цом, Манжуур хотод аялах эрх, Монголын Үндэсний Номын Сангийн нэрэмжит шагналаар шагнагдлаа. Онцлох инновациар шалгарсан манай Номын сангийн хамт олон энэ онд МУБИС-ийн номын санд Олон улсын стандарт бүхий КОХА программ хангамжийг нэвтрүүлж, Номын тооллогын ажлыг тусгай төхөөрөмж шаардахгүйгээр гар утсаараа номын бар код уншуулж тоолох модулийг нээсэн ба 30 таблет бүхий цахим уншлагын үйлчилгээг нэвтрүүлсэн амжилт юм.
Номын санчдын жил бүр хүсэн хүлээдэг Номын санчдын нэгдсэн шинэ жилийн баярын гол арга хэмжээ болох “ОНЫ ОНЦЛОХ 10” номинациа шалгаруулж тодруулан, урамшуулах байдаг байна. Энэ үеэр Номын сангийн дарга Ж. Баатарсүрэн “Соёлын тэргүүний ажилтан” цол тэмдэгээр, Мэдээллийн ажилтан Б.Насанжаргал, Т. Одгэрэл нар МЗХ-ны “Тэргүүний залуу" алтан медалиар тус тус шагнагдаж 2019 оноо манай хамт олон амжилт бүтээл арвин угтаж байгаад МУБИС-ийн нийт хамт олон баяр хүргэж, ажлын улам их амжилтыг хүсэн ерөөе.
Монгол улсад Номын сангийн тухай анхны хууль 2014 оны 12 дугаар сарын 19-ний өдөр батлагдсаныг тохиолдуулан шилдэгүүдээ тодруулдаг бусад 9 онцлох номинацид шалгарсан байгууллагуудыг дурдвал:
"ОНЫ ОНЦЛОХ НОМЫН САН"-гаар Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын номын сан шалгарч “ОНЦЛОХ” цом, Манжуур хотод аялах эрх, БСШУСЯ-ны нэрэмжит шагнал 3,000,000 төгрөгөөр;
“ОНЦЛОХ СОНА”-аар Хэнтий аймгийн төв номын сангаас санаачлан хэрэгжүүлсэн “Ном уншицгаая” аян шалгарч “ОНЦЛОХ” цом, Манжуур хотод аялах эрх, Монголын Үндэсний Номын Сангийн нэрэмжит шагналаар;
“ОНЦЛОХ НОМЫН САНЧ”-аар Улаанбаатар хотын төв номын сангийн Хөтөлбөрийн танхимын номын санч Б.Шүрэнбагана шалгарч “ОНЦЛОХ” цом, Манжуур хотод аялах эрх, Монголын Үндэсний Номын Сангийн нэрэмжит шагналаар;
“ОНЦЛОХ НОМ, НОМЗҮЙ”-ээр Т.Хайдавын "Номын сангийн тухай үндсэн ойлголт" ном шалгарч “ОНЦЛОХ” цом, Манжуур хотод аялах эрх, Улаанбаатар хотын төв номын сангийн нэрэмжит шагналаар;
“ХҮҮХДЭД ЧИГЛЭСЭН ОНЦЛОХ ҮЙЛЧИЛГЭЭ”-ээр Төв аймгийн нийтийн номын сан шалгарч “ОНЦЛОХ” цом, Манжуур хотод аялах эрх, Хүүхдийн төв номын сангийн нэрэмжит шагналаар;
“ОНЦЛОХ FUNDRAISING”-аар Сүхбаатар аймгийн нийтийн номын сангийн “Он цагийн хүрд” аялан тоглолт шалгарч “ОНЦЛОХ” цом, Манжуур хотод аялах эрх, Интерном дэлгүүрийн нэрэмжит шагнал;
“ОНЦЛОХ БҮТЭЭН БАЙГУУЛАЛТ”-аар Мандах Их Сургуулийн номын сан шалгарч, Манжуур хотод аялах эрх, Номадик ХХК-ын нэрэмжит шагналаар;
“ОНЦЛОХ САНААЧИЛГА”-аар Хүүхдийн төв номын сангийн “ОЮУНЫ ОНЬС” ажил шалгарч, Манжуур хотод аялах эрх, Монголын Номын Сангуудын Консорциумын нэрэмжит шагналаар;
“ОНЦЛОХ ЗӨВЛӨН ТУСЛАХ АЖИЛ”-аар Булган аймгийн номын сан шалгарч, Манжуур хотод аялах эрх, МонКоха програм ашиглах эрхээр тус тус шагнуулав.  Ингээд нийт номын санчиддаа талархал илэрхийлж, шинэ жилийн баярын мэнд хүргэе. 

Т.Дуламрагчаа